Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/740

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Ц-т холбогдох 1908 06202 1477 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн гал түймэртэй тэмцэх ** дугаар ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Б-ын Ц, регистрийн дугаар ********,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Петровисийн агуулахын урд талд М-гийн эзэмшлийн **** УНУ улсын дугаартай тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Ц.Ч-аас зугтахдаа түүнийг машины урд копут хэсэгт гарсан байхад нь зогсоох үйлдэл хийлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойт хорооллын зүүн талын замын хэсэгт унагааж эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :    

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 27-с 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Петровисийн агуулахын урд талд М-гийн эзэмшлийн **** УНУ улсын дугаартай тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Ц.Ч-аас зугтахдаа түүнийг машины урд копут хэсэгт гарсан байхад нь зогсоох үйлдэл хийлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойт хорооллын зүүн талын замын хэсэгт унагааж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4-6/,  

- хохирогч Ч.Ч-ын...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр Хятад руу явсан, би 22 цагийн үед 22-н товчоо ороод буцаад явж байхад Саппорагийн тэр орчимд манай эхнэрийн эзэмшлийн *** УНУ улсын дугаартай тоёота приүс маркийн машин явж харагдахаар нь дагаж байгаад зогссон газар очиж уулзах гээд араас нь дагасан ба Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах петровис ХХК-ийн агуулахын урд талын автобусны буудал дээр нөгөө залуу зогсоод 1 залуу буугаад бие засаад зогссон, яваад зугтаад машиндаа суугаад  хаалгаа цоожлохоор нь урд нь очоод зогсоход урагшаа хөдлөөд намайг мөргөж би урд машины хамар дээр гарч хэвтээд гараараа машины шил арчигчаас зуурч тогтсон тэгээд нөгөө залуу чинь шууд хөдлөөд 4-5 км орчим явсан энэ хооронд би чи зогсооч ээ хүн алах нь байна шүү дээ гэж хэлэхэд намайг унагаах оролдлого хийж, машиныхаа хүрдийг 2 тийш огцом дарж, толгойтын эцсийн орчимд огцом тооромсолж, би газарт унасан, тэр яваад өгсөн....гэх мэдүүлэг /хх-29-30, 9-10/,  

 - хохирогч Ц.Ч-ын мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-98-101/,    

- шинжээчийн дүгнэлт...Ц.Ч-ын биед тархи доргилт, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-17-18/,

- хохирогчийн..лазер мед эмнэлэгт, гэмтэл согог үндэсний төвд үзүүлсэн баримт /хх-11-14/, хохирол мөнгөний баримт  /хх-ийн 15-16/,

- гэрч Л.З-гийн...2019 оны 11 сарын 27-ны орой..00 цаг өнгөрч байхад цагаан приүс машин гэнэт гудамжны үзүүр дээр гарч ирсэн бөгөөд хамар дээр дээрээс нь хүн зүүгдсэн байсан. Тэр цагаан приүс машин гэнэт тормослосон чинь хамар дээрээс нь зүүгдсэн хүн 1.5 метрийн зайтай хойшоогоо савж унасан. Унахдаа цонхны шил арчигчийг татаад эвдлээд унасан. Тэр хүнийг газар унасны дараа цагаан приүс машинтай хүн буцаж эргээд ирсэн зүг рүүгээ яваад өгсөн. М бид хоёр машинаас буугаад яанаа ахаа зүгээр үү гэж асуусан чинь миний машиныг аваад зугтаачихлаа гэж хэлхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, түргэн тусламж дуудсан.. гэх мэдүүлэг /хх-103/

- гэрч С.У-ын...Дуудлагын дагуу очин Ц.Ч гэдэг хүнтэй уулзахад манай эхнэрийн машиныг тэр залуу Нарангийн голын эргэдэгийн орчимд унасан явж байхаар нь урдаас нь гүйж очоод зогсоох гэсэн чинь намайг мөргөөд хөдлөхөөр нь би хамар дээр нь гарч копуднаас нь бариад явсан чинь хойшоо эргээд явж байгаад толгойт хорооллын орчимд зам дээр санаатай унгаачихлаа гэж хэлж байсан бөгөөд Ц.Ч-ыг 103 эмч үзэж байсан. Цагаан өнгийн приүс 20 машин байхгүй явсан байсан...гэх мэдүүлэг /хх-83/,

- гэрч Н.М-гийн...би  2019.11.27-ны өдөр Хятад улс руу ажлаар явах байсан юм тэгээд түүний өмнөх өдөр буюу 11 сарын 26-ны өдөр Ц над руу яриад би сургуулиа төгсөх дөхөж байгаа юм маргааш налайх руу явах ажил байгаа юм та урагшаа явах гэж байгаа юм бол түр машинаа өгөөч гэсэн. Тэгэхээр нь би явахдаа төмөр замын галт тэрэгний буудлын машины зогсоол дээр машинаа байрлуулаад түлхүүрийг нь нэг дэлгүүрт үлдээчихье чи авчих гэсэн, 3 хоноод эргээд Монголд ирэхэд машиныг байсан газар нь тавиад түлхүүрийг анх байсан дэлгүүрт нь орхисон байсан..гэх мэдүүлэг /хх-37-38/,   

- “Виннэр вэй” ХХК-ийн хөрөнгийн  үнэлгээний..Тоёота Приүс 30 маркийн автомашины 2 ширхэг шил арчигчийг 59,940/ тавин есөн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгөөр тогтоосон...гэх дүгнэлт /хх-58-61/,     

- шүүгдэгч Б.Ц-ын...Би 2019 оны 10 дугаар сараас эхэлж 22 товчооны машины зах дээр Ч гэдэг хүний авто угаалга дээр ажилладаг байсан. Ч гэдэг хүний эхнэр нь Мягмарсүрэн гэдэг бөө хүн байсан ба ажил дээр өвөөгөө буулгаад архи уучихаад надаар машинаа бариулаад гэртээ хүргүүлээд таксины мөнгө өгдөг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Мягмарсүрэн эгчтэй вокзал дээр тааралдсан ба урагшаа явах гэж байна гэхээр нь хэд хоног явах юм бэ гэхэд 3 хоног явна гэж хэлэхээр нь эгч машинаа надаа өгчих би 3 хоног машиныг чинь унаад өгье гэж хэлсэн чинь тэг тэг, харин намайг ирэхэд машин энд тавиад түцэнд түлхүүрийг нь үлдээчихээрэй гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь аваад гэртээ очоод хувцсаа сольчихоод Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр нефтийн петровисийн колонкийн урд зогсож байсан чинь Мягмарсүрэн эгчийн нөхөр Ч над руу одоо чамайг ална гүйж ирсэн бөгөөд гартаа хутга шиг юм барьсан байхаар нь айгаад шууд машинд суугаад хөдөлсөн чинь копуд дээр үсрээд гарсан. Тэндээс хойш толгойтын хуучин эцэс чиглэлд 500-600 метр яваад Нарангол, Толгойтын эцэс хоёрын салдаг уулзвар дээр зогссон. Би энэ хооронд 40 км цагийн хурдтай л явсан. Би зогссон чинь Ч машины копуд дээрээс буухаар нь би ухарсан чинь Ч ах машины шил арчигчнаас татаж эвдэлсэн. Би тэндээс шууд яваад машиныг нь вокзал дээр үлдээгээд Кирклэс нэртэй дэлгүүрт түлхүүрийг нь үлдээсэн...гэх мэдүүлэг /хх-89-91/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд обьектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Б.Ц-ыг хохирогч Ц.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 233.000 төгрөгийн баримт гаргасан / х-15-16х/, тус хохирлыг шүүгдэгч төлсөн байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-53, 89, 106, 107, 108-110, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.

Шүүгдэгч Б.Цын 2019.11.27-с 28-нд шилжих шөнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг ”хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд ;   

1. Үндсэн хуулийн цэцийн 2021.06.11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор : Улсын Их хурлаас 2020.01.10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг бүхэлд нь баталсан өдрөөс нь хүчингүй болгосон байх тул Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тийнхүү өөрчлөлт оруулахаас өмнө үйлчилж байсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх  хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн тухайн зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн зарим гэмт хэрэгт хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж ойлгоно.                 

Тодруулбал, “2020.01.10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйл буюу “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэх зохицуулалт мөн  хүчингүй болсон тул 2020.01.20-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг хэрэглэхэд “Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны өмнөх ба дараах зохицуулалтын аль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эсэх”-ийг үндсэн шалгуур болгох ба хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байгаа тохиолдолд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.20-ны өдрийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзнэ.        

2.  Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журам нь Эрүүгийн хуулиар нэгэнт нарийвчлагдан зохицуулагдсан буюу эрүүгийн хуулийн “гипотез хэм хэмжээ”-нд хамаарах зохицуулалт болох тул гагцхүү Эрүүгийн хуулийн зохицуулах зүйлсэд хамааралтай гэж үзнэ, харин тус асуудлыг эрүүгийн процессын шинжийг агуулсан хэмээн хоёрдмол утга агуулгаар тайлбарлан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болно. Учир нь :     

Эрүүгийн хууль бол материаллаг суурь хууль, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх (эрүүгийн процессын) тухай хууль бол Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэгдсэн процесс ажиллагааны дэг журмын цогц гэж үздэг учраас нэгэнт Эрүүгийн хуулийн зохицуулсан асуудлыг эрүүгийн процессын шинжтэй гэж үзэх үндэслэл хангагдахгүй байна.          

Мөн Эрүүгийн процессын хуулийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг огт зохицуулаагүй, харин гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах, хянах, хянан шийдвэрлэх хугацааг тус тус нарийвчлан зохицуулжээ.  

Энэ нь гэмт хэргийг “Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журам”-ын хүрээнд түргэн шуурхай мөрдөх, хянах, хянан шийдвэрлүүлэхэд чиглэгдсэн зорилго, утга агуулгатай, харин гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журамтай хамааралгүй гэж үзэх үндэслэлийг  илэрхийлж байна.       

Нөгөө талаас Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам”-ыг Эрүүгийн процессын шинжийг агуулсан хэмээн эргэлзээ үүсгэх     тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтын аль нь илүү нарийвчилсан болон гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгааг тус тус шалгуур болгон хэрэглэх үндэслэлтэй гэж үздэг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар шүүгдэгч Б.Цын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг ”хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдав.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 34.19 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4  дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :        

1. Шүүгдэгч Б.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар шүүгдэгч Б.Цын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.               

3. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.           

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.          

            5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР