Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                        Хэргийн индекс:166/2021/0184/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Д.Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-т холбогдох эрүүгийн 2118000310201 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Төв аймгийн Заамар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д.Д-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд гэртээ мэдээллийн технологи ашиглан “ Ganaa Gantulga ” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 50560930** дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 1.432.900 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Д.Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд гэртээ мэдээллийн технологи ашиглан “ Ganaa Gantulga ” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн Хаан банканд бүртгэлтэй 50560930** дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 1.432.900 төгрөгийн ашиг олсон болох нь баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Д.Д.Д-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000310201  дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

  Гэрч Б.Б- “...би одоо он сарыг тодорхой сайн санахгүй байна миний санаж байгаагаар анх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк үзэж байхад Дархан хамгийн том зарын групп 21 цагийн цагийн орчим Техас покерын лайв бичлэг явж байхаар нь би тэр бичлэг рүү нь ороод бичлэг үзэж байхад тэр бичлэг хийж байгаа Ganaa Gantulga гэсэн хүнийхээ данс руу 20000 төгрөг шилжүүлээд тэр мөнгөөрөө 5 удаа тоглоно. Ингээд би тэр бичлэгийг үргэлжлүүлэн үзээд байж байхад сайн байна үу тоглох уу гэж тэр бичлэгтээ ярихаар нь тоглоно гээд би 50560930** тоот Д.Д- гэсэн хүний данс руу өөрийн 5073132334 гэсэн данснаас 20000 төгрөг b-jargal b-jargal гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж 5 удаа тоглохдоо 1 удаа 20000 төгрөг хожсон. Дараа нь дахиж тоглох гээд дээрх данс руу өөрийн данснаас 20000 төгрөг шилжүүлээд 5 тоглочихоод 5 тоглолтоосоо 2 хожоод хожлын мөнгө гэж 40000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх 87-88/,

 

  Гэрч А.А- “...би 2020 оны 12 дугаар сараас эхлэн фейсбүүк лайваар явагдаж байсан Ganaa Gantulga гэдэг хаягтай хүний зохион байгуулж байсан Техас покерыг сонирхож тоглож эхэлсэн. Тухайн тоглоомд тоглохын тулд данс руу нь доод тал нь 6000 төгрөгийг утга нь дээр нь аль ширээнд суухаа нэртэйгээ бичээд тоглодог байсан. Нэг ширээнд нийт 6 хүн байдаг байсан тэгээд би олон удаа тоглосон яг хэдэн удаа тоглосноо сайн санахгүй байна. Ойролцоогоор 500000 орчим мянган төгрөгөөр тоглосон юм. Миний хожих авсан нь ойролцоогоор 200000 орчим мянган төгрөг байх гэж санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/,

 

Гэрч М.Т- “.... би 2020 оны 12 дугаар сарын дундуур фейсбүүкээр лайваар явагдаж байсан Ganaa Gantulga гэдэг хаягтай хүний зохион байгуулж байсан Техас нэртэй 6 хүн тоглодог покерыг сонирхож тоглож үзсэн. Тухайн тоглоом тоглохын тулд данс руу нь доод талд нь 6000 төгрөгийг утга нь дээр нь аль ширээнд суух тоо болон нэртэйгээ бичээд тоглодог байсан. Нийт ширээнд нийт 6 хүн ороод 5 удаа тоглоод хожсон хүн тус бүрдээ хожсон мөнгөө өөрсдийн дансандаа буцаан авдаг юм. Тэгээд би тоглосон яг хэдэн удаа тоглосноо сайн санахгүй байна. Ойролцоогоор 70-80 орчим мянган төгрөгөөр тоглосон юм. Миний хожиж авсан мөнгө 50000 орчим төгрөг байх гэж санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх 95/,

 

Гэрч Н.Ч- “...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 58**472401 гэх дансыг ашигладаг. Би фейсбүүкээр мөрийтэй тогтоол тоглохдоо мөнгийг өөрийн нэрээр шилжүүлдэг ямар данс руу хийснээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 117/,

Дондог овогтой Д.Д-ын эзэмшлийн 50560930** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 182-250/,

 

Пийк Ом Аудит” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “...Д.Д.Д-ын эзэмшлийн 5056093674 дугаартай дансанд мөрийтэй тоглоом тоглосон шинжтэй бусад хүмүүсийн данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнгийг тодорхой зарим хүмүүсийн дансанд буцаан шилжүүлж байгаа гүйлгээнүүд 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийгдсэн байна. Хонжворт тоглоомоос нийт 1.432.900 төгрөгийн ашиг болсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 126-153/,

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “...Самсунг А-6 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 100000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт/1-р хх 163-164/,

 

Шүүгдэгч Д.Д.Д-ын оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх 177/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 173/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.Д- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Д-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзсэн  тул улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин, өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг А-6 загварын гар утасны үнэ 100,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1432900 төгрөг, нийт 1532900 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60*10 см хэмжээтэй модон хавтан 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Д-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Д-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг А-6 загварын гар утасны үнэ 100,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.432.900 төгрөг, нийт 1.532.900 төгрөг /нэг сая таван зуун гучин хоёр мянга есөн зуун төгрөг/ гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60*10 см хэмжээтэй модон хавтан 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ТӨМӨРХҮҮ