Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00349

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВЛ68013009 регистрийн дугаартай, Баасан овогт Жамбалын Туяагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Туяа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ж.Туяа нь 1968 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Одоо 54 настай. 1987 он болон 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Цэнгэл хоршоололд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ж.Туяагийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1992 оны, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1987, 1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 298 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 145 тоот албан бичиг, гэрч Б.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Туяа нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл хоршоонд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987, 1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№35, Б№01, ХН№32 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 298 тоот албан бичиг, Цэнгэл хоршоо нь 1993-1994 онуудад нийгмийн даатгалын байгууллагад 13,5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан талаар тодорхойлолт гаргасан Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 145 тоот албан бичиг, түүний 1991-1994 онд ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүний 1991-1994 онуудад ажиллаж байсан эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсний мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1992 оны, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь түүний дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг давхар нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баасан овогт Жамбалын Туяагийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл хоршоонд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ