Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00352

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВЮ67013109 регистрийн дугаартай, Маяа овогт Сүрэнгийн Нансалмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Нансалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Одоо 50 настай, 5 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. 1985 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянхонгор сумын хотын захиргааны харъяа Номгон хоршоололд саальчин байсан. Энэ хугацааны зөрүүг шүүхээр баталгаажуулж өгнө үү гэв.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор хотын захиргааны харъяа Номгон хоршоолол татан буугдах хүртэл С.Нансалмаа нь саальчнаар ажилласан бөгөөд түүний ажиллаж байсан байдлын талаар гаргасан архивын лавлагааг үндэслэн түүний1985 оны 01 дүгээр сараас 1991 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар С.Нансалмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1985, 1988, 1989 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 92 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 70 тоот, 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 тоот, 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 62 тоот тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

С.Нансалмаа нь 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Номгон хоршоололд саальчин гахайчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүнийг саальчин, гахайчнаар ажилд томилсон “Ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 70 тоот тушаал, түүнийг саальчны ажлаас чөлөөлж гахайчнаар ажилд томилсон “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаал, түүнд хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгосон “Нярай хүүхэдтэй эхэд тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 тоот тушаал, түүнд 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө олгосон “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 62 тоот тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Маяа овогт Сүрэнгийн Нансалмаагийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Номгон хоршоололд саальчин, гахайчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Нансалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ