Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                    Хэргийн индекс:166/2020/0183/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Прокурор  Ч.Мядагбадам,

Хохирогч С.С.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч Д.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-,

Шүүгдэгч Б.Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2118001540186 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 03-ний өдөр дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.М-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн баруун талын асфальтан зам дээр 34-**ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...., 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж С.С.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

     Хохирогч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 15 сургуулийн явган хүний гарцаар явж байхад намайг машин мөргөсөн. Тухайн үед би босож чадахгүй байсан, тэгээд нэг хүн босгох гэхэд би босож чадахгүй байсан. Тэгээд цагдаа ирээд эм өгч намайг тайвшруулсан. Б.М-д хандаж тухайн үед чи эгчийгээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн, тэгээд түргэн ирсэн. Би одоо ажил төрлөө хийж чадахгүй их хэцүү байгаа, бие засаж чадахгүй босоогоороо бие засдаг үнэхээр хэцүү байна” гэв.

Эрүүгийн  2118001540186 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Шинэ Дарханаас тосгон чиглэлд явж байхдаа 15 дугаар сургуулийн хажуугийн замаар машинаа жолоодоод явж байхад хажуугийн суудалд тавьсан худгаас авсан ус унаад асгараад байхаар нь машинаа зогсоолгүй доошоо тонгойж суудал дээр босгож тавьж байх зуураа замаар явган хүний гарцаар гарч явсан тухайн үед таньдаггүй байсан одоо таньдаг болсон С.Э- эгчийг гарц дээр би машинтайгаа дайрсан маань үнэн. Миний машинд С.Э- эгч дайруулаад шидэгдээд газар унасан. Ингээд би С.Э- эгчийг дайрсныхаа дараа машинаа зогсоож машинаасаа буугаад С.Э- эгчид хандан намайг уучлаарай таныг харсангүй дайрчихлаа бие чинь яаж байна гэхэд бие өвдөөд байна босож чадахгүй байна гэсэн. ингээд түргэн тусламж дуудаад байж байтал цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх 116-117/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М-манай байгууллагаас тээврийн хэрэгслээ барьцаалж 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1000000 төгрөгийн зээлийг авсан. Ингээд манай байгууллага барьцаанд тухайн автомашиныг эзэмшилдээ бүртгүүлсэн болно. Одоо 917740 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд айхтар учраагүй байгаа тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 67/,

Гэрч Б.М-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өглөө би ээлжийн ажлаасаа бууж байхад манай эхнэр Б.М- нь над руу өглөө 10 цагийн алдад шиг санаж байна гэр утсаараа залгаж би осол гаргачихлаа хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Ингээд би утсаар залгаж ярьж байгаад Саран Элит эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь очиход эхнэр маань их сандарсан байдалтай машинд маань мөргүүлсэн хүн маань зураг авхуулж байна гэж хэлсэн. Манай эхнэр осол гаргасандаа өөрөө их гэмшиж байгаа мөргөж гэмтээсэн хүнийхээ хохирол төлбөрийг барагдуулна. Мөргөж гэмтээсэн хүнтэйгээ эхнэр маань өөрийн санаачилгаар өдөр бүр утсаар ярьж байгаа осолд орсных нь дараа хохирогчийг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнийх нь зардлыг төлсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг эхнэр бид 2 төлнө.” гэх мэдүүлэг /хх 72/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын  сарын 10-ны өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.С.С.Э-ийн биед ахар сүүлийн төгсгөлийн нугалмын их биеийн хугарал, тархи доргилт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.С.С.Э-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Д.С.Э-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 77-78/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 сmандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байна.

1.34-**ДАР Улсын дугаартай Sonota-6 маркийн тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн стандартыг бүрэн хангаж оролцоогүй байна.

2.MNS-4598:2011 техникийн стандартын дагуу налууд өнхрөлтийг зогсоон барих гар кардан нь ажиллахгүй байгаа нь энэ осол гарахад нөлөөлөхгүй.

3.Тормозны шингэн дамжуулах эд ангиудын битүүмжлэл алдагдаагүй ба эд ангиудад ямар нэгэн гэмтэл байхгүй.

4.Ослын дараа эд анги эвдрэл гэмтэл байхгүй.

5.Дээрх техникийн бүрэн бус байдал нь тухайн осол үйлдэгдсэн үндсэн шалтгаанд нөлөөлөхгүй. /хх 56-87/,

 

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ерөөмаагийн гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон магадлагаа:

 

Явган зорчигч С.Э- нь дээрх осолд орж гэмтэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явга зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна...” гэсэн дүрмийн заалтын дагуу хөдөлгөөнд оролцсон байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

34-**ДАР улсын дугаартай Hyundai Sonota-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн гэж дүгнэв.” /хх 107-108/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/,

Хохирогч С.С.Э-ийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 44-52/,

“ТБ Авто Финанс” ХХК-ийн зээлийн гэрээ /хх 55-60/

34-**ДАР улсын дугаартай Hyundai Sonota-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 130/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 100-101/,

Хохирогч С.С.Э-ийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх 29-41, 140-143/

Шүүгдэгч Б.Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, даатгалын лавлагаа, тээврийн хэрэгсэлийн лавлагаа, дансны хуулга /хх 120-128/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.М- нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 34-**ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 -д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...., 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.С.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иймд шүүгдэгч Б.Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч С.С.Э- нь эм, эмчилгээний зардал ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 6.500.000 төгрөг, нийт 11.850.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хуралдаанаас өмнө хохирлын тооцоог гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардал 593,549 төгрөг, нөхөр А- байнгын асаргаанд байсны улмаас хөдөлмөр эрхэлж чадаагүй тул 900.000 төгрөг, хохирогч С.С.Э- ажил олгогч Г.Н- байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилгүй байсан хугацааны цалин 1040000 төг, өмгөөллийн хөлс-500.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх ба хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлахад эмийн эмчилгээ, хоол тэжээлийн, бусад зардал гэх мэт нийт 605749 төгрөгийн баримт байна.

Шүүгдэгч Б.Б.М- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмийн эмчилгээг хугацаа алдалгүй тухай бүрт нь үзүүлж 740700 төгрөгийн зарцуулсан байна. Шүүх хуралдаанаас өмнө 1.600.000 төгрөг нийт 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймээс шүүгдэгч Б.Б.М-ыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирогч С.С.Э-ийн болон нөхөр Алтан-Эрдэнэ нарын ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөг нэхэмжилсэн байх ба цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олдог эсэх нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч С.С.Э- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч, хуульзүйн туслалцаа авах эрхийн хүрээнд эрхээ эдэлж өмгөөлөгч сонгон авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Цаашид гарах эмчилгээний зардал нь хохирол, түүний хор уршгийг арилгахад гаргасан хохирлоо гэм буруутай хүнээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй тул хэлэлцэхгүй орхиж нээлттэй үлдээх нь зүйтэй.  

 

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Шүүх шүүгдэгч Б.Б.М-ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Л.Азбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М- нь торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.М-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Б.Б.М- 2400000 төгрөг төлснийг дурдсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч С.С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 3600000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал 6500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шүүгдэгч Б.Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ