Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       Хэргийн индекс:166/2021/0187/Э/Н

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч  Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Б.Н- /цахимаар/,

Шүүгдэгч Х.Х.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж-ад холбогдох эрүүгийн 2118000000057 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Металл ургийн технологич мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Ж-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Х.Ж- нь нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ж.Г-гийн толгойн тус газар нь гараараа цохиж, газар унаган гутлаар хөлийг нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны гадна иргэн Б.Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, зүүн хацар, чихний дэлбэн, хоёр чихний арын төвгөр, зүүн мөр, бугалгад цус хуралт, хуйх, хүзүүнд зулгаралт, хоёр чихэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Х.Х.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б.Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Би Г******* хийдэг байсан. Тэгээд гэр ойрхон болохоор 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд эхнэр байхгүй байсан. Би эхнэр болон 5 хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд Сэлэнгээс цуг ирсэн найзтайгаа уулзаад Баянмонгол гэдэг газарт хүнд юм аваачиж өгчхөөд буцаад 09 дүгээр багт байрлах 4.2 дугаар байр буюу манай гэрийн ар талын гараашны миний эзэмшлийн машин байсан. Тэгээд яваад очтол иргэн Х.Х.Ж- миний гэр бүлийн хүн, эхнэр болох н.Н.А-э тамхи татчихсан, Х.Х.Ж-  миний машиныг барьчихсан сууж байсан. Тэгээд би машинаас буучих, машин дотроо би өөрөө ч тамхи татдаггүй, яагаад миний машин дотор тамхи татаад байж байгаа юм бэ? гэхэд хэзээ ирсэн юм бэ?, яасан юм бэ?, ярилцъя гээд манай байрны гадаа машин дотор суусан. Надад хамгийн эхэлж гар хүрэх болсон шалтгаан нь хоёулаа эхлээд уулзаадахъя, чамтай ярилцах зүйл байна гээд л 4.2 буюу цэнхэр, ягаан хоёр байрны аркаар гараад Хаан банкны тэнд очоод л намайг цохиод эхэлсэн. Тэгээд би цохиулж эхэлсэн. Тэгээд би ч бас эр хүн байна, гэрийн эзэн хүн байна, учир зүйгээ олъё гэж зөндөө хэлсэн. Гэтэл Х.Х.Ж- намайг үл тоомсорлож чи цаанаа гэртээ ороод байж бай, би энд н.Н.А-этэй ярих юм байна гээд байсан. Гэтэл би энэ эмэгтэйн 5-ын таван хүүхдийнх нь эцэг байна, гэтэл намайг ингэж дорд үзсэн. Тэгээд машинд суугаад ч тэр орцонд ч тэр нэлээн олон цохисон тийм л үйл явдал болсон.

Би эхнэртэйгээ уулзаад би Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар шилжээд ирье, намайг ирсэн хойно энэ хүнтэйгээ харилцаагаа үргэлжлүүлээд байх юм уу гэсэн чинь эхнэр би энэ хүнтэй дахиж харилцаагаа үргэлжлүүлэхгүй, би амьдралаа бодож байна гэж хэлсэн. Тэгээд гараад энэ хүн чинь ингэж хэлж байна шүү дээ, чи одоо биеэ татаад ав, би одоо амьдралаа бодъё, чи ч гэсэн хань ижлээ бод, хоёр хүүхдээ бод, амьдралаа бодож болдоггүй юм уу гээд хэлтэл намайг ойлгож байгаа юм уу, үгүй юм уу тэгээд л үл ойшоосон. Тэгээд машин дотроо уулзаж ярилцаж байгаад машин дотор цохиод л, сүүлд үүрийн 03 цаг болж байхад орц дотор зодоод л ийм процесс болсон.

Ер нь иргэн Х.Х.Ж-ыг би 20/хорь/ жилийн өмнөөс танина, найзлах үедээ найзалж, нөхөрлөж явсан. Миний амьдралд ингэж маш том хар толбо, гай болно гэж бодоогүй. Надад сэтгэл санааны болон эрүүлийн мэндийн маш их хохирол байна. Би аягүй их гомдолтой байна. Эхнэр нь ч гэсэн Шарын голын Нэгдсэн эмнэлэгт Ж.Ж.Г- гэж ерөнхий эмч байдаг, тэр хүн тухайн үед өргөдлөө өгсөн байсан. Тэр хүн хаана өргөдөл гаргахаа мэднэ шүү дээ, тэгтэл намайг одоо болохоор Х.Х.Ж-ыг шоронд явуулчихъя гэсэн бодолтой байна гэж бодоод байх шиг байна. Тэр хүн чиний асуудал өөрөө шийд, би өөрийн асуудлаа шийдье гэж хэлсэн. Х.Х.Ж- гэдэг хүн харин Ж.Ж.Г- гэдэг хүнтэй намайг нийлж байгаад ингэж байна гэсэн бодолтой явдаг юм шиг байна лээ. Тэгж хэлсэн мессеж нь хүртэл надад одоо баримтаар байгаа шүү, би өөрт учирсан хохирлын дагуу гомдлоо гаргасан. Хувь хүнийхээ зүгээс л гомдлоо гаргасан. Иргэн Х.Х.Ж-ад Ж.Ж.Г-тай намайг нийлээд түүнийг хэцүү байдалд оруулж байна гэсэн бодол толгойд нь одоо хүртэл байдаг юм билээ шүү гэдгийг хэлмээр байна. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Эрүүгийн  2118000000057 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Ж.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сараас эхлэн Х.Х.Ж- гэр бүлээс гадуур харилцаатай болж 08 сарын 16-ны өдөр гэртээ энэ асуудлаас болж хоорондоо маргаж толгой руу гараараа 1 удаа цохиж, орон дээр унагаад дараа нь хатуу ултай гутал над руу шидэж, миний баруун хөлийн шилбэний урд хэсэгт өнгөц язралт үүссэн ба цус тогтохгүй урсаад байсан учир Шарын гол сумын Цагдаагийн хэлтэст дуудлага өгч удалгүй гаднаас 2 цагдаа орж ирээд Х.Ж-ыг аваад явсан. Тэгээд утсаар хоорондоо холбогдож учир зүйгүй олоод Х.Ж- буцаад гэртээ ирсэн. Үүний дараа би хүний машин гуйгаад эмнэлэг явж цус тогтоох тариа хийлгэж өвчин намдаах тариа болон даралттай боолт хийлгэж гэртээ эргэж харьсан. 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х.Ж-ад зодуулснаас хойш миний толгой их өвдөж зарим үед дотор муухайрах тэнцвэр алдагдах, хөл гар сулрах сулрах зовуурь илрэх болсон. Мөн унтаж чадахгүй болж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хувиараа эм тариа авч хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх 14-15/,

            Насанд хүрээгүй гэрч Ж.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Х.Ж-, ээж Ж.Г-, дүү Т- нарын хамтаар байхад аав, ээж 2 нэг хүүхнээс болоод байгаа бололтой хоорондоо маргаад байсан. Тэгснээ аав болох Х.Ж-ын уур огцом хүрч ээж болох Ж.Г-г толгой руу нь гараараа нэг удаа цохиж ээжийг унагасан. Үүний дараа ээж Ж.Г-гийн толгойн руу өөрийнхөө өмсдөг хатуу ултай гутлыг ээж рүү шидэж, ээжийн хөлийг онож хөлнөөс нь цус гаргасан.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

            Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Г- гэж эмч ирчихсэн байхаар нь юу болсон талаар асуухад хүнд зодуулсан талаар хэлсэн. Гэхдээ яг ямар хүнд гэдгийг хэлээгүй. Тэгээд биед нь үзлэг хийхэд амин үзүүлэлт тогтвортой хөл нь зулгарсан шархтай цус шүүрээд байхаар нь цус тогтоосон. Мөн толгойн дагзны хэсэгт хавдартай байхаар нь хүйтэн жин тавьж эмчилгээ хийсэн.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

            Шинжээч эмч Д.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн эмчийн тодорхойлолтод тэнцвэр алдана, ромбергийн сорилт нэмэх, үзлэгээр толгойн залай, чамархай орчмоор зөөлөн эд гэмтэж хавдаж овойсон нь тархи доргилтын үед гардаг шинж тэмдэг илэрсэн байх тул дүгнэлтэд бичсэн.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ж.Ж.Г-гийн биед тархи доргилт, хуйханд цус хуралт, баруун шилбэнд шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ж.Ж.Г-гийн биед илэрсэн гэмтэл нь 2020.08.16-нд үүссэн байх боломжтой.

4.Ж.Ж.Г-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Ж.Ж.Г-гийн биед зүрхний цус хомсрох өвчин, артерийн даралт ихдэх өвчин, гэмтлийн дараах тархины эмгэгшил зэрэг архаг хууч өвчин илэрсэн бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан гэмтлээс шалтгаалсан байж болно.

6.Ж.Ж.Г-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. /хх 27-28/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 45-46/,

 

Шүүгдэгч Х.Х.Ж-ын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны хуулга /хх 59-66/,

 

Эрүүгийн 2118000000034 дугаартай хэргээс:

 

Гэрч Г.Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Ж- түүнийг машины арын суудалд гараараа зүүн талынх нь шанаа руу хэд хэдэн удаа цохиод хутгыг нь булааж аваад надад өгөхөөр нь би гадна гаргаад хаячихсан юм. Тэгээд Х.Ж- би чамайг зодсон юм чинь 2-уулаа цагдаагийн газар очиж учраа олъё гээд явж байтал Б.Н- дахиад миний үснээс зулгаахаар нь би машинаа зогсооход Х.Ж- буугаад Б.Н-ыг машинаас чирч буулгаад чи намайг зод гээд байхад эмэгтэй хүнийг зүгээр байлгаач гээд Б.Н-ыг заамдаж байгаад нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон юм. Тэгээд Х.Ж- Б.Н-ыг машинаас буулгаад гэр рүү оруулах гэхэд Б.Н- эргэж агсамнаад намайг хамт гэртээ оръё гэхээр нь би хамт ороход Х.Ж- гадна үлдсэн юм. Гэрт орсон хойноо Б.Н- намайг түлхэж унагаагаад зүгээр байлгахгүй байхад Х.Ж- хаалга тогшоод байсан. Тэгж байгаад Б.Н- миний гутлыг тайлж авч үлдээд намайг хөл нүцгэн оймстой хөөгөөд гаргасан чинь Х.Ж- хаалга тогшиж байж гэрээс гутал гаргаж ирсэн юм. Тэгээд Б.Н- араас миний тортой хувцаснуудыг шидээд өөрөө араас гарч ирээд намайг түлхэхэд би толгойгоороо хана зөөлөн мөргөсөн юм. Тэгэхэд Х.Ж- доороос гүйж гарч ирээд Б.Н-ыг барьж аваад гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн юм.” гэх мэдүүлэг хх 31-32

 

 

Гэрч Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө гараад доошоо бууж байтал 2 давхрын шатан дээр манай доод 3 давхрын хаалганд амьдардаг Б.Н- гэдэг залуу зогсож байсан ба Б.Н- согтуу байгаа бололтой доош тонгойсон цаана нь бас 1 танихгүй залуу зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Б.Б.Н-ын биед хоёр нүдний зовхи, зүүн хацар, чихний дэлбэн, хоёр чихний арын төвгөр, зүүн мөр, бугалганд цус хуралт, толгойн хуйх, хүзүүнд зулгаралт, хоёр чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх 44-45/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт

Эрэгтэй хүний өвлийн куртик 250000 төгрөг,  бэлтгэлийн өмд 100000 төгрөг байна /хх 51-52 бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Х.Ж- нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 4-25 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ж.Г-гийн толгойн тус газар нь гараараа цохиж, газар унаган гутлаар хөлийг нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 17 -18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны гадна хохирогч Б.Б.Н-ыг эхнэр Г.Н.А-эд гар хүрсэн гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Х.Х.Ж- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Х.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.Н- нь хохирол төлбөртэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 422779 төгрөг, томографикийн зурагны үнэ 165000 төгрөг, эм тарианы 64650, шүүх эмнэлгийн үзлэгийн үнэ 8000 төгрөг, баримт хэвлүүлэн угаалгасан 7000 төгрөг, өвлийн куртикны үнэ 300000 төгрөг, биеийн тамирын өмдний үнэ 140000 төгрөг  нийт 1107429 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Х.Ж-аас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ж.Ж.Г- нь хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Х.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Х.Х.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Ж-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Ж-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Х.Ж-аас 1107429 төгрөг гаргуулан Б.Н- -т олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Х.Х.Ж-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ж.Ж.Г- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шүүгдэгч Х.Х.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ