Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0196/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ат овогт Ц-ын Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000223 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овогт Ц-ын Б /регистрийн дугаар: ........... /, .............  оны ...........  дугаар сарын ........-ны өдөр ............  аймгийн ................  суманд төрсөн, ...........  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ..........-ийн хамт ..........  аймгийн ..........  сумын ....... дугаар багийн ........... дугаар гудамжны ......... тоотод оршин суух хаягтай, урьд ..........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...........  оны ........  дугаар сарын ......... -ны өдрийн ..........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Б нь  согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед .........  аймгийн ......... сумын ........  дугаар багт байрлах .............-ийн орчим газар хувийн маргааны улмаас иргэн Б.Э-н толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь духны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь  согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед .............  аймгийн ...............  сумын ......... дугаар багт байрлах ............-ийн орчим газар хувийн маргааны улмаас иргэн Б.Э-н толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь духны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ы мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000223 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Хохирогч Б.Э-ын хэрэг бүртгэлтэд 2021 о ны 07 дугаар сарын 24, 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би .........  сумын ............. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .....-ийн баруун гар талд байрлах өөрийн хуурай эгч Г-ийнд 8-9 цагийн хооронд Г, түүний хүү Э, түүний найз Г нартай 0,5 литрийн Хараа архи хувааж уугаад талдаа орж байхад Э, Г хоёр худгийн эгц урд байрлах Г-ийн гэр лүү орсон. Тэгэхээр нь би хуурай эгч Г-тэй үлдээд тал архиа хувааж ууж дуусгачхаад Г-ийнх руу орохоор гарсан. Г-ийнх руу орох гээд дөхөж байхад онгорхой хаалганаас нь хашааных нь хоёр нохой гарч ирээд дайрахаар нь сандраад онгорхой байсан худаг руу орсон. Тэгсэн гурван залуу тоосго өрөөд байж байсан ба тэд нар дунд миний танил Б байсан. Би түүнтэй “Юу байна. Энд ажиллаж байгаа юм уу” гэж ярилцаж байснаа санаж байна. Тэгээд түүнийг алив гаръя гэж дуудсан. Тэгсэн над руу юунаас болсон юм мэдэхгүй шууд нэг тоосго бариад дух руу шидчихсэн. Би уг хэргийг шалгагдаж байх үед Б-аас толгойн боолт хийлгэх болон эм авахад шаардлагатай 50,000 төгрөгийг нэхэмжилсэн. Б энэ мөнгийг өгсөн тул надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.С-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ...........  сумын ........ дугаар баг ................-ийн гудамжинд байх дулааны сүлжээний гудамжинд ирсэн. Тухайн өдөр өрлөг хийхээр ирсэн Б ах согтуу ирсэн байхаар нь ХАБ-ын инженер Н, дулааны инженер Б  нар Б ахыг ажилд гаргахгүй, маргааш ир гээд явуулсан. Ингээд Ж бид хоёр өрлөгийн ажлаа эхлээд 12 цагийн үед худгийн гадаа Б ах 2-3 танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан ба хоорондоо маргалдаж байгаад тарцгаасан. Тэгээд Б ах худаг дотор орж ирээд байж байхад нэг танихгүй ах Б явъя гэсэн чинь ах яах гээд байгаа юм гээд нэг бүтэн тоосго аваад дээшээ шидсэн чинь тэр ахын толгойг оносон ба тэр ахын толгой хагарсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Ж-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “... Өнөө өглөө С-ын хамт ..........  сумын .....  дугаар багт баригдаж байгаа ........... дээр өрлөг хийхээр ирсэн. Бид хоёрыг худаг дээр ирэхэд худгийн хажуу талд 5-6 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. С бид хоёрыг ажил дээр байхад хамт ажилладаг Б ах согтуу ирсэн. Тэгэхээр нь “Таныг өнөөдөр амар гэсэн. Та харьж амар.” гэж хэлсэн. Тэгсэн удахгүй харилаа гэж хэлээд гадаа сууж байсан хэсэг хүмүүстэй маргалдаж байгаад орж ирээд надаас тамхи асууж тамхи татсан. Гэтэл худгийн гаднаас нэг залуу орж ирээд Б-г явъя гэж хэлсэн чинь Б ах газраас тоосго аваад нөгөө ахын толгой руу шидсэн ба тэр ахын толгой нь хагарсан.” гэх мэдүүлэг[4],

 

            Гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би .........  аймгийн ........... сумын ......... дугаар баг ...........-ийн ......  тоотод оршин суудаг. Тэр өдөр 8 цагийн орчимд Б, Г ах хоёр манайд ирж удалгүй араас нь Э ах орж ирсэн. Тэгээд бид хэд 0,75 литрийн архи хувааж уугаад манай гэрээс гарсан. Гэрээс гараад Б ах ажил руугаа явсан. Э ах харилаа гэж хэлээд явсан. Г ах бид хоёр манай найз бид хоёр манай найз болох Ж-ийн гэр лүү явахаар болсон. Ж-ийн гэрт очиход цоожлоод гараад явсан гэрт нь хүн байхгүй байсан болохоор гадуур өөр хүмүүстэй уулзаж явж байгаад Г ах бид хоёр манайд ирэхэд Э ах Б ахын ажлын үүдэнд толгойноос нь цус гарчихсан байж байсан. Би фудволкыг нь тайлаад толгойноос нь гарч байсан цусыг тогтоох гээд цус гарч байсан хэсэг дээр дараад өөрийн хашаанд байдаг монгол гэрт ороод хүйтэн усаар угаагаад тамединаар арчиж өгсөн.” гэх мэдүүлэг[5],

 

            Дархан-Уул аймгийн  Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “...хэсэг газрын үзлэг: толгойн зулай хэсэгт язарсан шархтай. ...” гэх яаралтай тусламжийн хуудас[6]

           

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 о ны 07 дугаар сарын 26-ны өдрийн 434 дугаартай “...Б.Э-ын биед духны хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Э-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл болно. Б.Э-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[7]

 

            Ц.Б-ы 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа явахдаа гэртээ байсан пивоны талыг уучхаад явсан. Гэтэл намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Архиа гаргачхаад ажил дээрээ ир, одоо яв гээд явуулсан. Тэгэхээр нь 6 дугаар худгийн хашаа байшинд амьдардаг Э, Г нартай уулзаж гадаа архи уусан. Тухайн үед 0,5 литрийн 2 шил архи уусан санагдаж байна. Тухайн үед Э ах гадаа надтай хамт архи уусан эсэхийг санахгүй байна. Э, Г нар архиа ууж дуусаа явлаа гээд явсан. Тэгэхээр нь би ажил хийж байсан ...........-ийн барилга руу орж суусан. Тухайн үед барилга дээр надтай хамт ажиллаж байсан Ж, С нар ажлаа хийгээд байцгааж байсан. Намайг худаг дотор сууж байхад Б.Э гаднаас айлын нохойнд хөөгдөөд орж ирж байсан. Тэгснээ алив явъя гээд намайг дуудахаар нь яагаад ч юм уур хүрээд түүний толгой руу тоосго аваад шидчихсэн. Би гэм буруугаа сайн ойлгож байгаа. Б.Э надаас 50,000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан. Бид хоорондоо учир зүйгээ ололцож эвлэрсэн.” гэх мэдүүлэг[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч Н-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь иргэн Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд учирсан духны хуйханд шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Б-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ц-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР