Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЖПЭ” ХХК  /РД:5421624/

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ц.Д, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЖПЭ” ХХК  Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших МВ-021035, МВ-021036 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу хууль ёсоор эзэмшиж байсан билээ.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 тоот шийдвэрээр манай компанийн ашигт малтмал ашиглалтын МВ-021035, МВ-021036 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, уурхай болон уурхайн эд хөрөнгийг Дотоодын цэргийн хамгаалалтанд авсан.

Тус уурхайд дэд станц, баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмж, шатахуун түгээх станц, барилга байгууламж, авто тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн сэлбэг, шатах тослох материал, компьютер дагалдах хэрэгслүүд, тавилга эд хогшил зэрэг 20 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх “ЖПЭ” ХХК-ийн эд хөрөнгүүд байсан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаярын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №08257 тоот захирамжийн дагуу “Мастер үнэлгээ” ХХК-г шинжээчээр томилж, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №2018/004 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлангаар” 19,997,536,702 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байсан нь тогтоогддог.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 914 тоот шийдвэрээр зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан бөгөөд уг шийдвэрт уурхайн эд хөрөнгийг улсад авах, аймагт өгөх, хураан авах зэрэг ямар ч шийдвэр гараагүй.

Гэвч дээрх 914 тоот шийдвэртэй зэрэгцэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Б “Эд хөрөнгө тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалалтанд авах ажлын хэсэг байгуулах тухай” А/591 дугаар захирамж гаргасан байна.

Энэхүү захирамжаар тус аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын уурхайн эд хөрөнгийг битүүмжлэх, хамгаалалтанд хүлээж авах ажлын хэсгийг нэр бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлыг шуурхай зохион байгуулах чиглэмжийг өгсөн.

Салхитын уурхайд байгаа “ЖПЭ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг улсад хураан авах, нийгэмчлэх, хамгаалалтанд авах зэрэг асуудлаар төрийн аль ч байгууллагаас ямар нэг шийдвэр гараагүй байхад Дундговь аймгийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн шийдвэрийг гаргаж, хувийн өмчийн компанийн өмчлөлийн эд хөрөнгийг аймаг өөрийн нэр дээр хураан авч, дотоодын цэргийн хамгаалалтанд өгөх тухай илт хууль бус захирамж гаргасан байна.

Илт хууль бус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тодорхойлогдсон байдаг ба тус зүйлийн дараах хэсгүүдийг зөрчсөн байна. Үүнд:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт ул хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус акт байна. Дундговь аймгийн Засаг даргын эрх хэмжээ, чиг үүрэг нь “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулиар зохицуулагдана. Тус хуулийн 29, 30 дүгээр зүйлүүдэд аймгийн засаг даргын бүрэн эрхийг тусгасан байх ба тэдгээрт хувийн компанийн эд хөрөнгийг хураах, хувийн өмчид халдах шийдвэр, захирамж гаргах эрх хэмжээ олгогдоогүй байна.
  2. Мөн хуулийн 47.1.5 дахь хэсэгт “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” бол илт хууль бус акт байна. Монгол Улсын Үндсэн хуулиар өмчийн халдашгүй байдлыг баталгаажуулж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг. Гэтэл хувийн компанийн өөрийн хөрөнгөөр олж авсан эд хөрөнгийг өөрийн орон нутагтаа хураан авахаар Засаг даргын эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль бус захирамж гаргаж, тус захирамжийг биелүүлэхийг ажлын албаны нэр бүхий гишүүдэд даалгаж байгаа явдал нь хууль бус байна.
  3. Мөн хуулийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус акт байна. Засаг даргын гаргасан захирамж нь “ЖПЭ” ХХК-ийн субъектив эрх болох өмчлөх эрхийг зөрчиж байна. Манай компанийн эд хөрөнгийг хураах, аймаг өөрийн эрхшээлдээ авах нөхцөл бүрдсэн талаар хуульд заасан тодорхой үндэслэл байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь компанийн эд хөрөнгийг хураан авч болно гэсэн үг биш юм.

Дээрх хэд хэдэн үндэслэлээр Дундговь аймгийн Засаг дарга О.Бийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамж нь “ЖПЭ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан илт хууль бус акт болох нь тогтоогдох юм.

Бид компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 27-ний өдрийн 914 тоот шийдвэр, түүнд нэмэлт оруулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд мөн хандсан байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байх боловч “ЖПЭ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар олж авсан мэтээр хураан авахаар оролдож, дур зоргоороо авирлан бидний хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.4 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасны дагуу ийнхүү нэхэмжпэл гаргаж байна.

Иймд Дундговь аймгийн Засаг дарга О.Б 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлүүдэд Засаг даргын нийтлэг болон бүрэн эрхийг заасан байдаг. Энэхүү эрхүүдэд иргэн, хуулийн этгээдийн хувийн өмчийг хураан авах, орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, эд хөрөнгөнд халдах хуулийн зохицуулалт тусгагдаагүй...” гэв.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын шийдвэрээр тус Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “ЖПЭ” ХХК-ны ашигт малтмал ашиглалтын МВ-021035, МВ-021036 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцалсантай холбоотойгоор уг тайлбайд байрлах уурхайн үйл ажиллагааг зогсоох, эд хөрөнгийг битүүмжилж, хамгаалалтад авах талаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар(ЗГХЭГ)-ын дарга 2018 оны 12 дугаар сард тус аймагт ажиллах үеэрээ үүрэг өгсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл (29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх)-ийн 29.1.6-ийн “а/хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажпыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах”, 29.1.6 “л/нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах” бүрэн эрхийн хүрээнд ЗГХЭГ-ын даргын өгсөн үүрэг, чиглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 дугаар захирамжийг баталсан юм.

Хууль тогтоомжийг зөрчин ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа явуулсаар байсан “ЖПЭ” ХХК нь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч үргэлжпүүлэн үйл ажиллагаа явуулж болох тул аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 дугаар захирамжаар уурхайн олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох хяналтыг тогтмолжуулахаар уурхай дээрх техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг тус уурхайд ашиглах, ажиллуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүртгэх, баримтжуулах, хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, гүйцэтгүүлсэн юм.

Аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн А/591 дугаар захирамж нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд уг захирамжаар аль нэг иргэн, хуулийн этгээд, хувийн компаний эд хөрөнгийг улсын болон орон нутгийн өмчлөлд авах, шилжүүлэх, хураах үйл ажиллагаа хийгдээгүй болно.

Уг асуудлаар буюу нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19-2/84 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай гомдол ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/729 дугаар албан бичгээр Засаг даргын А/591 дугаар захирамж аль нэг иргэн, хуулийн этгээд, хувийн компаний эд хөрөнгийг улсын болон орон нутгийн өмчлөлд авах, шилжүүлэх, хураах ажиллагаа явуулаагүй болохыг тайлбарлаж байсан...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд энэ ажлыг зохион байгуулах албан тушаалтнуудыг томилж, ажлын хэсэг байгуулж, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах шийдвэр гаргаж ажиллуулсан. Энэ захирамжид орон нутгийн хөрөнгөнд бүртгэж авах тухай үүрэг чиглэл болгосон заалт байхгүй. Зөвхөн хууль зөрчиж ашиглаж байгаа техник хэрэгслийг зогсоох, цаашид уурхайг ажиллахаас сэргийлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Одоо бүртгэлжүүлсэн эд хөрөнгийг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д  актаар[1]  хүлээлгэн өгсөн...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Тухайн үед ажлын хэсэгт ороод уурхайд байгаа хөрөнгийг хэн нэгэн албан байгууллага, хэн нэгэн хуулийн этгээдэд хүлээлцүүлж, хүлээлгэж өгөөд ямар нэгэн байдлаар тэдний данс тооцоог бүртгэх биш зөвхөн тэнд байгаа компанийн хөрөнгийг Дотоодын цэргийн хамгаалалтад хамгаалуулахын тулд тоолоод бүртгээд хүлээлгэж өгөх гэсэн зорилгоор явсан. Бид нарыг очиход тусгай ажиллагаа явагдаад үл хөдлөх хөрөнгө болон баяжуулалтын үйлдвэрлэл явуулдаг суурилагдсан тоног төхөөрөмжтэй хэсгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай хүмүүс ирээд лацадсан байсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах “Зүүн” болон “Салхит” нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын MV-021035[2], MV-021036[3] тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байжээ.

Нийтэд илэрхий болсон зарим баримтаар[4] Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит”-ын мөнгөний орд бүхий уурхайг тойрсон асуудлуудтай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 914 дүгээр  тушаалаар дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж[5], Монгол Улсын Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.З, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан[6].

Улмаар энэхүү тусгай ажиллагаагаар Монгол Улсын Засгийн Хэрэг эрхлэх газрын даргаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэхээр Дундговь аймгийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн  “а”; “л”,  мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит”-ын уурхайн эд хөрөнгө тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалтанд  авах ажлын хэсэг байгуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамжийг гаргажээ[7].

Нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК–иас маргаан бүхий актад заасан ажиллагааг гүйцэтгэсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн үйл явцад байлцсан[8] энэ талаар маргаагүй боловч хожим[9] уг актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргаж[10], үндэслэлээ “...Дундговь аймгийн Засаг даргад хуулийн этгээдийн хувийн өмчийг хураан авах, орон нутгийн өмчлөлд шилжүүлэх, эд хөрөнгөнд халдах...” эрх байхгүй, өөрт огт хамааралгүй асуудлаар захирамж гаргасан.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “...утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5 “...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-т “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул илт хууль бус гэж, тодорхойлон маргасан.   

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг маргаан үүсгэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу “актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хоёр: Хууль зүйн үндэслэлийн талаар:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ”, Жаран нэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга ...засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар,...өмнө хариуцна гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 3-т “...,Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, ..., Засаг даргад шилжүүлж болно гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1-д “... Засаг дарга захирамж гаргана. 2-т “...,Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.3.-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулсан[11] бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж аймгийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг нэрлэн заажээ.

Тодруулбал, аймгийн Засаг дарга  өөрийн харьяалах нутаг дэвсгэртээ “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6  а/хууль тогтоомж, Засгийн газар, ...шийдвэрийг ..., биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;

 к/Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргад,...хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 л/нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах”, харин 30 дугаар зүйлийн 30.1.6-д “нутаг дэвсгэртээ..., нийгмийн хэв журам хамгаалах ажлыг удирдах,...,улсын аюулгүй байдлыг хангах болон хууль хяналтын бусад байгууллагатай харилцан ажиллах; бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр байна.

Үндэслэл хэсгийн нэг дэх хэсэг дурьдсан маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамж нь зөвхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Салхит”-ын уурхайн эд хөрөнгө тоолох, бүртгэлжүүлэх, хамгаалтанд авах ажлын хэсэг байгуулах үүрэг болгосон төдий, түүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдаж буй “...бусдын хувийн өмчид дураар халдан, хууль бусаар дайчлан хураах...” тухай утга агуулагдаагүй.

 Уг актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасан шинжийг агуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Учир нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь утга агуулгын илэрхий алдаатай буюу дүгнэлт хийх чадвартай ердийн хүн хараад тухайн актыг засагдах боломжгүй  ноцтой алдаатай, эсхүл захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгохоор байна.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас дээрх хуулиар олгосон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх бөгөөд уг захирамжид хуулийн этгээдээс “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” зүйлгүй ба “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарахгүй байна.

Товчхондоо энэхүү захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж гарсан илт ноцтой алдаанд тооцогдох акт биш байх тул нэхэмжлэгч “ЖПЭ” ХХК-ийн “Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн  а; л, к , 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1. 3, 47.1.5, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “ЖПЭ” ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/591 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.Б

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 218-226 хуудас

[2] Хавтас хэргийн 12-14 хуудас

[3] Хавтас хэргийн 15-17 хуудас

[4] https://zasag.mn/news/view/21513

[5] Хавтас хэргийн 179-180 хуудас

[6] Нотлох баримтаар хавсаргагдсан CD бичлэг

[7] Хавтас хэргийн 58  хуудас

[8] Хавтас хэргийн 71-79, 184-185 хуудас

[9] Хавтас хэргийн 60-61 хуудас

[10] Хавтас хэргийн 1-3 хуудас

[11] 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан.