Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00356

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 12 дугаар гудамжны 307 тоотод оршин суух, эмэгтэй, ЧБ79102906 регистрийн дугаартай, Их хойд овогт Лхагвадоржийн Өнөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-2-23 тоотод оршин суух, эрэгтэй, ХА76091072 регистрийн дугаартай, Хамбин овогт Хамбины Энхтогтоход холбогдох

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Өнөр, хариуцагч Х.Энхтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Өнөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 оны 7 сард иргэн Х.Энхтогтохтой танилцсан ба 2009 оны 02-р сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн албанд гэрлэлтээ батлуулж 0117915 дугаартай гэрчилгээ авсан юм. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 4-р сарын 20-ны өдөр миний хүү Энхтогтохын Цэнгүн төрсөн, одоо 8 настай, 2011 оны 01-р сарын 20-нд хүү Энхтогтохын Чинбаяр төрсөн одоо 6 настай. Х.Энхтогтох нь ийнхүү амьдарч байх хугацаандаа байнга хөдөө орон нутагт ажил хийнэ гэж хэлээд явдаг байсан хэдий ч бид элдэв хэл, амгүй, бусдын адил амьдарч байгаад 2010 оноос тэрээр өөр эмэгтэй хүнтэй холбогдсон асуудал үүсгэж, нөгөө хүн нь надруу “Би сар гарантай жирэмсэн, чи салчих” гэх мэт утгатай мессеж явуулж дарамтлах болсон бөгөөд түүнээс хойш Х.Энхтогтох нь гэртээ тогтвор суурьшилгүй болж үүнийгээ хөдөө орон нутагт ажилладагтайгаа холбож тайлбарлаж байсан тул миний бие 2012 оны хүртэл 2 жилийн хугацаанд амьдралаа, хүүхдүүддээ бодож засрахыг нь хүлээж байсан. Гэтэл 2012 онд Х.Энхтогтох нь гэрээсээ яваад эргэж ирээгүй, сүүлд сонсоход Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байгаа сураг сонсогдсон болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Энхтогтох шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Энхтогтох миний бие нь 2007 оны 7 дугаар сард Л.Өнөртэй танилцсан. 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 онд миний хүү Цэнгүн, 2011 онд онд хүү Чинбаяр нар төрсөн. Миний бие хөдөө орон нутагт ажилтай, барилгын ажил эрхэлдэг. Хол тусдаа амьдарч байсны гайгаар бидний харьцаа хөрсөн, сэтгэлд сэв суусан. Одоо Л.Өнөр нь надаас гэрлэлтээ цуцлуулж өөр хүнтэй суух хүсэлтэйгээ удаа дараа надад хэлсэн ба түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Х.Энхтогтох миний бие Бөмбөгөр суманд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Албан ёсны эхнэр хүүхэд байхгүй, ганц бие амьдран сууж байна. Хамтран амьдарч буй хүн гэвэл 1962 онд төрсөн 55 настай манай айлын А.Наранцэцэг гэдэг эгчтэй, хүүхдүүдтэй нь хамт амьдардаг. Х.Энхтогтох миний бие Л.Өнөрөөс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Э.Цэнгүн, Э.Чинбаяр нарыг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрөв. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Э.Цэнгүн, Э.Чинбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, сургууль, эрүүл мэндийн төв, дүүргийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Өнөр нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Энхтогтох зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Л.Өнөр, хариуцагч Х.Энхтогтох нар нь 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.Цэнгүн, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Э.Чинбаяр нар төрж одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмч болон сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.

“... Х.Энхтогтох нь хүүхдүүдээ бага байхад ажил хийнэ гээд Баянхонгор аймаг яваад эргэж ирээгүй биднийг орхисон, хожим сонсоход тэндээ өөр хүнтэй гэр бүл болон хамт амьдарч байгаа гэсэн.Би одоо хамтран амьдардаг хүнтэй болсон тул бид хоёр гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон...” гэх нэхэмжлэгч Л.Өнөрийн,

“...хол тусдаа амьдарч байгаад би өөр хүнтэй гэр бүл болсон нь үнэн, одоо бол ганцаараа амьдардаг, бид 2 гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон..”гэх хариуцагч Х.Энхтогтохын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн тэдгээрийн 2012 оноос тусдаа амьдарсан, амьдралын бодит байдал үүссэн болон гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон зэргийг харгалзан тэдний хүссэнээр гэрлэлтийг нь цуцалж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Л.Өнөр нь 2 хүүхдийнхээ тэтгэлэгийг тогтоолгож, эцэг Х.Энхтогтохоор тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч “...өөрийн бие өвчтэй, хүүхдүүдийг бага настай байхад нь орхиод явсанаас аавыгаа мэддэггүй, туслалцаа дэмжлэг шаардлагатай...” талаарх Л.Өнөрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч Х.Энхтогтох нь 2012 онд эхнэр, хүүхдүүдээ орхин явснаас хойш хүүхдүүдийнхээ өмнө эцэг хүний хуулиар хүлээх үүргээ биелүүлээгүй зэргийг шүүх харгалзан хүү Э.Цэнгүн, Э.Чинбаяр нарт тэтгэлэг тогтоон эцэг Х.Энхтогтохоор тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Их хойд овогт Лхагвадоржийн Өнөр, Хамбин овогт Хамбины Энхтогтох нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Цэнгүн, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Чинбаяр нарыг эх Л.Өнөрийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Э.Цэнгүн, Э.Чинбаяр нарт сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Х.Энхтогтохоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Э.Цэнгүн, Э.Чинбаяр нар эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Х.Энхтогтох, эх Л.Өнөр нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.Өнөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхтогтохоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өнөрт олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Энхтогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 48262 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ