| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0102/И |
| Дугаар | 131/ШШ2017/00347 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00347
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах, Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь 2014 он 7 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн Их хурд /Ламны гэгээнийг сэнтийд нь залах ёслол/ даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тухайн ондоо багтаан эргүүлэн төлөхөөр тохиролцож аймгийн Хөгжимт драмын театрт 150000000 /зуун тавин сая/ төгрөг (Баянхонгор аймгийн төвд Юй электрон самбар, талбайн тайз авсан гэдэг), Цэргийн анги аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд 70000000 /далан сая/ төгрөгийг шилжүүлж “Их богд зам” ХХК-аас санхүүжүүлсэн. Дээрх санхүүжилтээс 180000000 /зуун наян сая/ төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байна. Иймд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 180000000 /зуун наян сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Их богд зам ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2014 онын 7 дугаар сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар удаа дараа надад хүсэлт тавьсан. Учир нь Ламын гэгээний ой буюу сэнтий залах ёслол болно. Гэтэл аймаг, орон нутаг мөнгөгүй, тухайн үед манай компани аймгийн төвд 5.6 километр замын ажлыг гүйцэтгэж байсан. Ийнхүү 2014 ондоо багтаан өгнө гэсний дагуу хүссэн хэмжээний мөнгийг тухайн тухайн данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. Энэхүү хугацаанд манай байгууллага хохирол амссан. Өөрөөр хэлбэл Их богд зам ХХК 400000000 төгрөгийн банкны зээлтэй байдаг. Тухайн үед аймгийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга, аймгийн хөгжлийн бодлогын дарга нар 2014 ондоо багтаан өгнө гэж хэдэн талаас хоргоосоор байгаад авсан. Миний зүгээс шүүх рүү гомдол гаргахаар 3 удаа завдсан боловч нэг сарын дотор өгнө гэж хэлдэг. Би мөнгөө төрд өгсөн болохоос хувь хүнд өгөөгүй, мөн тухайн мөнгийг хэрэглэсэн зүйл нь тодорхой байгаа тул энэхүү хохирлыг барагдуулж өгнө үү.
... Төрийн байгууллага байхгүй байсан зүйлийг орлогодоод авсан байгаа. Үнэхээр энэ хүнээс авсан эсэхийг тодруулах боломжтой. Led теливизорыг одоо хүртэл хэрэглэж байна. Энэхүү телевизор нь зүгээр өөрөө гараад ирсэн юм уу, тухайн үедээ би итгэсэн нь буруу зүйл болсон. Цэргийн ангийн 70000000 төгрөгийн хувьд ажлаа хийгээд улсын комисс хүлээгээд авсан. Үнэхээр мөнгийг нь өгөхгүй бол уг телевизыг надад өгөх хэрэгтэй. Төрийн алба нь залгамж халаа байх ёстой. Тухайн үеийн албан хаагч нь гэрээ байгуулаагүй нь хэний буруу болохыг тогтоох боломжтой. Иргэдийн хурлын тогтоол гараад Led телевизор болон угсардаг тайз зэргийг шилжүүлсэн байдаг. Миний зүгээс нотлох баримт хангалттай гэж үзэж байна. Бид нар тухайн үед төрийн байгууллагаас өгсөн данс руу буюу Хөгжимт драмын театрын дарга Н.Энхболдын данс руу хийсэн.
...Ой буюу Ламын гэгээний наадмыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга зохион байгуулсан. Тухайн үед Хөгжимт драмын театр урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулж байсан. Миний зээлсэн мөнгө нь тэрхүү ойд зориулж аймгийн Засаг даргын тамгын газарт зээлсэн. Нэхэмжлэлийн зөрүү 40000000 төгрөгийг хандивласан гэж тухайн үед би хэлж байсан. Иймэрхүү байдлаар хандаж байгаад харамсалтай байна гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ихбогд зам” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн Их хурд /Ламын гэгээнийг сэнтийд нь залах ёслол/ даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж Аймгийн Хөгжимт Драмын төатрт (Баянхонгор аймгийн төвд электрон самбар) 150,000,000 /нэг зуун тавин сая/төгрөг, Аймгийн Цэргийн ангийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд 70,000,000 /далан сая/ төгрөгийг шилжүүлж санхүүжүүлсэн гэх боловч тухайн үеийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зээл авах шийдвэр гараагүй, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээ байхгүй, дансаар дамжиж орж ирээгүй, балансад тусгагдаагүй байгаа тул энэ мөнгийг Аймгийн Засаг даргын Тамгын газар төлөх боломжгүй гэж үзэв гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгчээс олгосон эрхийн хүрээнд оролцож байна. Мөн миний бие хэргийн материалтай танилцсан. Хариуцагч шүүхэд тайлбар гаргасан бөгөөд тухайн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шилжүүлсэн гэх 150000000 төгрөг хувь хүний дансанд орсон, аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд байршаагүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэхүү тайлбарын дагуу хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 180000000 төгрөгөөс 150000000 төгрөг нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр н.Энхболд гэдэг хүний 5225066062 гэсэн хувь хүний картын дансанд орсон. н.Энхболд гэдэг хүний данснаас 150000000 төгрөгийг хэрхэн гүйлгээ хийгдсэн талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж нотлоогүй. Хэрвээ 150000000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд төвлөрсөн бол эргээд зарцуулалт нь харагдах ёстой бөгөөд ийм тохиолдолд бид нарын зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа хэлсэн. Мөн төрийн байгууллагад хандив, зээл, тусламж хэлбэрээр өгсөн мөнгө нь төрийн дансанд төвлөрөөд, төсвийн хөрөнгийн адил зарцуулагдах талаар Төсвийн тухай хуульд заасан байдаг. Тэгэхээр энэхүү 150000000 төгрөг төрийн ямар нэг дансанд төвлөрөөгүй учраас уг мөнгийг төлөх эх үүсвэр байхгүй байна. Тухайн 150000000 төгрөгөөр Led телевизор, төмрөн тайз зэргийг авсан гэх боловч хэнээс шилжиж ирсэн мөнгөөр, хаанаас хэдэн төгрөгөөр авсан эсэх нь тодорхойгүй. Энэ талаарх баримт өнөөдрийг хүртэл нотлох баримтаар ирээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2 гэрч асуулгасан ба гэрч Б.Гантулга “...манайх 70000000 төгрөгийн засварын ажил хийсэн, Led телевизор, угсардаг тайз зэргийг авсан..” гэж мэдүүлдэг боловч авсан гэдгийг нотлоогүй, өөрөөр хэлбэл түүний мэдүүлэг хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдох ёстой гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр авсан мэт харагдах боловч мөнгө нь хувь хүний дансанд орсон ба аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд ямар нэг байдлаар байршаагүй байдаг. Хэрвээ 180000000 төгрөгийг хүнээс авч байгаа бол захиргааны гэрээ хийгддэг. Гэтэл энэхүү мөнгөний хувьд зээлийн төлбөртэй эсэх, эсхүл хариу төлбөртэй юм уу, хэдийд буцаан өгөх нөхцөлтэй эсэх талаар гэрээ хийгдээгүй тул эрх зүйн ямар нэг үр дагавар үүсэхгүй. Хэрвээ ямар нэг гэрээ, амаар хийсэн хэлцэл байсан бол үүнийг баталгаажуулсан баримт өнөөдөр байхгүй байна. Гэрч н.Ширмэн “...бид нар мөнгө авъя гэж ярьж байсан. Гэхдээ хэдэн төгрөг авах ёстой байсныг би мэдэхгүй байна...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр энэхүү гэрчийн мэдүүлэг нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн нотолж чадахгүй байна. Хөгжимт драмын театраас тооцооны баримт гаргаж ирүүлсэн. Учир нь өөртөө байсныг орлогодож авсан юм уу, эсхүл ямар нэг газраас шилжиж ирснийг орлогодож авсан юм уу. Мөн аль нэг газрын зарлагын баримттай, нэхэмжлэлтэй, тухайн нэхэмжлэл нь Хөгжимт драмын театрын нэхэмжлэл юм уу, н.Энхболдын дансанд шилжин орж ирсэн 150000000 төгрөгөөс төлсөн юм уу гэдэг нөхцөл байдлууд хөтөлбөргүй тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна. Мөн мөнгөн дүнгийн хувьд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 70000000 төгрөг, аймгийн Хөгжимт драмын театрт 150000000 төгрөг буюу 2200000000 төгрөг шилжүүлсэн байгаа нь нэхэмжлэгчийн шаардлагаас илүү байна.
... Нэхэмжлэгч Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагаас гаргаж болохгүй, нууцтай холбоотой, өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргаж, бүрдүүлж болдог. Тэгэхээр “...төрийн үйлчилгээнд зориулсан хөрөнгийг хэрхэн зарцуулсан…” гэдгийг 5225 тоот дансны хөдөлгөөнийг шүүлгэхэд хангалттай. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын данасанд 150000000 төгрөг ороогүй, тэгэхээр бид нар данс шүүх боломж байхгүй. Телевиз болон тайз нь аймгийн Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд байхгүй, харин Хөгжимт драмын театр хэрхэн орлогодож авсан талаар эд хөрөнгийн бүртгэлд байгаа. Энэ талаар хүсэлтээ гаргах боломжтой байсан. Мөн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн тохижилтын ажил хийгдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Хөгжимт драмын театрын эд хөрөнгийн бүртгэлд Led телевизор, тайз хоёр байгаа тохиолдолд тухайн байгууллага өөрөө тусдаа төсөвтэй, хөрөнгийг өмчлөөд авсан байгаа тул Хөгжимт драмын театраас гаргуулах боломжтой гэж үзэж байна. Одоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас үнийн дүн давсан. Өөрөөр хэлбэл хувь хүний дансны талаарх нотлох баримт авагдаагүй байна.
...Нэхэмжлэгч 150000000 төгрөг шилжүүлсэн дансыг шалгуулахад л хангалттай. Үнэхээр нотлох баримтаар тухайн мөнгөний зарцуулалтыг тогтоосон тохиолдолд маргах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч тал 3,5-15, 19, 43, 56, 59, 61-74 дүгээр, хариуцагч талын 74 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн хэлэлцүүлэхээр санал болгосныг дэлгэцээр нэг бүрчлэн харуулж тал бүрээс нь шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК нь Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180000000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тасгын газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Учир нь:
“... 2014 он 7 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн Их хурд /Ламны гэгээнийг сэнтийд нь залах ёслол/ даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг манай байгууллагаас Баянхонгор аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас хүсэлт тавихаар нь зөвшөөрч ондоо багтаан эргүүлэн төлөхөөр тохиролцож аймгийн Хөгжимт драмын театрт 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөг (Баянхонгор аймгийн төвд Led электрон самбар, талбайн тайз авсан гэдэг), Цэргийн анги аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд 70000000 /далан сая/ төгрөгийг зээлээр өгсөн. 40000000 төгрөгийг хандивт өгсөн. Иргэдийн хурлын тогтоол гараад Led телевизор болон угсардаг тайз зэргийг шилжүүлж, төрийн байгууллага орлогодож аваад одоо хэрэглэж байна. Бид нар тухайн үед төрийн байгууллагаас өгсөн данс руу буюу Хөгжимт драмын театрын дарга Н.Энхболдын данс руу хийсэн.
Цэргийн анги руу шилжүүлсэн 70000000 төгрөгийн хувьд ажлаа хийгээд улсын комисс хүлээгээд авсан. Эдгээрт санхүүжүүлсэн 180000000 /нэг зуун наян сая/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Их богд зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсайханы шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
“...тухайн үеийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зээл авах шийдвэр гараагүй, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээ байхгүй, дансаар дамжиж орж ирээгүй, балансад тусгагдаагүй байгаа тул энэ мөнгийг Аймгийн Засаг даргын Тамгын газар төлөх боломжгүй
... нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 180000000 төгрөгөөс 150000000 төгрөг нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр н.Энхболд гэдэг хүний 5225066062 гэсэн хувь хүний картын дансанд орсон. 150000000 төгрөг төрийн ямар нэг дансанд төвлөрөөгүй учраас уг мөнгийг төлөх эх үүсвэр байхгүй байна. Тухайн 150000000 төгрөгөөр Led телевизор, төмрөн тайз зэргийг авсан гэх боловч хэнээс шилжиж ирсэн мөнгөөр, хаанаас хэдэн төгрөгөөр авсан эсэх нь тодорхойгүй
...Хөгжимт драмын театрын эд хөрөнгийн бүртгэлд Led телевизор, тайз хоёр байгаа тохиолдолд тухайн байгууллага өөрөө тусдаа төсөвтэй, хөрөнгийг өмчлөөд авсан байгаа тул Хөгжимт драмын театраас гаргуулах боломжтой гэж үзэж байна.
...Үнэхээр нотлох баримтаар тухайн мөнгөний зарцуулалтыг тогтоосон тохиолдолд маргах зүйлгүй гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэгийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар тус бүр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай хэрхэн уялдаж, нотлогдож байгаа байдлыг үнэлбэл:
1. Нэхэмжлэгч Их богд зам ХХК нь Ламын гэгээнийг сэнтийт залах ёслолд зориулан Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт зээлдүүлсэн 180000000 төгрөгийн 70000000 төгрөгийг төлбөрийн зориулалт нь материалын үнэ нэрээр 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 030014401 тоот дансанд, 150000000 төгрөгийг төлбөрийн зориулалт С.Энхболд LED дэлгэц, угсардаг тайз төсөл нэрээр 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энхболдын 5225066062 дансанд тус тус шилжин орсон болох нь Хас банкны төлбөрийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. /хэргийн 14-15 дугаар тал/
Мөн 70000000 төгрөгийг Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь материалын үнэ нэрээр орлогод, 180000000 төгрөг буюу төв талбайд байрлуулах 6x4 хэмжээний LED дэлгэц-2 ширхэг, үнэ 139220000 төгрөг, LED дэлгэцийн компьютер 1 ширхэг, үнэ 780000 төгрөг, 6x3 хэмжээтэй угсардаг тайз-1 ширхэг, үнэ 40000000 зэрэг эд хөрөнгийг Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт хандиваар шилжүүлж улмаар байгууллагын орлогод тус тус авсан болох нь Зэвсэгт хүчний 339 дүгээр анги болон Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын санхүүгийн орлогын дансны хуулгууд, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 137 тоот тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. /хэргийн 66,72-74 дүгээр тал/
“...манай компани Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан талийгаач С.Энхболдын дансанд 150000000 төгрөг, цэргийн 339 дүгээр ангийн дансанд 70000000 төгрөгийг шилжүүлсэн нийлээд 220000000 төгрөг болж байгаа бөгөөд 40000000 төгрөгийг нь хандивт өгөөд 180000000 төгрөгөө амаар зээлийн гэрээ байгуулж ондоо багтаан эргэн авахаар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тохиролцсон боловч өгөөгүй...” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Их богд зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхсайхан шүүх хуралдаанд тайлбарлаж байх хэдий ч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Их богд зам ХХК-ийн хоорондын санхүүгийн баримтгүй байна.
Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3-д тус тус зааснаар төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулж төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ гэж заасан байхад Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт орсон гэх дээрх орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулалгүйгээр, Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан талийгаач С.Энхболдын данс, Цэргийн 339 дүгээр ангийн дансанд тус тус шилжүүлсэн дээрх маргаан бүхий мөнгөн хөрөнгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт хамааруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Харин Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.2-ын 25.2.3, 25.4, 25.7, 25.8 -д тус тус зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь соёлын үйлчилгээний чиглэлээр эсвэл санхүүжүүлэх эх үүсвэр нь дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх зорилгоор тусламж, хандив авсан болох нь 150000000 төгрөгийг “төлбөрийн зориулалт С.Энхболд LED дэлгэц, угсардаг тайз төсөл“ нэрээр 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Энхболдын 5225066062 дансанд тус тус шилжин орсон болох нь Хас банкны төлбөрийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон хэдий ч төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан хандив тусламжийн аваад орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнаад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймгийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлсэн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д Төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөн, төсвөөс төлөх төлбөрийг хойшлуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно гэж зааснаар Их богд зам ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас 180000000 төгрөгийг нэхэмжлэх хуулийн үндэслэлгүй болсон байна.
Мөн Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д зааснаар орон нутгийн төсөвт энэ хуулийн 41.5, 50.1.1, 57.4, 62.2-т зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно гэж зааснаас үзэхэд төсвийн байгууллага хувийн байгууллагаас зээл авч өр үүсгэхийг хориглосон байна.
Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн төвийн услалтын системийн ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэрэг баримт нь хэрэгт нотолгооны баримт болж чадахгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Иймд Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураасжид төлсөн 1057950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 343 дугаар зүйлийн 343.1, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д тус тус заасныг баримтлан Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Их богд зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1057950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ