Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 677

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Г-т холбогдох 1808000950212 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ны Г, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............ дүүргийн .... дүгээр хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/,

Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “С Х” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн М.О-ыг “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, хоолойг нь боож, хүч хэрэглэн довтолж, “Хавай Е-6” загварын гар утсыг гараас нь шүүрч дээрэмдэж, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-г бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийн цагдан хоригдсон 26 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Г бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт Б.Г-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие найз Гантогтохтой ууж байгаад Гантогтохоос салж гэр лүүгээ харихаар явж байх замд урдаас нэг охин утсаар ярьсан байдалтай гарч ирсэн. Тэр үед утсыг нь булаагаад цаашаа гүйсэн. Гүйж байхдаа хийсэн үйлдэлдээ гэмшиж, нөгөө охиноос уучлалт гуйж, утсыг нь өгөхөөр эргэн очсон. Гэтэл найз Гантогтох эхнэрийнхээ хамт машинтайгаа тааралдаад “хариагүй байгаа юм уу, хүргээд өгөх үү” гэхэд нь “энэ охины утсыг хүн аваад зугтаачихсан гэнэ, гэрт нь хүргээд өгье” гэхэд найз Гантогтох зөвшөөрсөн. Охиноос уучлал гуйгаад утсыг нь өгөх гэхээр 2 найзаасаа санаа зовоод өгч чадаагүй, мөн гэрийнх нь гадаа очиход аав нь хүлээж байсан болохоор айгаад бас өгч чадалгүй явуулсан. Хорооны цагдаад өнгөрсөн шөнийн хэргийн талаар хэнд хандаж хэлэх учраа олохгүй байсан. Цагдаа надад бичлэг үзүүлээд “энэ хүнийг таних уу” гэж асуухаар нь “би байна” гэдгээ хэлсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Б.Г нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, нэмж хохирогчид 300.000 төгрөг бэлнээр өгсөн, төлөх төлбөргүй. Б.Г нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж” шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татагдаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дахь хэсэгт зааснаар үйлдсэн хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.  

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “С Х” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн М.О-г “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, хоолойг нь боож, хүч хэрэглэн довтолж, “Хавай Е-6” загварын гар утсыг дээрэмдэж, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.О-н “... намайг гэр лүүгээ алхаад явж байтал 20 орчим насны шар царайтай нэг залуу гарч ирээд “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би орилоод гар утсаа өгсөн...” /хх 23/, гэрч Д.М-н “...манай охин М.О 00 цаг өнгөрч байхад надтай утсаар ярьж байгаад гэнэт орилоод гар утас нь холбогдохоо больчихсон...” /хх 28/, гэрч Г.С-н “...би дэлгүүрийн камерийн бичлэгийг Б.Г-т үзүүлэхэд тэрээр “энэ би мөн” гээд дээрэм хийсэн тухайгаа хэлсэн. Гар утас нь хаана байна гэхэд Б.Г “надад байгаа” гэж хэлээд авчирч өгсөн...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,  

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7/, эд зүйлд үнэлгээ тогтоосон “Арвижих эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 41, 50/ болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгон өөрчилж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.