Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 24

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Б.Мөнхсолонго,

шүүгдэгч Д.Бямбацогт, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан  дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Даваадоржийн Бямбацогтод холбогдох эрүүгийн 2016 2601 0754 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл-2, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 81-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Даваадоржийн Бямбацогт /РД:ЧЙ62010579/  

Шүүгдэгч Д.Бямбацогт нь 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 81-1 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Бямбацогт овогтой Мөнхсолонго руу түлхүүр шидэж толгойд нь онож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч .Бямбацогт нь 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 81-1 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Мөнх-солонгын толйгой руу түлхүүр шидэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- хохирогч Б.Мөнхсолонгийн:...2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн орчимд нагац эгч Дэлхийцэцэгийн гэр лүү хүргүүлэхийг аав Бямбацогтоос хүсэхэд би чамайг тэднийх рүү хүргэж өгөхгүй, харин эгч рүү чинь яахав хүргэж өгч болох юм гэж хэлсэн...машины түлхүүрээ өгчих гэхэд чиний машин юм уу, ганц удаа машин барьсан аа юу гэж бодоов битгий биеэ тоогоод бай гэсэн...мөн машины нэрийг шилжүүлж авмаар байна гэж хэлэхээр нь миний ээжийн машин таны хүүхэн зарцуулдаг зүйл биш гэж хэлэхэд май чи энэ түлхүүрээ ав гээд далайж байгаад шидтэл миний толгойн тус газар оносон...машины дохиоллын системтэй 3-4 түлхүүр байсан.../х-12-13/,  

-шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №3346 тоот шинжээчийн:...Б.Мөнхсолонгийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-21/,   

-шүүгдэгч Д.Бямбацогтын:...Тухайн өдөр миний охин гаръя, баярлана гэхээр нь би 50.000 төгрөг өгсөн. Мөн машин бариад явна гэхээр нь энэ машин хүний нэр дээр байдаг хүний нэр дээр байгаа машиныг унаад яах юм бэ, ямар нэгэн асуудал гарвал эрхийн хасах хэмжээнд хүрнэ чи жолоо төгсөөд удаагүй байгаа гэж хэлтэл миний охин надад миний ээжийн машиныг унаж авгай хүүхэн зугаацуулаад намайг машин бариулж байгаагүй биз дээ гэж хэлэхээр нь би уурлаад чи хэнтэй юу яриад байна аа гээд...машины түлхүүр аваад шидсэн, тэгтэл толгойд нь оносон...гэх мэдүүлэг /хх-29/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.    

Иймд шүүгдэгч Д.Бямбацогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тухайгаа шүүхэд мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.       

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан автомашины 2 ширхэг түлхүүрийг зориулалтынх нь дагуу шүүгдэгчид буцаан олгов. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Д.Бямбацогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод холбогдох 2016 2601 0754 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 2 ширхэг түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бямбацогтод буцаан олгосугай.   

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбацогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГАНБААТАР