Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү                        

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбат, Н.Гэтэлтуяа

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0290 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0664/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Дгаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл нарт холбогдуулан Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0290 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Дгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, дүгнэлт хуулийн дагуу хийж чадаагүй үндэслэл муутай шийдвэр гарсан. Иймээс шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг шүүх дахин хянах боломжгүй бөгөөд харин хэргийн оролцогч нар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргах боломжтой гэж дүгнэсэн. Миний нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийн дараа үүссэн үйл баримтад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх 0070 дугаар шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт яагаад гомдол гаргаагүй юм гэж биднийг буруутгадаг. Хариуцагчийн төлөөлөгч биднийг хуурсан юм. Шүүх хуралдаанд төлөөлөн оролцсон этгээд нь шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж молигодсон учраас итгээд гомдол гаргаагүй.

2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 290 дүгээр шийдвэрээр Б.Д намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл 2022 оны 0070 дугаар шийдвэрийн дараа үүссэн шинэ нөхцөл байдал, үйл баримтад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага маргаанаа шийдвэрлүүлж байгаа юм. Гэтэл шүүх өөр байдлаар тайлбарлаж асуудалд хандаж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж заасан үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлээгүй байна гэж буруу дүгнэсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 74 дүгээр тогтоолоор иргэн Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дугаартай “Санал буцаан хүргүүлэх тухай” албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34.8-д заасныг баримтлаагүй байна, нэр дэвшигч нар тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тусгагдаагүй гэх үндэслэлээр буцаасан, өөрөөр хэлбэл эдгээр нэр дэвшигч тус бүрийг шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй эсэхийг нягтлаагүй байна гэсэн.

Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Б.Дг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй авч хэлэлцээд нэхэмжлэгчийг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж 102 дугаар тогтоол гаргасан. Ийнхүү Б.Дг шүүгчээр томилуулахаар 2 удаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх харилцааг нарийвчилж зааж өгсөн. Гэтэл энэ хуульд заасан дэс дараалсан зохицуулалтаас зөвхөн нэг заалтыг тухайн иргэнд хамааруулж авч үзэж анхан шатны шүүх тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.

Тухайлбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу энэ тохиолдолд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Дг хуульд заасан нэр дэвшигч гэж үзэх боломжгүй, хэрэв нэр дэвшигч гэж үзвэл дээрх хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагатай болно.

Өргөн мэдүүлэх үндэслэл болсон өмнөх 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг биелсэн эсэх талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Хэрэв шүүхийн шийдвэр биелсэн гэж үзэж байгаа бол дахин өргөн мэдүүлэх үндэслэлгүй болно, биелээгүй гэж үзэж байгаа бол дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагчийн хувьд өмнөх 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг нэгэнт биелүүлсэн тул нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд иргэн Б.Дг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө” гэжээ.

4. Хариуцагч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нь Шүүх байгуулах тухай /2013 оны/ хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай” 41 дүгээр тогтоол, мөн өдрийн “Нийт шүүгчдийг шинэ байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тухай” 42 дугаар тогтоолыг тус тус Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилох явцад Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Д нарын нэр бүхий 12 шүүгч нар томилогдоогүй үлдсэн, улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Д болон нэр бүхий шүүгч нараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ... томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, нэхэмжлэгч нарыг шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Дг Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдож байна.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолоор “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг үндэслэн хавсралтад заасан нэр бүхий хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар шийдвэрлэж, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийн 4-т “Б.Дг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн” албан тушаалд томилуулах гэж заасан байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл уг тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Санал өргөн мэдүүлэх тухай” 01/371 дүгээр албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/04 тоот албан бичгээр “Шүүхийн ерөнхий зөвлөл дараах асуудлуудыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу нягталж, хуульд нийцүүлэх шаардлага байна ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна ... иймд танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг  ... буцааж байгааг үүргээр мэдэгдэж байна” гэж буцаасан байна.

Улмаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 99 дүгээр тогтоолыг баталж, нэхэмжлэгч Б.Дг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Санал өргөн мэдүүлэх тухай” 01/546 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/05 дугаар албан бичгээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Б.Д ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр томилохоос татгалзаж, холбогдох материалыг буцаажээ.

3.3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 дүгээр албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоол болон 99 дүгээр тогтоолоор Таныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж нэхэмжлэгч Б.Дд мэдэгджээ.  

Нэхэмжлэгч Б.Д нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн уг татгалзсан мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрч “Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж маргасан байна.

Шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлагын тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх “... нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг шүүх дахин хянах боломжгүй ...” гэж дүгнэн Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Б.Д нарын нэр бүхий 12 иргэний нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д нарын “... өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... 2022 оны 0070 дугаар шүүхийн шийдвэрт яагаад гомдол гаргаагүй вэ гэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж биднийг хуурсан ... мөн уг шийдвэрээр Б.Д намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, шүүгчээр томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг шийдвэрлүүлсэн ... өөрөөр хэлбэл 0070 дугаар шийдвэр гарсны дараа үүссэн шинэ нөхцөл байдал, үйл баримтад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага байхад шүүх өөр байдлаар тайлбарлаж байгаад гомдолтой байна” гэж тайлбарлах боловч уг эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хянаж, шийдвэрлэсэн байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

5. Шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шаардлагын тухайд:

5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно ...”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1-д “эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэж, 31.1.2-т “шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй” гэж, 31.1.3-т “шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх” гэж, 31.1.4-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх” гэж,  31.1.5-д “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх” гэж, 36 дугаар зүйлийн 36.4-т “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж, 36.5-д “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно” гэж тус тус заасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Саналыг буцаан хүргүүлэх тухай” Е/05 дугаар албан бичигт “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны ... 99 дүгээр тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Баасайн Дима ... нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна ... Иймд танай газраас ирүүлсэн 2022 оны ... 01/546 дугаар санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг буцаасныг нэхэмжлэгч Б.Дг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхний удаагийн татгалзал гэж үзэх үндэслэлтэй.

5.2. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр томилуулахаар санал болгон нэр дэвшүүлж, шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар холбогдох ажиллагааг хийж дахин өргөн мэдүүлэх бүрэн эрх бүхий этгээд байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ