Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 04

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0-157/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Батбилэгийн Мөнх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0256 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “Эко констракши” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Батбилэгийн Мөнх-Эрдэнэ /РД:УК97050939/

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Депогийн МТ ШТС-ын замд Hyundai Verna маркийн 59-75 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем,...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,...-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчснөөс явган зорчигч Б.Очгэрэлийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Депогийн МТ ШТС-ын замд Hyundai Verna маркийн 59-75 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем,...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км,...-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчснөөс явган зорчигч Б.Очгэрэлийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг

            2. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9/

            3. Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл: “...Салхины болон хажуугийн шилний байдал их хэмжээтэй хагарсан...Тээврийн хэрэгслийн гаднах байдал копуд цөмөрсөн, дээвэр хонхойсон...” /хх-ийн 10/

            4. Хохирогч Б.Очгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02:00 цагийн үед хогний машины жолооч Ганбат ахтай хамт Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэгт, Барс захын хогийг буулгачихаад 21 дүгээр хорооллын ойролцоо зогссон. Би машинаас бууж баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гарч байгаад замын голын тусгаарлах зурвас дээр ирээд зогстол урдаасаа хойшоо чиглэлд 3-4 суудлын автомашин явж байсны нэг автомашин нь эсрэг урсгал руу орж нөгөө автомашинуудаа гүйцэж түрүүлээд эргээд урсгалдаа ороод яваад байхаар нь тэр машинаас айгаад хойшоогоо биеийнхээ ар хэсгээр 4-5 зүүнээс баруун тийш алхтал хойноос урагшаа чиглэлд явж байсан автомашинд мөргүүлсэн. Тэгээд л юу болсныг мэдэхгүй эмнэлэг дээр ирээд ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

            5. Иргэний нэхэмжлэгч Д.Амарсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хюьндай Верна маркийн 59-75 УБЗ дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин. Б.Мөнх-Эрдэнэ нь манай хамаатан. Түүний аав Батбилэг бид 2 нэг айлын хүргэнүүд. 2016 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хюьндай Верна маркийн 59-75 УБЗ дугаартай автомашиныг Б.Мөнх-Эрдэнэ жолоодож явсан, би автомашинаа жолоодуулах зөвшөөрөл өгсөн...Би Б.Мөнх-Эрдэний аав хохирлыг төлөөд ямар ч байсан бусдыг гомдолгүй болгоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

            6. Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байхаа өдрийн сайн санахгүй байна, Барс захын хогийг ачигчтайгаа Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг дээр буулгачихаад буцаад явж байгаад Очгэрэл бид хоёр дэлгүүрээс ундаа, тамхи авахаар зогссон, би машинаа нэгдүгээр эгнээнд тавиад Очгэрэл дэлгүүр орохоор замын эсрэг тал руу явсан, би машиндаа өөрийн албаны бичиг баримтыг янзлаад сууж байтал машин сигналдах, мөн тас гээд мөргөх чимээ надад сонсогдсон, буугаад хартал Очгэрэл машинд мөргүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

            7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№4131/-ын дүгнэлт:

                        -Очгэрэлийн биед тархи доргилт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний шаант, танилзуур ясны ил хугарал, дух, зүүн шилбэ, хэвлийн язарсан шарх, дух, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34/ 

            8. CD-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Бичлэгийн 03 минут 12 секунд...ирж байгаа автомашин хүн мөргөж, мөргүүлсэн хүн автомашины урд шидэгдэж унаад, дараа нь автомашин зогсож жолооч бууж ирж байв...” /хх-ийн 15/

            9. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт №38 /хх-ийн 42-50/

            10. Техникийн шинжээчийн №189 тоот дүгнэлт:

                        -Hyundai Verna маркийн 59-75 УБЗ дугаартай автомашин жолоодон явсан жолооч Б.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Явган зорчигч Б.Очгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарч ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

                        -Hyundai Verna маркийн 59-75 УБЗ дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжтой байна.

                                    -Тооромзны мөр St-42.20м

                                    -Тооромзны идэвхжлийн коффцент – Кэ – 1,1

                                    -Зам дугуйн барьцалтын коффцент – ср – 0,7

                                    -…=82.58 км/ц

                        -Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот дүгнэлтийн 1-д “...хойд дугуйн тоормос барихгүй, их гэрлийн тусгал алдагдаж, эрчим нь муу, баруун гар талын хойд дугуйн хээ илэгдсэн, урд тэнхлэгт өөр өөр хэмжээтэй дугуй тавьсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

                        -Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөхгүй байна. /хх-ийн 56/

            11. Сэжигтэн Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 3 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын доод талд байрлах Депогийн автобусны буудлын ойролцоо Хюьндай Верна маркийн 59-75 УБЗ дугаартай автомашинаар ганцаараа, 2 дугаар эгнээгээр 50-55 км цагийн хурдтай явж байхад 1 дүгээр эгнээнд хогны том машин зогсож байсан, хажуу талаар нь гарах гэхэд өөдөөс ирж байсан 2 автомашин гэрэл гялбахаар нь хурдаа хасаад тоормосоо гишгэхэд хогны машины урдуур хүн гүйгээд гараад ирэхээр нь тоормосоо гишгээтэй зүүн гар тийшээгээ дартал тэр хүн машины урд хэсэгт мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 73/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, техникийн шинжээчийн №189 дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч Б.Очгэрэлд 951.500 /есөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг нөхөн төлсөн /хх-ийн 117/, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /“Эко констракши” ХХК-д туслах ажилтай/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд 1 жил 2 сарын хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоовол зохино.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын 1044030 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Батбилэгийн Мөнх-Эрдэнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Батбилэгийн Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эдлэх 1 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хавсаргагдаж ирсэн В ангиллын 1044030 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР