| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
| Хэргийн индекс | 155/2017/00276/И |
| Дугаар | 00025 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00025
Ж.Улаанбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.Улаанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийн захирал Б.Мөнхсайхан нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 495 дугаар шийдвэртэй,
Ж.Улаанбаатарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймаг дахь “Дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж Завхан аймагт ажиллах хугацаандаа 2015 оны 5 сарын 8-ны өдөр ходоодны хорт хавдрын улмаас ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэгээд манай ар гэрийнхэн намайг группт оруулах гэсэн боловч ажлаас халагдсан тушаал авч ирж байж группт орно гэснийх нь дагуу ажлаас халагдсан тушаал авсан юм шиг байсан. Би тухайн үед хөдөлмөрийн чадварыг 90 хувиар алдсан учир энэ талаар сайн мэдэхгүй өнгөрөөсөн. ...2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхэлж би Мөнхсайхан даргатай хэд хэдэн удаа уулзсан. Намайг орон тооны өөрчлөлт гарвал ажилд авна гэж хэлж байсан боловч 2017 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас халсан тухай тушаал өгсөн. ... Уг шийдвэр нь 2016 оны 1 сарын 8-ны өдрөөр гарсан байх ба 2016 оны 1 сарын 3-ны өдрийн 0080220 тоот актыг үндэслэж гээд эрүүл мэндийн улмаас групп тогтоолгох болсон тул мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. Энэ шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдлээс гадна надад ямар нэг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл ийм шийдвэрийг өгөлгүйгээр халсан нь хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй, миний хөдөлмөрлөх үүргийг ноцтой зөрчиж хохироосон байна. Иймд намайг Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймаг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Мөнхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Улаанбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дулааны станц, дулааны шугам сүлжээ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ба уг байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын №21 дүгээр тушаалаар татан буугдсан байна. Дээрх шийдвэр нь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын шийдвэр биш болно. ... Ж.Улаанбаатар нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба энэ нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байдаг ба би энэ байгууллагын дарга эрх бүхий албан тушаалтан биш, харин Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байгаа учир манай байгууллагад хамаарах нэхэмжлэл биш байна. Иймд Ж.Улаанбаатарыг Дулааны станц, дулааны шугам сүлжээ ТӨААТҮГ-ын дулааны инженерийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох үндэслэл үгүй болно гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Улаанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүйн дээр миний Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээн зөвшөөрч олгосон эдлэх ёстой эрх эрх чөлөөг, өмгөөлүүлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж, өмгөөлөх боломж олгоогүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх шийдвэртээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Мэдээж хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, хүний асаргаанд, сэхэх эсэх нь тодорхойгүй, ухаан самуурсан байдалд миний бие ажлаас халсан тушаал гаргасныг мэдэх боломжгүй байсан нь хэнд ч ойлгомжтой бөгөөд сэхсэн ч бие муу байгаа нөхцөлд цаашид хүндрэх аюул байгаа үед надад хэлэх, өөрөөр хэлбэл муу мэдээ дуулгах ямар ч хүн байхгүй гэдгийг ухаан саруул бүх хүний мэдэх зүйл шүү дээ.
... Ажлаас халагдсанаа лавтай сайн мэдсэн өдөр нь 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдөр бөгөөд ийм тушаал байгааг одоо ирж “Хөвсгөл дулаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн дарга гээд байгаа Мөнхсайханаас мэдэж авсан. Энэ хүн таныг ажлаас чинь миний өмнөх дарга халсан юм билээ, тушаалаа бичиг хэргээс ав гэсний дагуу авсан. Харин бичиг хэрэг нь тушаал авсан огноог бичиг хэргийн дэвтэр дээр тэмдэглэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан ба авснаа эх хувийг өгөх боломжгүй, манайд хуулбар үнэн гэж дардаггүй гээд гаргасан. Энэ өдрөөр авсныг тус байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга ажилтай Д.Баярдалай нь “тушаалыг авахад би байсан, энэ өдрөөр авсан, би гарын үсгээ зурж тэмдэглүүлэх ёстой гэсэн” гэдгийг гэрчлээд байхад түүний мэдүүлгийг үнэлээгүй, үнэлээгүй талаар үндэслэлээ бичээгүй.
...хөдөлмөрийн хуулийн 129.2-г хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй. Тушаалын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж өгөөгүй гэжээ. Мөнхсайхан даргын үед тушаалын эхийг болон түүний хуулбарыг гэрчлүүлж авах ямар ч боломжгүй. Учир нь тэр хүн намайг манай ажилтан биш, “Дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга би биш, тэгээд ч энэ байгууллага манайд хамаагүй, би бол Дулаан станц Төрийн өмчит хувьцаат компанийн дарга, Улаанбаатарыг халсан тушаал манайд байх ёсгүй, байх ч үгүй гэж хээв нэг худлаа ярьж байгаа хүн тэр тушаалыг надад хэзээ ч өгөхгүй байсан. Тушаалын хуулбарын талаар манай өмгөөлөгч ч санаа тавиагүй. Хэргийн нэг тал байгууллага албан тушаалтан байгаа нөхцөлд ажилтан түүнээс гуйж нотлох баримт цуглуулна гэдэг зарим тохиолдолд хэцүү байдаг гэдгийг л харуулж байна. Нөгөө талаар шүүхэд энэ талаар хүсэлт гаргалаа ч Мөнхсайхан дарга бол манайд ийм тушаал байхгүй гээд өгөхгүй байсан. Гэсэн ч хуулбарыг шаардаж гаргуулах боломжтой.
Өмгөөлүүлэх эрхийг хангаагүй талаар: Өмгөөлөгч авсан хэдий ч шүүх хуралдаанд намайг өмгөөлөх бололцоогоор шүүх хангасангүй. Учир нь: Шүүгч шүүх хуралдааныг нээж улмаар чанга дуугаар дэгийг танилцуулсан бөгөөд нэг зүйлийг анхааруулж байсан. Тэр нь шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах, түүний зөвшөөрлөөр үг хэлэх, хэрэв зөрчвөл сануулах, танхимаас хөөж гаргах. Даргалагч үг хэлэх тайлбар гаргах эрхийг зөвхөн түүний зөвшөөрлөөр явагдаж байсан. Миний өмгөөлөгчөөр нэг ч тайлбар хэлүүлээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч гэж цохож хэлүүлж байсан. Шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцуулсан нь өмгөөлөгч талуудаас асуух асуулт байна уу, нотлох баримт шинжлэхэд ямар баримт шинжлэх вэ гэсэн зөвшөөрөл байсан. Намайг өмгөөлж хамгаалах үг хэлүүлээгүй. Аргаа ядахдаа өмгөөлөгч надад хэлэх үг, тайлбар, санал, дүгнэлт байна гэхэд хуралдаан даргалагч зөвшөөрөөгүй, түүнийгээ нэг тал чинь өмгөөлөгч аваагүй байна, тийм учир мэтгэлцэх зарчим алдагдана гээд зөвлөлдөх тасалгаанд орсон. Энэ байдлыг тэмдэглэлд тусгах ёстойг нарийн бичгийн даргад хэлж байсан. Одоо би өмгөөлөгч аваад өөрийгөө өмгөөлөх шаардлагагүй байжээ гэж халаглаж сууна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь Хөвсгөл аймаг дахь “дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж .... нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заажээ. Гэтэл шүүх нэхэмжлэлд дурдсан этгээд болох Хөвсгөл аймаг дахь “Дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг бус өөр этгээдийг хариуцагчаар татаж, иргэний хэрэг үүсгэх, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, шүүгч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжуудад хариуцагчийг “Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани” гэж дурджээ. Нэхэмжлэгч “Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани”-ийг хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаагүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нотлох баримт гаргуулах” хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1319 дүгээр захирамжаар хангасан атал захирамжийн заалт биелэгдээгүй буюу шаардсан нотлох баримтыг ирүүлээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй атал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Даваахүүг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 423 /хх- 12-р тал/, 424 /хх-14-р тал/ гэсэн 2 өөр дугаартай гаргасан, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Бямбасүрэнг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг “..шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл” гэсэн бланк дээр бичсэн зэрэг зөрчил гаргажээ.
Мөн нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Т.ГАНБАТ