Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2016/0030/э |
Дугаар | 34 |
Огноо | 2016-06-24 |
Зүйл хэсэг | 153.1., 181.2.1, |
Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 34
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Дашням,
Улсын яллагч Д.Ууганцэцэг,
Шүүгдэгч Д.Золбаяр, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Д.Золбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0602 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Уран дээж” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл-7, эхнэр 2 хүүхэд, эгч дүү нарын хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 22 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хайрхан овогт Дамдинсүрэнгийн Золбаяр РД:89032614,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Золбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Энхтүвшинг “автомашинаараа шүргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүн хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын баруун булангийн цус хуралт, дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
-мөн танхайрах явцдаа Э.Энхтүвшингийн эзэмшлийн 57-29 УНЧ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн автомашины зүүн хойд хаалгыг өшиглөн хонхойлгож, будгийг нь халцлан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Золбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Энхтүвшинг “автомашинаараа шүргэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүн хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын баруун булангийн цус хуралт, дотор салстын язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, мөн
-танхайрах явцдаа Э.Энхтүвшингийн эзэмшлийн 57-29 УНЧ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн автомашины зүүн хойд хаалгыг өшиглөн хонхойлгож, будгийг нь халцлан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь...
-хохирогч Э.Энхтүвшингийн:...Би 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа 17 цагийн үед тараад гэртээ ирээд хувцасаа солиод цайгаа уучихаад ганц хоёр таксинд явах гээд гэрээсээ гарсан юм. Би 20 цагийн үед 01 дүгээр хорооллоос эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь зогсоод машиндаа суулгасан. Машиндаа суулгаад “хаашаа явах вэ” гэсэн чинь “Зүүн салаа орье” гээд явсан. Би эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг аваад Баянхошууны тойрог гэх газраар дээшээ өгсөөд явж байгаад тэр 2 хүнийг гэрийнх нь үүдэнд буулгаж өгчихөөд машинтайгаа буцаж эргэх үйлдэл хийсэн чинь хаалга руу хэн нэгэн хүн өшиглөх шиг болсон. Би машинаасаа буухад Золбаяр гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Би машиныхаа хаалгыг хараад “та чинь яаж байна аа” гэж хэлэхэд “пизда минь хүн дайрлаа ш дээ” гээд хойгуур тойроод миний асаалттай байсан машины түлхүүрийг авсан. Би тэгэхээр нь түлхүүр аваад ир гээд яваад очсон чинь Золбаяр гэх залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь би гарыг нь бариад авахад намайг газар унагаасан. Бид 2 түлхүүрнээс болоод газар цасан дээр ноцолдож эхэлсэн. Золбаяр гар утсаа аваад эхнэрээ дуудна гээд эхнэртэйгээ яриад байсан.
Би Золбаярыг тээврийн хэрэгслээрээ шүргэсэн зүйл байхгүй. Зүгээр машинтайгаа буцаж эргэх үйлдэл үзүүлтэл хойд талын хаалга рүү хүн өшиглөх шиг болсон. Би Золбаярын урдуур нь буцаж эргэх үйлдэл үзүүлсэн. Тэр үед л уур нь хүрсэн байж магадгүй. Тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан гээд байх зүйл байхгүй. Миний тээврийн хэрэгслийн буруу талын хойд хаалга хонхойлгосон байсан. Золбаяр миний машины хаалгыг өшиглөсөн юм. Тэгээд л хоорондоо маргалдсан. Тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Миний хохирол болох 350.000 төгрөгийг төлсөн болохоор надад ямар нэгэн гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-р хуудас/,
-гэрч А.Ариунжаргалын:...Намайг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 22-14 тоотод байхад манай нөхөр Золбаяр миний гар утас руу залгаад “намайг нэг машин шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Золбаярын байгаа газар нь очиход манай нөхрийн дух, хамар, хацар хэсгээрээ цус болсон байсан. Тэр манай нөхөртэй маргалдаад байсан залуу манай нөхрийн хоолойноос нь боогоод байсан. Би “чи яагаад манай нөхөртэй маргалдаад байгаан” гэсэн чинь “танай нөхөр чинь миний машины хаалгыг өшиглөөд түлхүүр булаагаад авчихлаа” гээд байсан. Тэгэхлээр нь би “чи манай нөхрийг шүргэчихээд баахан зодсон юм уу” гээд би бага зэрэг маргалдсан. Би цагдаагийн байгууллагад “манай нөхөр машинд явж байгаад шүргүүлчихлээ” гэж дуудлага өгсөн. Манай нөхөр тэр танихгүй залуутай маргалдаад байж байхад тэр залуу машиндаа суугаад хүнтэй гар утсаар яриад байсан. Тэгэж байснаа түлхүүрээ авах гээд манай нөхөртэй дахиад маргалдаж эхэлсэн. Удалгүй цагдаагийн ажилтнууд ирсэн. Намайг очиход манай нөхөр Золбаяр тэр машины жолоочтой барьцалдаад авсан байдалтай, нэгнийгээ толгойгоороо мөргөөд байсан. Золбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Харин машины жолооч гэх Энхтүвшин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
-2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2672 тоот:...Э.Энхтүвшингийн биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын баруун булчингийн цус хуралт, дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
-2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 3089 тоот:...”Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-р хуудас/,
-шүүгдэгч Д.Золбаярын:...2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр автобус компанийхаа бааз дээр автобусаа засаад байж байсан юм. Би ажлаа тараад ажлын газрын 2 хүнтэй “Хараа” нэртэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уугаад ажлынхаа газрын хүмүүсээс салаад гэртээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэрийг нь мэдэхгүй танихгүй гудамжаар явж байсан чинь 57-29 УНЧ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн тээврийн хэрэгсэл миний зүүн талын гарыг шүргэсэн. Тэгэхээр нь би жолоочид хандан “чи яаж байгаан, хүн явж байгааг харахгүй байна уу” гэж хэлээд зүүн талын хойд хаалгыг нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би ямар ч байсан Энхтүвшинтэй харилцан хэд хэдэн удаа гараараа цохилцсон. Автомашинаа унаад зугтах гээд байхлаар нь би очоод машиных нь түлхүүрийг булуугаад авсан юм. Би Энхтүвшинтэй маргалдаад байж байсан. Энхтүвшин машиндаа суугаад байсан. Харин би эхнэр Ариунжаргал руу гар утсаараа яриад дуудсан. Энхтүвшин намайг толиороо шүргэхээр нь уур хүрээд би автомашиных нь зүүн талын хаалгыг нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л хоорондоо маргалдсан. Би Энхтүвшинг гараараа л хэд хэдэн удаа цохисон. Би хохирогч Энхтүвшингийн нэхэмжилсэн 350.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43, 45-46-р хуудас/,
-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
-
Иймд шүүгдэгч Д.Золбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт хохирлын 118.600 төгрөгийн баримт авагдсан /х-47/, хохиролд 350.000 төгрөг төлөгдсөн /х-65/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Золбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Золбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн,
танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтаан, шүүгдэгч Д.Золбаярын биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Золбаярын биечлэн эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Золбаярт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Золбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР