Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00017/И |
Дугаар | 00148 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00148
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Ахуй үйлчилгээний 16 айлын ¹ 16 тоотод оршин суух, 1960 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, Боржигон овогт Нинагийн Оюунгэрэлийн хүсэлттэй /РД:МЗ60031100/
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Н.Оюунгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 онд Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийг өрлөгчин мэргэжлээр төгсөөд 1981 оны 09 дүгээр сараас эхлэн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажилд орсон. Тэгээд тасралтгүй 1992 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал байхгүйгээс энэ ажилласан хугацаагаар хохироход хүрээд байна. Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймгийн архиваас холбогдох баримтуудыг шүүлгэхэд олдохгүй байна. Иймд хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг болон бусад баримтуудыг үндэслэн уг ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Нинагийн Оюунгэрэлийг Зүүнхараагийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өрлөгчнөөр ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын Барилгын техник мэргэжлийн сургуулиас Н.Оюунгэрэлд олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, ¹ 456118 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фүтү зураг болон хамт ажиллаж байсан Ш.Баяраа, Б.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Нинагийн Оюунгэрэлийг Зүүнхараагийн Барилга угсралтын конторт 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өрлөгчнөөр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.