Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00024

 

В.Нэргүй, О.Алтантуяа нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч В.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В.Нэргүй, О.Алтантуяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Мөнхдуламд холбогдох

6,870,300 / зургаан сая найман зуун далан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Би Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарыг Хөвсгөл аймагт оруулж ирсэн бөгөөд давхар ажилтай учраас итгэмжлэгдсэн хүнд гэрээгээр шилжүүлэн ажиллуулдаг. 2014 онд Хөвсгөл салбарыг О.Алтантуяа эрхэлдэг байсан бөгөөд би борлуулалт сайжруулах зорилгоор иргэн Б.Мөнхдуламыг түүнтэй хамт сумдад явуулж ажиллуулах болсон. Гэтэл ийнхүү сумдад Алтантуяатай хамт явахдаа түүнийг авч явж байсан бараагаа гэртээ буулгасныг мэдэж байсныгаа ашиглан нөхрөөс нь Нэргүй эгч аваад яв гэсэн хэмээн худал хэлж, зөвшөөрөлгүйгээр аваад явсан ба борлуулалтын орлогыг тушаалгүй завшснаас 3,045,000 төгрөгийн хохирол амссан. Би компанитай зээлийн гэрээ хийж барааг зээлээр авч, борлуулалт хийлгэдэг учраас борлуулалтын орлого саатсан тохиолдолд алданги хүлээдэг учраас тэр нөхцлөөрөө Мөнхдуламтай гэрээ хийж, 7 дугаар сарын 08-ны дотор төлүүлэхээр тохирсон. Уг мөнгийг гэрээнд заасан хугацаандаа эс төлбөл хүү, алданги тооцохоор тохирч, гэрээнд тусгагдсан ба нотариатаар батлуулсан.

...Та өөрийнхөө нэр дээр гэрээ хийж, Iрhопе-5 маркийн гар утас аваад өгөөч. Би сар бүр алдалгүй төлнө гэж хэлээд төлөөгүй. Гар утас нь миний тухайн үед барьж байсан 99067439 дугаарын дараа төлбөрт утсан дээр гэрээ хийгдэж авагдсан бөгөөд Мөнхдулам гэрээний төлбөрийг хийгээгүйгээс болж би уг дугаарыг алдахад хүрсэн. Энэ дугаараар харилцаж байсан олон худалдан авагчид, хэрэглэгчидтэй холбоо тасарсан нь надад багагүй хохирол авчирсан.

...Дээрх үндэслэлээр би дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Борлуулалтын орлогын мөнгө болох 3,045,000 төгрөг мөн гэрээ ёсоор тооцогдох хүү алдангийг оролцуулаад нийт 4,567,500 төгрөг,

2. Мобиком компаний Хөвсгөл салбарт төлөх Iphопе-5 маркийн гар утасны төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүйгээс болж үүссэн ... 1,288,900 төгрөгийг гаргуулна.

3. Хамтран ажиллах гэрээгээр бэлэн мөнгө болон эргэлтийн хөрөнгө нийлээд 554,0 мянган төгрөгийг гэрээ ёсоор би хүү, алдангийн хамт эргүүлж авах ёстой бөгөөд түүний хүү алдангийг 277,0 мянган төгрөгөөр тооцож, нийт 831,0 мянган төгрөг,

4. Бас нэг удаа Манай ээж Наранчулууны дансанд 60,0 мянган төгрөг хийчихээч. Би бонусаасаа төлнө гэчихээд бас л өгөөгүй. Тэрнийг бас нэхэмжлэх нь зүйтэй. Ингээд нийт 6,747,400 төгрөг болж байгаа ба түүнд дараах тэмдэгтийн хураамжийг төлөв.

5.Тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,900 төгрөг бүгд 6,870,300 төгрөгийг Б.Мөнхдуламаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнхдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн үед Нэргүй эгч Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд тэрээр өөрийнхөө ажилтан О.Алтантуяагийн ажилд тусалж байгаарай гэхээр нь би Алтантуяагийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг нь нааш цааш зөөж тээвэрлэх зэрэг ажилд нь тусалдаг байсан. Түүнээс биш би дангаараа Нэргүй эгчээс бараа бүтээгдэхүүн авч, бусдад зарж борлуулах үйл ажиллагаа хийж байгаагүй. Би Алтантуяагийн ажилд туслаж сумдаар дагаж явж байсан болохоос зарж борлуулан тооцоо хийх ажилд огт оролцож байгаагүй. Мөн би Алтантуяа, түүний нөхрөөс огт бараа бүтээгдэхүүн авч байгаагүй.

...Нэргүй эгч намайг бараа бүтээгдэхүүн дутаасан гэдгээ хүлээн зөвшөөр гэж элдвээр хэлж дарамтлаж байснаа, эгч нь чамайг төрийн албанд мэргэжлээр чинь ажилд оруулж өгнө, чи хэрэв нэг л удаа шүүх, цагдаагаар маргаан үүсгэж явбал дахин хэзээ ч төрийн албанд орж ажиллах эрхгүй болдог юм гээд өөрийн ажлын өрөөний компьютерт шивж боловсруулсан гэрээг гарган ирж гарын үсэг зуруулж нотариат дээр очиж батлуулсан. Би тухайн үед төрийн албанд орохыг маш их хүсч мөрөөдөж байсан, удаан хугацаагаар ажилгүй /чамайг төрийн албанд, захиргаанд ажилд оруулж өгнө/ гэсэн уран үг, ятгалганд нь итгэж гэрээнд нь гарын үсэг зурсан. Тухайн гэрээнд юу гэж бичигдсэнийг ч би огт уншаагүй, айж эмээж байсан, ажилд оруулна гэсэн үгэнд нь итгэсэн. Гэрээнд мөнгө төлөхгүй бол хүү алданги тооцно гэснийг ч би огт мэдээгүй. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү, алданги тооцож авна гэсэн байна. Би Нэргүй эгчээс хүүтэй мөнгө зээлж аваагүй.

... Иймд түүний нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас 1 Iphone-5 маркын шинэ гар утсыг утсаар нь авч өгөхөд татгалзах зүйлгүй байна. Бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч В.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554,000 төгрөгийн алданги 277,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг татгалзаж байна. Төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээний дагуу барааны үнэ 3,045,000 төгрөг, алданги 1,522,500 төгрөг, гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554,000 төгрөг, Iphопе-5 маркийн гар утсыг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэн төлбөрт 1,288,900 төгрөг, нийт 6,410,400 төгрөг, Б.Мөнхдуламын гуйлтаар түүний ээж Наранчулууны данс руу шилжүүлж зээлсэн мөнгө болох 60,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжинд төлсөн 122,900 төгрөг, нийт 182,900 төгрөг, бүгд 6,593,300 төгрөгийг Б.Мөнхдулмаас гаргуулж өгнө үү. Мөн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хүсэлт гаргаж О.Алтантуяаг уг хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан боловч Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн байгаа 6,593,300 төгрөгөөс О.Алтантуяад гаргуулах мөнгө үгүй тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна. Учир нь би Б.Мөнхдуламтай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, нэхэмжлэгч В.Нэргүйгийн Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн мөнгөнөөс миний бие ямар нэгэн байдлаар мөнгө авахгүй тул өөрийгөө нэхэмжлэгч биш гэж үзэж татгалзаж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466.5-д зааснаар хариуцагч Б.Мөнхдуламаас 5,421,500 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,448,800 / нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгч В.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122,900 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдуламаас 101,694 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Мөнхдулам давж заалдах гомдолдоо: ...Б.Мөнхдулам надад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор үнэлж дүгнэсэнгүй. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан эхлэхийн өмнө олон хуудас баримт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд миний хувьд уг нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, анхааралтай уншиж танилцах, магадлах, дүгнэлт хийх боломж олдоогүй, олон хуудас бичгийн баримтуудыг 10 хүрэхгүй минутанд би өмгөөлөгчийн хамт бараг булаацалдан барин хагас дутуу уншсан. Миний хувьд уг баримтуудыг яг ямар баримт болохыг тодорхой цаг хугацаанд тайван өөрт ойлгогдохоор уншиж танилцсан бол би тухайн нотлох баримтуудад өөрийн гэсэн дүн шинжилгээ хийж ойлгон холбогдох байгууллагаас нотлох баримт шаардан гаргуулах хүсэлт гаргах, магадлах боломж бүрдэх байсан боловч шүүх надад ийм боломж, цаг хугацаа олгоогүй.

Нэргүй эгчийн эрхэлж байсан сүлжээний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ажиллагаанд би худалдан авагч олох, түүнийг сурталчлах ажлыг хийж байсан болохоос Топ велнесийн ХХК-ний албан ёсны гэрээт ажилтан биш. Бид анх хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахад Нэргүй эгч надад гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгон бараа, 554,000 төгрөгийг надад өгөөгүй. Бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай огт тусгаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй. ...Төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээ гэх зүйлийг Нэргүй эгчийн санаачлагаар хийгдсэн. Тухайн гэрээний утга агуулга, ямар гэрээний эрх зүйн харилцаан дээр үндэслэгдэж хийгдсэн гэрээ болохыг анхан шатны шүүх мөн л шинжлэн судлаагүй. DНС-ны бараа бүтээгдэхүүн борлуулах хамтран ажиллах гэрээ хийсэн гэж байна. Гэтэл бидний дунд ийм гэрээ байгуулагдаагүй. Тухайн гэрээнд яг ямар гэрээний үүргийг шаардаж, гэрээний хугацаа сунгаад байгаа нь ойлгомжгүй. Мөн гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа 554000 төгрөгийг өгсөнөө нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ байдлаа нотолж чадаагүй. Би ийм хэмжээний урьдчилгаа бараа мөнгө аваагүй. Би Алтантуяагийн үйл ажиллагаанд тусалж ажиллаж байхдаа түүний зарж байсан бараанаас бараа бүтээгдэхүүн авч, бусдад зээлээр өгөөд 3,045,000 төгрөгийн барааны үнийг зээлээр авсан хүмүүсээсээ авч чадахгүй цаг хугацаа алдаж би өөрөө ч хохирол амссан бөгөөд Нэргүй эгч ч авч явсан барааны үнийг төлж барагдуул гэж байнга шаардаж байгаад 2014 оны 6-р сард уг мөнгийг төлж чадахгүй бол гэрээнд гарын үсгээ зур, зурахгүй бол цагдаад хандана гэж шахаж шаардаж байсан учир би зурсан. ...Тэгээд ч Нэргүй эгч компаниас барааг хүүгүй зээлээр худалдаж авчхаад Мөнхдулам миний Алтантуяагаас авсан бараанд хүү тооцож аваад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх Нэргүй эгч бид нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний агуулгыг Нэргүй эгчийн компанитай байгуулсан гэрээний агуулгыг анхааралгүй төлбөр тооцоо үүссэн түүнийг барагдуулах тухай гэрээ гэх утга агуулга нь ойлгомжгүй гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч В.Нэргүй, О.Алтантуяа нар нь хариуцагч Б.Мөнхдуламаас 6,747,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  шүүх хуралдааны явцад алданги 277,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 6,593,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хэрэгт ач холбогдол бүхий 12 хуудас материал нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагчид танилцуулахаар шүүх хуралдааныг түр завсарлуулжээ. Хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан завсарласан хугацааг тодорхой тусгаагүйгээс түр завсарлах журмаар нотлох баримтыг танилцуулсан нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай ба энэ талаар хариуцагч “нотлох баримттай бүрэн танилцаагүй”  гэсэн гомдол гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ  хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан  “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай  танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхээ эдлэх,  хэрэгжүүлэх боломжоор хангаагүй,  6 дугаар зүйлийн 6.4-т заасан   “...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэсэн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн байна. Энэ нь шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Мөн шүүх хуралдаан ямар хугацаагаар завсарласныг  тэмдэглэлд тусгаагүй нь тэмдэглэл бичихэд тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д заасан “... дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ” гэж заасныг  болон 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны  өдрийн 505  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ                                                                               

                                     ШҮҮГЧИД                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                      Т.ГАНБАТ