Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0276 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “А М” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Н.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М С.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.

 

Хэргийн индекс: 128/2022/0983/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0276 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А М” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-00000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0276 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “А М” ХХК, “Ж” ХХК /хуучин нэр/ нь Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд "Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 25.2-т "Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх" гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ‘Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч маргаагүй.

Шийдвэрийн 6-д “Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авах Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэр гарсан тул нөхөн олговор олгох асуудал  байхгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж,

Шийдвэрийн 7-д “Учир нь Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломгүй болсон газрыг үлээлгэн өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан “талбайг буцаан өгсөн” харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж, 14.6-д ”Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж хуульчилсан. Гэтэл “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн -нэртэй ашигт малтмалын хайгуулын Х\/-00000 тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй гэж шийдвэр гарч Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн К-13 дугаар маягтын Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдөл 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан авах тухай” 33 дүгээр шийдвэрээр "Ж” ХХК Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байна. "Ж” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А1/005 дугаартай албан бичгээр “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй талаарх тодорхойлолт гарган өгнө үү” гэж төрийн захиргааны байгууллагад хандаж лавлагаа авч байсан нь тус компани өөрийн хүсэлтээр ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан өгсөн болохыг нотолж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байсан.

Шийдвэрийн 9-д “...Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжпэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт өргөн мэдүүлэхгүй байгаа нь хууль бус байна...” гэж,

Шийдвэрийн 11-д “...Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж, 11 дүгээр зүйлийн 11.4-д “Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана.” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар уг асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй байна...” гэж дүгнэсэн тухайд:

1. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар гаргасан ба тус тогтоолын ТАЙЛБАРЛАХ 1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно” гэж, ТАЙЛБАРЛАХ 2-т “Энэ заалтын "тусгай зөвшөөрөл олгож болно" гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан "сонгох боломж" бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.

"Ж” ХХК -ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-0132Е5 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор тогтоосон Чигэртэйн байгалийн цогцолборт газрын хилийн заагт багтсан ба Улсын тусгай хэрэгцээний газарт бүхэлдээ орсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны  үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна” гэж, 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад хамаарахгүй гэж үзэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд Чигэртэйн байгалийн цогцолборт газарт авахаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн байна. Монгол Улсын Их Хурал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх" гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасны дагуу улсын тусгай хамгаалалтай авах тухайн шийдвэр гаргасан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудаг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэхээр байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2. “Ж” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ж” ХХК- ийн нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олгов авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэл гаргасан байна. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6777 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрыг татан оролцуулсан байна.

Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу татгалзан, “Ж” ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтэд албан ёсоор хариу өгөхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэж өөрчилсөн байдаг. “Ж” ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан ба “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0357 дугаар захирамжаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд "Ж” ХХК нь Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д "Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасан, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. "Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар 2020 онд шийдвэрээ гарган Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан өгсөн байхад уг аж ахуйн нэгжид шинээр “А М” ХХК гэсэн нэр өгөн хувьцаа эзэмшигч болсон этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “..“А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0276 дугаар шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг шүүхээс хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдолд тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч давж заалдах гомдлын гол үндэслэлээ “Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг буцаан өгсөн тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас нөхөх олговор авах эрхгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй байж тусгай зөвшөөрлийг буцаан өгсөн тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан” гэж гомджээ. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломж нь нэхэмжлэгчид хуулиар олгосон эрх бөгөөд заавал үйл ажиллагаа явуулах үүрэг биш юм. Иймд уг заалтаар нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Ашигт малтмал, газрын тосны газар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газартай давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талбайд нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулж байна, нөхөх олговор авах өргөдлөө өг, өгөхгүй бол нөхөх олговор олгохгүй гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэгэнт нөхөх олговор олгох ажлыг зохион байгуулж байгаа тухай бидэнд мэдэгдсэн тул уг мэдэгдлийн дараа буюу 2020 онд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь нэгдүгээрт эрх бүхий этгээдээс нөхөх олговор өгөх ажлыг зохион байгуулж байна гэж албан ёсоор мэдэгдсэн, хоёрдугаарт үйл ажиллагаа явуулахгүй талбайд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх ач холбогдолтой байсан учир талбайг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын  тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын  эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг  хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ“ гэх гипотезтэй буюу тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах үед уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан байх шаардлага л тавигддаг. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг талбайг буцаан өгсөн бол нөхөх олговор олгохгүй гэх зохицуулалт хуульд байхгүй юм.

Тэгээд ч нэхэмжлэлийн шаардлага нь нөхөх олговор олгохыг хариуцагчид даалгах тухай биш, хариуцагч нь нөхөх олговор олгох бүрэн эрхтэй этгээд ч биш атлаа, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хариуцагч давж заалдах гомдолдоо “Улсын их хурлын 2012 оны 57-р тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дах заалтад хамаарахгүй, нөхөх олговрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэнэ” гэжээ. Өмнө хэлсэнчлэн уг газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарах эсэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагатай энэ тайлбар нь ямар ч хамаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу уг асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан тул Байгаль орчин аялал жуулчлалын яам асуудлыг шийдвэрлэнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

3. Хариуцагч давж заалдах гомдолдоо “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0357 дугаар захирамжаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ. Нэхэмжлэгчийг 2022 онд энэ нэхэмжлэлийг гаргахад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7484 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалт буюу хариуцагчийн гомдолд бичсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 201/ШТ2022/0774 дүгээр тогтоолоор уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. “А М” ХХК-аас “тус компанийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн А сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгч “А М” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр XV-00000 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж бидэнд мэдэгдэж нөхөх олговор авах хүсэлтийг манай компаниас авснаас хойш бараг гурван жилийн хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл бидний хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа нь манай компанийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна ...” гэжээ.

3. Анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-00000 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хамгаалалтад авахдаа ямар үндэслэлээр, хэрхэн авсан талаарх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй, холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа нэхэмжлэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт өргөн мэдүүлэхгүй байгааг хууль бус гэж дүгнэж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг үндэслэн Засгийн газарт хүсэлтийг уламжлахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар тус хуулийн 9 дүгээр зүйлд “9.1.13. ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг нэмсэн бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”, 6.2-д “Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

5. Хожим нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 9.1.13-д заасан “энэ хуулийн 19.12” гэснийг “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн” гэж өөрчилсөн.

6. Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанийн Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “тусгай хэрэгцээнд авсан” гэх үед дээрх хуулийн зохицуулалт байгаагүй, уг хуулийг буцааж хэрэглэхгүй гэж заасан байх тул анхан шатны шүүх дээрх хуулийг буруу хэрэглэж, “нөхөх олговрыг талбайгаар дүйцүүлэн авах” хүсэлтийг Засгийн газарт уламжлахыг даалгасан нь үндэслэлгүй болжээ.

7. Харин нэхэмжлэгч нь хэрэв тусгай зөвшөөрлийн талбайг нь тусгай хэрэгцээнд авсан атлаа нөхөх олговор олгоогүй гэж маргаж байх тул анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж заасныг хэрэглэснийг буруутгахгүй боловч нотлох баримтыг дутуу цуглуулснаас нэхэмжлэлийг хангасан нь зөв эсэхэд тус шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

8. Хэрэгт “А М” ХХК  (хуучин нэрээр[1] “Ж” ХХК)-ийн  XV-00000 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай  нь улсын тусгай хэрэгцээний газар, улсын хилийн 15 км зурвас газартай тус тус давхцалтай талаар баримт /хэргийн 103 дугаар хуудаст/ авагдсан, мөн Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор тухайн талбайг шууд тусгай хэрэгцээнд аваагүй, харин Чигэртэйн голын ай сав газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан зэргээс үзвэл уг тогтоолтой холбоотой тухайн  талбайн аль хэсэг, хэрхэн хамрагдсан, тусгай зөвшөөрлийг анх авах үед улсын хил болон Чигэртэйн голын хамгаалалтын бүстэй давхцал байсан эсэх, 2009 оны Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан эсэх, 57 дугаар тогтоол гарснаас хойш 7 жилийн турш нөхөх олговроо авах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан эсэх (хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгийг хүргүүлэхээс өмнө) зэргийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

9. Учир нь уг асуудлыг тодруулсны үндсэн дээр “нөхөх олговор авах эрх нь хэзээ ямар хуулийн дагуу үүссэнээс шалтгаалж, аль хууль, журмын дагуу ямар захиргааны байгууллагаас хэрхэн олгох үүрэгтэй, уг үүргээ биелүүлэхгүй байгаа нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна. Энэ талаар хариуцагчаас гаргасан “... анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй ...” гэсэн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, тэр хүрээнд нь маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] “А М” болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022.20.19-ний өдөр бүртгэжээ