Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч /Б.Д/-д хариуцагдах,

            Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийг төлөөлж Н.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Х б” ХХК-ийн захирлаар Н.Б миний бие ажилладаг бөгөөд манай компани нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгосны дагуу хуульд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн.

Байцаагч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш “Х б” ХХК-ийн Мандал худалдааны төвд ирж Галын аюулгүй байдлын дүгнэлтийг авч явсан. Хойноос нь ажил дээр нь очиж уулзахад 1 дэх өдөр биеийн байцаалт, компанийн гэрчилгээгээ аваад хүрээд ирээрэй гэж явуулсан. Гэвч 20-ны өдөр оройны 7 цагийн үед биеийн байцаалт болон компанийн гэрчилгээгээ өрөөндөө авчрахыг шаардсан ба үүний дагуу бичиг баримтаа аваад очиход “Х б” ХХК-ийн галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14-р зүйлийн 1-д зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас бичигдчихсэн байсан. Манай компани Галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацааг сунгуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байцаагчид хүсэлт тавьж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шууд торгосонд нь гомдолтой байна. Хяналт шалгалт хийдэг төрийн албан хаагчийн ажил нь дэс дараалалтай хийгддэг юм билээ.

Миний бие хугацаа сунгуулах тухай хүсэлтийг бичгээр 2019 оны 9 дүгээр 11-ний өдөр өөрийн компанийн ажилтан Э.Даар хүргүүлж байсан боловч Б.Д байцаагчийг эзгүй байна гээд аваагүй байсан.

Мөн галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.2, Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах журмын 2.1-т тус тус заасныг зөрчсөн зөрчил илрүүлсэн гэж үзэж байгаа бол энэ зөрчлийг арилгуулах арга хэмжээ болох Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан “шаардлага, мэдэгдэл болон биелэлтэд хяналт тавих” эрхээ хэрэгжүүлж, мөн зөвлөн туслах үүргээ огт биелүүлэлгүй шууд торгож байгаад гомдолтой байна. Миний бие зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдсэн, ямар зөрчил дутагдал гарсныг болон өмнө нь хандаж байсныг сайн судалж тогтоогоогүй. Тухайн өдөр байцаагч өрөөнд орж ирээд дүгнэлтийг аваад хэдэн түрээслэгчтэй уулзаад явсан. Хоёр давхараар ч ороогүй. Хоёр давхарт засвар хийсэн ганц өрөөний хоёр метр хэртэй сул утас л байсан, өөр сул утастай газар байх ёсгүй. Аль утсыг яриад байгааг ойлгохгүй байна. Б.Д байцаагчийг надад зориулж ажилласан  гэж бодож байна. Энэ тухай өөрт нь ч хэлсэн. Бусад хүмүүстэй барьцаж байгаа юм биш. Ер нь онцгой байдлын дүгнэлтийн хугацааг хэтрүүлэх нь битгий хэл огт аваагүй байгаа газар зөндөө байдаг. Тэрийг одоо яриад яахав. Иймэрхүү байдлаар ажлаа хийдэггүй байж сунгуулах хугацаа ажлын 5 хоног хэтэрсний төлөө шууд торгож байгаад нь гомдолтой байна.

Хүн хардах эрхтэй. Байцаагч өмнө нь өөртөө болон албан газартаа мөнгө өгөхийг надаас шаардаж байсан. Мөнгийг нь өгч байсан. 2018 оны 9 дүгээр сард 100000 төгрөгийг Б.Дын хувийн дансанд шилжүүлсэн. Баримт нь бий. Тэгэхэд арай дутуу мөнгө өглөө нэмээд өгч болохгүй юм уу гэж хэлж байсан. Үүнээс үндэслээд намайг мөнгө өгөөгүйд хариугаа авч байна гэж ойлгосон. Тийм учраас би гомдол гаргасан, өөрт нь ч хэлсэн. Төрийн албан хаагч, төрийн байгууллагатай би зөндөө харьцдаг. Манай компанид  ийм зөрчил дутагдал байна гэж зөвлөдөг ч юм уу эсхүл албан шаардлага хүргүүлээд түүнийг нь биелүүлээгүй тохиолдолд торгуулсан бол гомдол, санал байхгүй байх байсан. Энэ хүн ажлаа хийж байгаа би Монгол улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй. “Х б” ХХК нь Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү“ гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Х б ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Х б ХХК-д  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Д 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан галын аюулгүй байдлын журам зөрчсөн гэх үндэслэлийн “галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан” гэх ганц үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж 1 сая төгрөгөөр торгосон. Гэтэл Х б ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа сунгуулах талаар албан бичгээр хүсэлтээ өгч байсан. 9 хоногийн дараа шалгалт хийхдээ байцаагч өөрийн бүрэн эрхийн хэмжээнд зөвлөн туслах болон шаардлага, мэдэгдэл хүргүүлэх, хяналт тавих ажлыг огт хийгээгүй. Зөвхөн торгох арга хэмжээ авсан. Хариуцагчаас таны ажлын үндсэн зорилго юу вэ гэж асуухад гал түймрээс урьдчилан сэргийлэх гэж байна. Энэ зорилгынхоо хүрээнд гал түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Энэ эрх Дундговь аймгийн хэмжээнд ганцхан Б.Дд байдаг. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэлгүй торгох байр сууринаас хандаж шийтгэлийн хуудсыг гаргасан гэж үзэх үндэстэй байна.

Хоёрдугаарт тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1-р зүйлд зааснаар тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тодруулах ёстой байсан. Түүний дараа зөрчил мөн үү, биш үү гэдгийг шалган тогтоох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэсэн материалд Н.Быг Х б ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ганц гарын үсэг байна. Тайлбар мэдүүлэг авсан гэх боловч гарын үсэг байхгүй, Н.Б мэдүүлэг аваагүй гэдэг. Эхэлсэн огноо, цаг байгаа боловч дууссан огноо, цаг байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэсэн тэмдэглэлд гарын үсэг байдаггүй. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажлын 3 хоногт дугаар авсан гэх боловч энэ талаар огт баримт байхгүй байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Мөн Х б ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2, 17.2.1, Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмын 4 дүгээр хавсралтыг зөрчсөн тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гал түймрийн улсын байцаагчийн бүрэн эрх болон мөн энэ хуулийн 25.2-т заасны дагуу “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх” заалтаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Торгуулийн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 буюу галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй үйлдэл. Аж ахуй нэгжийн галын аюулгүй байдлыг хангах үүрэг нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д гал түймрийн улсын байцаагчийн бүрэн эрхийг заасан. Би албан шаардлага, мэдэгдлийг 2018 онд хяналт шалгалт хийж байхдаа өгч байсан. Тухайн байгууллага Галын аюулгүй байдлаа Галын аюулгүй байдлын тухай хуулиар хангах ёстой. Өнөөдрийн байдлаар тухайн байгууллага 75 түрээслэгчтэй, түрээслэгчдээс нэг нь ч галын аюулгүй байдлын талаар сургалтад хамрагдаагүй, ямар ч сургалтад хамруулаагүй, галын аюулгүй байдлыг хангах талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бий. Наад захын нэг түрээслэгчийн өрөөгөөр ороход цахилгааны монтаж нь ил, маасласан утас их, тавигдсан байгаа галын хорны тал нь цэнэггүй, тал нь цэнэгтэй. Түүнд яаж хяналтын үзлэг шалгалт хийхээ ч мэдэхгүй байна. Тухайн аж ахуй нэгж байгууллага нь галын аюулгүй байдлыг хангах талаар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Онцгой байдлын газарт “Х б” ХХК-иас ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацааг сунгуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байцаагчид хүсэлт тавьсан гэх боловч хүсэлтийн албан бичиг манай байгууллагын бичиг хэрэгт ирээгүй байсан. Гал түймрийн хяналтын улсын байцаагч ажил дээрээ байхгүй байгаа тохиолдолд тухайн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтанд хүсэлтийг оруулаад өгөх боломжтой байсан. Дундговь аймгийн 15 сум, аж ахуй нэгжийг хариуцаж нэг гал түймрийн хяналтын улсын байцаагч ажилладаг. Мөн миний бие нь шинээр ашиглалтад орох барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд ордог. Зураг орж ирвэл зураг дээрээ мөн сууж ажилладаг юм.

Шинжээчийн бүрэлдэхүүнд томилогдон 2019 оны 9 дүгээр сарын 9-нд Адаацаг суманд гал түймрийн хэрэг дээр ажилласан. 10-нд Дэлгэрхангай суманд мөн ажилласан. 11-ний өдөр ирээд төлөвлөгөөт бус шалгалттай байсан. 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр байсан. Гэхдээ тухайн нөхцөл байдалд байгаагүй юм байна. Холбогдогчоос тайлбар авсан тэмдэглэлд Б гарын үсэг зурахгүй гэсэн. Энэ тухай тайлбар бичүүлээгүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэсэн тэмдэглэлтэй нь танилцуулаагүй. Анх дүгнэлт олгохдоо “хугацаа нь дуусвал ийм арга хэмжээ авдаг шүү” гэж хүн болгонд  амаар сануулдаг. Монгол Улсын шадар сайд болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжууд төлөвлөгөөт шалгалт гэж явдаг. Орон нутгийн Онцгой байдлын дарга нарын баталсан удирдамжууд төлөвлөгөөт бус хяналт шалгалт болдог. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Энэ удирдамж зөрчлийн материалд байхгүй. Тухайн шийдвэрийн огноо, дугаарыг санахгүй байна.  Тухайн өдөр 5 газарт шалгалт хийсэн. Одоо ямар байгууллагад хийснээ мөн санахгүй байна. Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, дугаар авсан. Гэхдээ зөрчлийн материалд тэмдэглэгдээгүй байна. Прокурор Баянмөнх миний зөрчлийн баахан материалыг хянаад надад албан шаардлага хүргүүлсэн байдаг. Үүн дотор энэ материал байсан. Энэ мөнгө шилжүүлсэн данс миний хувийн данс мөн. Өөр хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь Дундговь аймгийн Онцгой байдлын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Дд холбогдуулан улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 дугаар  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.  

Дундговь аймгийн Онцгой байдлын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Х б” ХХК-ийн Мандал Худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, шалгалтаар “Х б” ХХК-ийн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дууссан болохыг тогтоожээ.

“Х б” ХХК-ийн гаргасан дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, ... бол ... хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гэвч шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.   

1. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “... Орон нутгийн Онцгой байдлын дарга нарын баталсан удирдамжууд төлөвлөгөөт бус хяналт шалгалт болдог. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Энэ удирдамж зөрчлийн материалд байхгүй. Тухайн шийдвэрийн огноо, дугаарыг санахгүй байна ...” гэж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэлээ тайлбарладаг хэдий ч  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд тухайн баримт авагдаагүй, мөн хариуцагч нь эрх бүхий албан тушаалтнаас баталсан гэх шийдвэрийнхээ огноо, дугаарыг тодорхойлж чадахгүй байгаа зэргээс нь үзвэл Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.5-т “Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.   Тодруулбал төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтнаас баталсан шийдвэр, удирамжгүйгээр явуулсан гэж үзэх нь үндэслэлтэй байна.

2.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-т “эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байх бөгөөд мөн хариуцагчаас шүүх хуралдаан дээр “... Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, дугаар авсан. Гэхдээ зөрчлийн материалд тэмдэглэгдээгүй байна ...” гэж тайлбарлах боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас нь үзвэл прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллагын тамга, тэмдэг, дардас, гарын үсэг зэргээс аль нь ч тэмдэглэгдээгүй байна. Мөн улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 дугаар  шийтгэлийн хуудасны эх баримт болон хуулбар дээр эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурсан байх боловч тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

  3. Нэхэмжлэгчээс “... Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан “шаардлага, мэдэгдэл болон биелэлтэд хяналт тавих” эрхээ хэрэгжүүлж, мөн зөвлөн туслах үүргээ огт биелүүлэлгүй шууд торгож байгаад гомдолтой байна ...” гэж, хариуцагчаас “... Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гал түймрийн улсын байцаагчийн бүрэн эрх болон мөн энэ хуулийн 25.2-т заасны дагуу “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан ...” гэж тус тусын тайлбарыг гаргана.

Эрх бүхий албан тушаалтан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Х б ХХК-ийн “галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулахдаа түүний гаргасан зөрчлийн шинж байдалд хамаарах хэтрүүлсэн хугацааг /өдрийг/ харгалзан үзэж Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “... илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага, мэдэгдэл бичих, биелэлтэд хяналт тавих” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад шууд торгосон нь хяналт шалгалтын ажлын зорилготой нийцэхгүй байна. Аливаа хяналт шалгалтын ажлын зорилго нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох явдал юм.  

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... сунгуулах тухай хүсэлтийг бичгээр 2019 оны 9 дүгээр 11-ний өдөр өөрийн компанийн ажилтан Э.Даар хүргүүлж байсан боловч Б.Д байцаагчийг эзгүй байна гээд аваагүй байсан …” гэх тайлбар нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, түүнчлэн галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацааг сунгуулах өдрийг хэтрүүлэх үндэслэл шалтгаан биш бөгөөд мөн нэхэмжлэгч нь “... Байцаагч өмнө нь өөртөө болон албан газартаа мөнгө өгөхийг надаас шаардаж байсан. Мөнгийг нь өгч байсан. 2018 оны 9 дүгээр сард 100000 төгрөгийг Б.Дын хувийн дансанд шилжүүлсэн. Тэгэхэд арай дутуу мөнгө өглөө нэмээд өгч болохгүй юм уу гэж хэлж байсан ...” гэх асуудлаар эрх бүхий албан тушаалтны удирдлага болон харъяалах дээд шатны албан тушаалтанд нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 3, Хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дундговь аймгийн Онцгой байдлын гал түймрийн улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0134104 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

   

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц