Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00353

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3-20 тоотод оршин суух, эрэгтэй, ВЭ62052811 регистрийн дугаартай, Онхоодой овогт Мижээгийн Данзанхоролын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Данзанхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Данзанхорол шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1962 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Одоо 55 настай, тэтгэвэрт орох гэтэл Баянхонгор аймгийн Барилга үйлдвэрийн уурын зууханд машинистаар 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар М.Данзанхоролын иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986, 1992, 1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 399 тоот албан бичиг, Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1984 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот, 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 174 тоот, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 141 тоот, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 279 тоот, 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 тоот тушаал, Баянхонгор дахь Барилгын трестийн Барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 69 тоот, 1993 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 47 тоот тушаал, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 тоот албан бичиг, гэрч Ц.Должингийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

М.Данзанхорол нь 1983 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгын трестийн Барилгын материалын үйлдвэрт уурын зуухны машинистаар, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтан тулгуур ХК-д уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь 1984 оны орон тоо, сарын цалингийн фондыг баталж, М.Данзанхоролд сарын 325 төгрөгөөр тогтоосон “1984 оны орон тоог батлах тухай” Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1984 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот тушаал, шинээр мэргэжил эзэмшсэн ба мэргэжлийн зэргээ ахиулсан, бататгасан ажилчдад мэргэжлийн зэргийг шинэчлэн тогтоож, М.Данзанхорол-уурын зуухны машинист гэх “Мэргэжлийн зэрэг олгох тухай” Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1985 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 174 тоот тушаал, түүнийг түр хугацаагаар өөр ажилд томилсон “Хийснээр түр цалинжуулах тухай” Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 141 тоот тушаал, төмөр бетон заводын бүтээгдэхүүний нэр төрлийн төлөвлөгөөг биелүүлэх, өвлийн бэлтгэл ажлыг түргэтгэх талаар зарласан уралдааныг дүгнэсэн протоколыг үндэслэн түүнийг 50 төгрөг, баярын бичгээр шагнасан “Шагнах тухай” Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 279 тоот тушаал, 1989 оны орон тоо цалингийн фондыг баталж, түүнд сард 325 төгрөгөөр цалин бодож олгосон “Орон тоо цалингийн фонд батлах тухай” Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 тоот тушаал, түүнийг өөр ажилд түр томилсон Баянхонгор дахь Барилгын трестийн Барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 69 тоот тушаал, түүнд 3000 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгосон “Тэтгэмж олгох тухай” Баянхонгор дахь Барилгын трестийн Барилгын материалын үйлдвэрийн даргын 1993 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 47 тоот тушаал, түүний 1986, 1992, 1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 399 тоот албан бичиг, Алтан тулгуур ХК нь 1993-1994 онд нийгмийн даатгалын байгууллагад 13,5 хувиар тэтгэврийн шимтгэл төлж харьцаж байсан талаар тодорхойлолт гаргасан Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ц.Должингийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүний 1980-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтууд түүний дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг давхар нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Онхоодой овогт Мижээгийн Данзанхоролын 1983 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгын трестийн Барилгын материалын үйлдвэрт уурын зуухны машинистаар,

1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтан тулгуур ХК-д уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан М.Данзанхоролын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ