Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/804

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Ж.Отгончимэг,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мд холбогдох 2108000000352 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, аав ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дүгээр хороо Хангайн 14-632б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овгийн Дын М /РД:су01280806/,   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Д.М нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хустайн задгайд уулын бэлд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн нэг хоногтой эрэгтэй нярай хүүхдийг орхин хаясны улмаас нярай хүүхэд нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.М нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хустайн задгайд уулын бэлд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн нэг хоногтой эрэгтэй нярай хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн задгайд нярай хүүхэд нас барсан байна...гэх тэмдэглэл /хх-01/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-02/,

- хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн задгайд болсон гэх...модон саарал өнгийн жорлонгийн урд талд ямар нэгэн бохирдолгүй цэнхэр эрээн өнгийн дөрвөлжин хэлбэртэй шоотой өлгийтэй, уг өлгийг задлахад цагаан эрээн өнгийн өлгийнд ороосон дээш харуулж байрлуулсан толгойг баруун тийш хагас эргүүлж тавьсан дээгүүрээ толгойдоо nuby гэсэн улаан өнгийн бичигтэй малгайтай өлгийн дотроо 2 гарыг тохойгоор хагас нугалж энгэр дээр байрлуулсан, 2 хөлийг өвдгөөр хагас нугалж хөлийн хуруунууд сарвайсан доогуураа цагаан өнгийн newborn гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн живхтэй, живхийг нь тайлж үзэхэд эрэгтэй байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04, 05-06/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07, 08/,

- гар утсанд үзлэг хийсэн...Үзлэгийг иргэн Д.М шаргал өнгийн Самсунг Жи-610к загварын имэй код нь 354156********** дугаартай гар утсаны Gallery дотор үзлэг хийхэд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бичсэн нярай хүүхдийн бичлэг байх ба уг бичлэг нь 4 секунтын бичлэг байлаа. Уг бичлэг дээр цэцэгтэй цагаан даавуунд ороосон нярай хүүхдийн бичлэг байх ба уг хүүхдийн нүд болон гар нь хөдөлж байв. Уг хүүхэд толгойдоо улаан өнгийн бичигтэй цагаан малгайтай байсан тухай тэмдэглэл /хх-10/,

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ...Нярай нь амьд төрсөн байна. Нярай нь 51 см урт, 2600 кг жинтэй гүйцэд төрсөн байна. Нярайд үхэлд хүргэх төрөлхийн гажиг өвчин тогтоогдсонгүй. Нярай нь эмнэлгийн нөхцөлд төрснийг тогтоох боломжгүй, төрөөд 5-10 хоногтой байх боломжтой. Нярайн биед гэмтэл тогтоогдсонгүй. Нярай нь 1-р бүлгийн цустай байна. Нярай нь нам хэмийн үйлчлэлийн улмаас Осгож нас баржээ...гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-120-122, 128-129/,

- шинжээчийн...Д.М-ийн гэх цус, нярайн гэх бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Д.М нь нас барсан эрэгтэй нярайн биологийн эх байх боломжтой байна, биологийн эх байх магадлал 99,9% байна гэх дүгнэлт /хх-134-135/,   

- гэрч С.Э-ы...2021 оны 03 дугаар сарын 05-наас 06-ны өглөөний 09 цаг хүртэл Өргөө амаржих газрын төрөх өрөөний жижүүр эмчээр ажиллаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-аас 06-ны өглөө 05 цаг 27 минутын үед гаднаас анхан төрөгч гээд гаднаас орж ирэхдээ дүлэлтэй төрөх үйл ажиллагаа эхэлсэн орж ирсэн. Тэгэхээр нь би төрөхийн орон дээр гаргаж хүүхдийг төрөх замаар төрүүлсэн ба төрөх явцад ямар нэг хүндрэл гараагүй хэвийн төрсөн ба 2,980 гр, 48 см урттай хүү төрсөн...гэх мэдүүлэг /хх-99-100/,

- гэрч Г.Г-гийн...2020 оны 12 дугаар сард М жирэмсэн болсон талаар өөрөө хэлсэн. 4-5 сартай болчихсон удахгүй эмчийн хяналтанд орно 2021.03.04 дүгээр сарын үед төрөх байх гэж ярьж байсан. Хүүхдийн эцэг нь И гэдэг 10-н жилийн сургуулийн залуу гэж хэлж байсан. Ингээд 2021.03.06-ны өдрийн үүрээр төрчихсөн над руу залгаад байхаар нь би эхлээд мэдэхгүй утсыг нь авахгүй байж байгаад юу болсон талаар эргүүлээд залгатал М би төрчихсөн эмнэлэгт байна гэхээр нь тийм үү гэхэд намайг одоо хүрээд ирээч гэж хэлэхээр нь би жаахан амарч байгаад маргааш очъё гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд 2021.03.06-ны өдөр 13-14 цагийн үед Д-гийн хамтаар Өргөө амаржих эмнэлэг рүү эргэлтээр очиж түүнд хоол цай, хүүхдийн памперс ариун цэврийн хэрэглэл ус ундаа гэх мэтийн зүйл авч очсон. Уулзахад өөрийн төрсөн талаараа яриад маргааш нөгөөдрөөс удахгүй гарах тухайгаа ярьсан. ...Эмнэлгээс гарчихаад хэд хоногийн дараа утсаар чатлахад ээж хүүхдийг хүнд өргүүлнэ гээд байна гэж ярьсан. Дараа нь ээж тэгээгүй би өөрөө хүнд өргүүлж, эсвэл асрамжийн газар өгнө гэсэн утгатай зүйлийг ярьсан...Ер нь эхлээд нууж байгаад сүүлд хэлээд айлын гадна орхисон гэж хэлсэн. Гэрийнхэнтэйгээ таарахгүй байгаа гэх зүйл яриад байсан...гэх мэдүүлэг /хх-103-105/,

- гэрч А.Д-гийн...2020 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй, сарын эхээр байсан байх манай гэрт М би И гэдэг 10-н жилийн нөгөө ангийн залуугаас жирэмсэн болсон гэсэн зүйл ярьж байсан. Тэр залуу нь ч М надаас жирэмсэн болсон гэж ярьж байсан...Үүнээс хойш М-тэй ерөөсөө уулзаагүй утсаар ч яриагүй байсан. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчим М над руу утсаар залгаад миний найз би нэгдүгээр төрөх газарт төрсөн байна. Хүүтэй болсон, над дээр ирэх хүн байхгүй байна гэхээр нь би өөрийн найз Г-гийн хамтаар шөл хийгээд цэцэгтэй хардуу өмд, ягаан үстэй тавчиг, нэг ус, нэг удаа, мами поко гэдэг памперс, боов чихэр, ариун цэврийн хэрэглэл зэргийг аваад 1 дүгээр төрөх эмнэлэг дээр М-ийг эргэсэн. Тэгээд би М-эс гэрийнхэн чинь яасан юм бэ гэсэн чинь манай гэрийнхэн налайхад байгаа би уг нь гэрийнхэндээ хэлсэн гэсэн зүйл ярьсан. Бас 2 кг 900 грамм хүүтэй болсон гэсэн зүйл ярьж байсан. М би 8 сартай дутуу төрчихлөө гэж хэлж байсан. Өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-96/, 

- гэрч О.Я-ын...2021 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байсан чинь М над руу чатаар залгасан байсан...Тэгээд над руу чат бичээд би төрчихсөн байгаа, эмнэлгээс гарах гэсэн чинь гэрт хүн байхгүй болохоор гарч чадахгүй байна эмч нь үзээд өнөөдөр гар гээд байна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 16 цагийн үед эмнэлэг дээр нь очсон юм. Тэгээд М эмнэлгээс гарах гэсээр байгаад 17 цаг орчим болж байсан. Тэгээд М эмнэлгээс аваад гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь би гэртээ очихгүй гэрт хүнгүй байгаа би эмээгийнд очно орой ах ирж авна гэж байсан. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн баруун салаа орно гэж хэлсэн тэгээд би заасан замаар нь яваад нэг айлын хажууд очсон тухайн хашаан дотор хоёр монгол гэр байшин байх шиг байсан. Би гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд би гэрт нь оруулж өгье гэхэд яахын бэ би өөрөө оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би буулгаж өгчихөөд яваад өгсөн...М баруун салаанд буухдаа саарал гуталтай саарал куртиктай байсан. Харин хүүхэд нь цэнхэр өнгийн хөвөнтэй өлгийтэй байсан. Хүүхэд нь толгойдоо цагаан өнгийн малгайтай байсан...гэх мэдүүлэг /хх-15/,

- гэрч М.Т-гийн...2021.03.10-ны өглөө 10 цаг 30 минутын үед манай хүү гэрт орж ирээд хойд уулын цаана байрлах уулны бэлд байх модон жорлонд өлгийтэй хүүхэд байна гэж ирээд надад хэлэхээр нь юу яриад байгаа юм гэтэл надад өөрийн гар утсан дээрх зургаа харуулахаар нь харсан чинь үнэхээр өлгийтэй хүүхдийн зураг харагдахаар нь шууд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-108-109/,

- насанд хүрээгүй гэрч Т.Т-ын...2021.03.09-ний орой байх 18 цагийн үед найз И, Ж, Ж, А нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо манай гэрийн хойд уулын цаад талд тоглож байгаад А, Ж хоёр бие засахаар уулын тэнд бэлд байх модон жорлонд очоод өлгийтэй зүйл харчихаад тоогоогүй явсан. Маргааш нь буюу 2021.03.10-ний өглөө 10 цагт дахин нөгөө модон жорлон дээр очоод хаалгыг нь онгойлгож байгаад өлгийтэй зүйлийг гаргаж ирээд өлгийний нүүр хэсгийг тайлаад харсан чинь хүүхэд ч юм шиг зүйл байхаар нь гар утсаараа зургийг нь дараад эмээ Д-д харуулсан чинь аавдаа хэл гэхээр нь аав Т-д хэлээд зургийг харуулаад цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-111/,

- насанд хүрээгүй гэрч Э.И-ын...2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр найз Т, Ж, Ж нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Хустайн гэх газарт тоглож байгаад найз нар бие засах гээд уулын хойд талд байдаг модон жорлон дээр очиж бие засах гэж очтол хаалга нь таг байсан. Тэрүүгээр орох гээд хаалгыг нь татсан онгойхгүй байхаар нь татаад онгойлгоод хартал өлгийтэй хүүхэд харагдахаар нь тэр өлгийтэй хүүхдийн өлгийг нь тайлж байгаад нүүрэн хэсгийн зургийг дарчихаад гэртээ ирээд эмээд зургийг нь харуулсан чинь эмээ маань сайн харахгүй байсан. Тэгээд найз нарынхаа хамтаар Т ахад харуулахад маргааш буюу 2021.03.10-ны цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-114/,

- гэрч Ч.Н-гийн...Өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим 2 цагдаа манай гэрээр ирсэн. Би нөхрийнхөө хамтаар архи уусан согтуу байсан. Тэгтэл манай охин М 1 дүгээр төрөх газар төрөөд өөрийн төрсөн нярай хүүхдээ хаяад явсан гэсэн зүйл ярьсан. Би тэр оройдоо өөрийн охин М-ийн 94628208 гэсэн дугаар луу залгаад юу болсон талаар асуусан чинь ээжээ наад цагдаа нарын яриад байгаа зүйл үнэн, би үхмээр байна гэж хэлсэн, тэгэхээр нь би айгаад ээж нь байгаа газар нь очоод авъя гэсэн чинь утсаа салгасан...Би охиныгоо жирэмсэн болсон талаар ерөөсөө мэдээгүй. Хэрвээ би мэдсэн бол ийм зүйл хийлгэхгүй байсан...Манай охин ер нь сэтгэл санаа их тогтворгүй хүн...гэх мэдүүлэг /хх-13/,

- гэрч М.Д-ын...2021 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед намайг гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байхад гаднаас энгийн хувцастай 2 цагдаагийн ажилтан орж ирээд надаас танайд М гэх охин байдаг уу гээд зураг үзүүлэхээр нь тиймээ манай охин мөн байна, байдаг гэхдээ одоо алга байна гэж хэлсэн чинь ирэхээр нь хэлээрэй гэсэн. Маргааш нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсээс холбогдоод эхнэр бид хоёрыг дуудахаар нь ирээд ээж нь дотогшоо орж уулзаад гарч ирээд манай охиныг төрөөд төрүүлсэн нярай хүүхдээ хаясан байна гэж хэлэхээр нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-91/, 

- гэрч Д.М-ийн...2021 оны 03 дугаар сарын 11-ний 23 цагийн үед намайг гадуур явж байхад ээж Н залгаад манай гэрт 2 цагдаагийн ажилтан ирээд М-ийг асуугаад явлаа, М төрөөд хүүхдээ гудамжинд хаяад явчихсан гэж байна гэхээр нь тэр үгэнд би итгээгүй, өөр хүнтэй андуурсан юм байх л гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-94/,

- гэрч С.Э-ий...2020 оны 7 дугаар сард ...М-тэй хоноод шөнө нь бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш М надтай байнга холбогддог болоод 2-3 удаа уулзаж бэлгийн харьцаанд орж байсан. Дараагаар нь М-тэй ямар ч харилцаа холбоогүй байж байтал 2020 оны 12 дугаар сард гэнэт над руу чат бичсэнээ Эрмүүнээ чиний найз охинтой чинь одоо хамаагүй, би жирэмсэн болсон гэхээр нь би өөрийнхөө зүгээс тодруулж түүнээс хэрвээ чи минийх гэж бодож байгаа юм бол яагаад надад олон сарын дараа хэлж байгаа юм бэ гэтэл би хөдөө ажлаар явсан, надад тухайн үед интернэт орох ямар ч боломж байгаагүй гэдэг хариу өгөхөөр нь түүний фэйсбүүк хаягаар нь ороод зургуудыг нь хараад харилцаагүй байх хугацаанд хөдөө байна гэж хэлсэн мөртлөө хотод байнга зургаа оруулсан байсныг харчихаад чи надад худлаа хэлэхээ боль би наадханд чинь итгэхгүй байна, тэглээ ч би чиний явдал суудлыг чинь мэднэ гэж хэлээд дахиж холбогдоогүй. Тэгээд 2 сарын дараа над руу М чи надад туслаад дэм өгч чадах уу, би гэрийнхэндээ хэлээгүй, нууж байгаа гэхээр нь би энэ бол чиний буруу, хэрвээ жирэмсэн болсон бол яаралтай арга хэмжээ авах байсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-117-118/, 

            - шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт. ...Д.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.М-ийн удамд сэтгэцийн өвчтэй хүн бий гэх баримт, мэдээлэл үгүй байна. Д.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.М сэтгэцэд хэргийн байдлаас шалтгаалан өөрчлөлт орсон гэх баримт үгүй байна. ...гэх /хх-164-165/,

- шүүгдэгч Д.М...2020 он билүү 7 дугаар сард ирсэн түүнээс хойш сарын тэмдэг ирээгүй, би эхэндээ сарын тэмдэг ирэхгүй байгааг огт тоогоогүй сарын тэмдэг ирэхээ больсон 2 дахь сараас эхэлж сарын тэмдэг ирэхгүй байгааг анзаарч,  өөрийгөө жирэмсэн болсон гэж таамаглаж эхэлсэн, жирэмсний тестээр шалгаж үзэхэд бие давхар гэж байсан боловч эмнэлгийн байгууллагад огт үзүүлээгүй, надад тухайн үед албан ёсны нөхөр найз залуу байгаагүй, би жирэмсэлсэн байх боломжтой цаг хугацаандаа нийт 4 эрэгтэй хүнтэй бэлгэвчтэй болон бэлгэвчгүй байдлаар бэлгийн харилцаанд харилцан тохироод ордог байсан, тухайн хүмүүсийн нэрийг нь одоо нарын санаагүй байна, ганцхан И /20 орчим настай, овог нас мэдэхгүй/ гэх залуугийн нэрийг л санаж байна...2020 оны 08 дугаар гэхэд би бэлгийн харилцаанд ордог байсан 4 залуугаасаа бүгдээс нь харилцаагаа салгасан одоо ямар нэгэн холбоогүй байгаа. Би бие давхар болсноо жирэмсний тестээр шалгаж үзээд үр хөндөх хагалгаа хийлгэх талаар олон удаа бодсон ч гэсэн нэг ч удаа эмнэлэгт очиж чадаагүй, гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүй гэж хичээж байсан манай гэрийнхэн нэг анзаараагүй, би жирэмсний болон бусад витамин нэмэгдэл огт хэрэглэж байгаагүй учраас ер нь миний гэдэс буюу ураг жижиг талдаа байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс миний бие өвдөж эхэлсэн би гэртээ хэнд ч мэдэгдэхгүйг хичээгээд нууж байгаад өвдөлт улам ихсээд байхаар нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 04 цагийн орчим гэрээсээ нууцаар гараад такси барьж “Өргөө” амаржих газар очсон намайг эмнэлэгт очсоны дараа эмч надаас хянаптанд орсон эсэх талаар асуухаар нь би жирэмсний хяналтад орсон гэж худал хэлсэн, ар гэрийнхний талаар асуухад нь манай найз залуу удахгүй ирнэ гэж хэлсэн; би 2021 оны 03 дугаар сарын 06-ны үүрээр 05 цагийн орчим 2.900 кг жинтэй эрэгтэй хүүхэдтэй болсон, намайг болон нярайг эмч нар үзээд хэвийн төрсөн биеийн сайн үзээд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гаргасан, би эмнэлгээс гарах үедээ өөрийн найз Я-аас /9555****/ найз нь эмнэлгээс гарах гэж байна,  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, баруун салаанд хамаатныхаа гэрт очих гэсэн юм аа боломжтой бол хүргээд өгөөч гэж гуйхад Я өөрийн саарал өнгийн Тоёота маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ манай хүү бид хоёрыг ирж авсан. Я-аар баруун салааны эцсийн автобусны буудал дээр 17 цагийн орчим хүргүүлээд Я-ыг машинтай нь буцаагаад манай хамаатны гэр ойрхон алхаад гэж хэлээд явуулсан. Би өмнө баруун салаанд 2-3 удаа рашаан уух гэж очиж байсан болохоор тухайн бага зэрэг гадарладаг байсан учир баруун салааны автобусны буудлын эцсээс хойд зүгт хэр их явснаа мэдэхгүй байна, уулын энгэр рүү хүүгээ тэврээд авч уулын энгэрт очоод хүнгүй байсан болохоор хүүгээ цэнхэр өнгийн өлгийтэй нь дээш нь харуулаад газар тавиад буцаад автобусны буудал руу явсан, намайг хүүгээ уулын энгэрт үлдээх үед хэн нэгэн хараагүй байх гэж бодож байна, би автобусны буудлаас “Баруун салаа халдварт” чиглэлийн автобусанд суугаад зурагтын эцсийн буудал дээр буугаад гэр рүүгээ такси барьж харьсан намайг гэрт буцаж очих үед манай гэрт дүү нар л байсан, аав ээж ах ажилдаа явсан байсан, би хүүгээ төрсний дараа амлуулж хөхөөрөө хооллосон миний хөхөнд сүү орсон одоо сүү нь татраагүй, би хүүгээ уулын энгэрт үлдээчихээд буцаж огт очоогүй. Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэртээ байж байгаад өөрийн эрэгтэй найз Д-ийн гэрт очсон...Би Д-тэй 2021 оны 02 дугаар сараас эхэлж үерхсэн түүнээс өмнө нэгэнтэйгээ харьцдаггүй байсан манай арван жилийн нөгөө ангийн хөвгүүн байгаа юм. Д уг асуудалд ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, намайг жирэмсэн байсан болон төрсөн хүүхдээ баруун салаанд  үлдээсэн талаар огт мэдэхгүй хүүгээ баруун салаанд үлдээсэн талаар би хэнд ч хэлээгүй...2021.03.12-ны өдрийн 01 цагийн орчим Д-ийн гэрт хоёр энгийн хувцастай цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн...Би хүүхдээ орхиж үлдээх талаараа хэн нэгэнд огт хэлээгүй тэр талаар хэнтэй ч ярилцаж зөвшилцөөгүй, эмнэлэгт төрсний дараа хүүхэдтэйгээ хаашаа явахаа мэдэхгүй, хаана юу хийх талаар мэдэхгүй байсан, гэнэт хүүхэдтэй болчихлоо гээд аав ээж дээрээ очих юм бол надад итгэж байсан аав ээжийнхээ итгэлийг алдчих юм шиг санагдаад...хүүхдээсээ л холдчих юм бол бүх юм болчих юм шиг санагдаад...баруун салаанд уулын энгэрт өлгийтэй хүүхдээ үлдээсэн...Миний төрсний дараах нөхцөл байдал арай өөр байсан бол хэзээ ч хүүгээ орхихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-72-73, 137-138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно. 

Харин тус хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нь хүүхдээ хаясан талаар...”гэнэт хүүхэдтэй болчихлоо гээд аав ээж дээрээ очих юм бол надад итгэж байсан аав ээжийнхээ итгэлийг алдчих юм шиг санагдаад...хүүхдээсээ л холдчих юм бол бүх юм болчих юм шиг санагдаад...тэгээд хүүхдээ хаясаны дараачаар найз залуу Д-д 2021.03.10-ны өдрөөс очсон, түүнтэй 2021 оны 02 дугаар сараас эхэлж үерхсэн байсан...тухай мэдүүлсэн байхаас гадна өөрийн төрсөн нэг хоногтой хүүхдийг хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу уулын бэлд дэх жорлонд, хүйтэн сэрүүн орчин нөхцөлд хаясан нь гэм буруугийн шууд бус санаатайгаар “хүнийг алах”-д чиглэгдсэн үйлдэл үү эсхүл хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан хэрэг эсэх талаар улсын яллагч ялгаа заагтайгаар дүгнэлт хийгээгүй, тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй тул тус хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэснийг тэмдэглэв.

Иймд шүүгдэгч Д.М-ийг хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах нотлох баримтгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьдаа хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-13, 91, 142-146, 149, 153, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өөрийн дөнгөж төрсөн нярай хүүхдийг хүний хөл хөдөлгөөнөөс зайдуу  уулын бэлд дэх жорлонд, хүйтэн сэрүүн орчин нөхцөлд хаясан гэмт үйлдэл ба тус хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг харгалзахад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Д.М-ийг хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясаны улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М эдлэх 5 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.         

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

6. Д.М-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.07.20-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР