Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 05

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ш.Жа-ны нэхэмжлэлтэй тус аймгийн Баянхайрхан сумын Засаг дарга, газрын даамалд холбогдох 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг болон Д.*******т 10000 м2 газар эзэмшүүлсэн 8198000176 тоот газрын гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Жа-н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Жа-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1960 онд Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байдаг Өгөөмөр нэртэй газар төрсөн. Одоо тус сумын төвд эхнэр Х.*******гийн хамт амьдарч байна. Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байдаг Өгөөмөр нэртэй өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх талаар 2013 оноос хойш өдий хүртэл хугацаанд *******ийн ******* гэдэг хүнтэй маргаантай байдаг юм. Тэр үед тус сумын Засаг дарга байсан Г.******* нь Д.*******т 2015 оны 11 сарын 16-ны өдрийн А/43 дугаар захирамжаар уг өвөлжөөний газрын 000565565 дугаар газар эзэмших гэрчилгээ олгож өгснийг Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 сарын 25-ны өдөр 16 тоот шийдвэрээр хүчингүй болгосон юм. Энэ шүүхийн шийдвэрийг зөрчиж багийн 2015 оны 07 сарын 29-ны өдрийн хурлын тогтоол үнэн зөв гэдэг утгаар тус сумын Засаг дарга байсан Г.******* нь Д.*******т 2016 оны 10 сарын 28-ны өдөр дахин А/34 дүгээр захирамж гаргаж сумын газрын даамалд өгөөд өөрөө Улаанбаатар хот явсан байна. Үүнийг шийдвэрлүүлэхээр одоо ажиллаж байгаа сумын Засаг дарга С.*******т удаа дараа хүсэлт гаргасан боловч түрүүчийн Засаг дарга байсан Г.*******ийн А/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож чадахгүй. Аймгийн Засаг даргаар хүчингүй болгуул гэсэн. Аймгийн Засаг даргад хандахад тус сумын Засаг дарга С.*******т шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн албан бичгээр захирамжийг хүчингүй болго, үүнийг шийдвэрлэж өг гэсэн. Үүний дагуу сумын Засаг дарга С.*******т хүсэлт гаргахад захиргааны хэргийн шүүхээр шийдүүл, би Г.*******ийн А/34 дүгээр захирамжийг хүчингүй болгож чадахгүй гэсэн хариуг 2017 оны 11 сарын 10-нд өгсөн.

Маргаан бүхий өвөлжөөг хамтран эзэмших талаар Д.*******т хэлсэн. Тэгэхэд өөрөө эргэлздэг, харин ээж нь хамтран эзэмшихгүй гэдэг. Би уг өвөлжөөн дээр аав, ээжтэйгээ 18 жил хамт амьдарсан. Тэгээд цэргийн албанд явсан. Үүний дараа 1981 оноос хойш гэр бүлтэй болсон юм. Тухайн үед ээжийн бие муу сумын төв дээр байж байгаад 1993 онд хувьчлал болсон. Ийнхүү хувьчлал болсноор тухайн өвөлжөөн дээр хөрөнгө аваад 2013 он хүртэл амьдарсан. Газрын маргаан гарснаас хойш Д.******* өвөлжиж байгаа. Яагаад гэвэл Д.******* өвөлжөөний гэрчилгээтэй учраас намайг өвөлжиж болохгүй гэж хэлсэн. Маргаан бүхий өвөлжөөн дээр эхнэр бид хоёрын малын хашаа саравч байгаа юм. Харин Д.*******т хашаа саравч гэж байхгүй. Түүний аав, ээж л хувьчлалаар хашаа, саравч авсан. Тухайн өвөлжөөн дээр амьдарч байгаад хашаа, саравч авсан хүмүүс ийш, тийшээ яваад өгсөн. Харин Д.*******ын аав болох *******, ээж *******, миний эхнэр *******, миний бие уг өвөлжөөн дээр амьдарч байгаад, 1995 онд ******* нь талийгаач болсон. Үүний дараа Д.******* гэр бүлтэй болсон юм. Ийнхүү тусдаа гарсны дараа манайхтай нэг жил өвөлжсөн. Тэгээд 2013 онд Д.******* нь Төв аймаг руу шилжинэ гээд явсан юм. Маргаан бүхий өвөлжөөний нэр дээр хэнд нь ч гэрчилгээ өгөөгүй юм. Яагаад гэвэл маргаантай гэж үзсэн. Уг өвөлжөөний татварыг 2013 он хүртэл би төлдөг байсан. 2009 оны 5 дугаар сарын 31-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал болсон юм. Энэ хурал дээр өвөлжөө эзэмших талаарх хүсэлтээ авч очоорой, энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ гэж хэлсэн. Би тэр хуралд очихдоо өвөлжөө эзэмших талаарх хүсэлтээ авч очсон. Гэтэл уг өвөлжөөн дээр хоёр иргэний маргаан байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 02 дугаар тогтоол гарсан. Тухайн үедээ шүүхээр яваагүй юм. Гэтэл Д.******* нь Тосонцэнгэл сумын иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргахдаа өвөлжөөг эзэмшдэг талаараа гэрчилгээ өгчихсөн байна лээ. Би энэ талаар мэдээгүй. Энэ нь сумын Засаг даргын 72 дугаар захирамжтай гэрчилгээ байсан. Тэгээд хоёр иргэний маргаантай учраас эзэмшүүлэхгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн байтал яагаад гэрчилгээтэй байдаг билээ гээд сумын Засаг дарга Л.*******ээс асуухад Д.*******ын ээж над дээр ирж уулзаад, уйлаад байхаар нь гэрчилгээ бичээд өгчихсөн гэж хариулдаг. Сумын Засаг дарга нь 72 дугаар захирамжийг гаргахдаа надтай уулзаж яриагүй. ******* нь Д.*******ын ээжийнх нь талын төрөл, садан юм. Ийм учраас уг өвөлжөөг Д.*******т эзэмшүүлэх санаатай байдаг байх. Тийм учраас сумын Засаг даргын 72 дугаар захирамжийг эс зөвшөөрч аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргасан. Аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 72 дугаар захирамжийг хүчингүй болгож өгсөн.

Дараа нь багийн иргэдийн Нийтийн Хурал болохдоо Могойн гол гэх газар 7 дугаар сарын 29-ний өдөр болсон. Тухайн үед миний биеийн байдал муу эмнэлэгт хэвтэж байсан болохоор оролцож чадаагүй. Нэгдүгээрт би багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцоогүй, оролцож чадахгүй болсон эмнэлгийн бичгээ ч өгсөн. Хоёрдугаарт багийн иргэдээс өөр гадны хүмүүсийг авч ирээд хуралд оролцуулах ямар учиртай юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгаа хийж байгаа юм шиг л өвөлжөөний гэрчилгээг Д.******* өөр дээрээ гаргасан байдаг.

Ийм учраас түрүүчийн Засаг дарга байсан Г.*******ийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Д.*******т өвөлжөөний газар эзэмшүүлсэн А/34 дүгээр захирамжийг, газар эзэмших 8118000176 дугаар гэрчилгээний хамт хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Асгат багийн иргэн Д.******* нь 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдөр Асгат багийн Иргэдийн нийтийн хурлаар Өгөөмөр нэртэй өвөлжөөг эзэмшихээр өргөдөл ирүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар иргэн Д.*******т эзэмшүүлэхээр 02 тоот тогтоол гарсан. Уг тогтоол болон бусад хууль тогтоомжийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сумын засаг даргын А/34 дүгээр захирамж гарснаар 000669800 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Д.******* нь 2006 оноос хойш газрын төлбөрийг жил бүр төлж уг өвөлжөөнийг эзэмших хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Иргэн Ш.Жа-н нь өвөлжөөний маргааныг үүсгээд байдаг боловч зарласан хуралд оролцож асуудлаа шийдвэрлүүлэхээр явдаггүй нь багийн иргэдийн санал авахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч газрын даамал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ш.Жа-ны нэхэмжлэлтэй танилцав. Хариуцагч миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр сумын засаг даргын захирамжийг үндэслэн 000669800 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ иргэн Д.*******т бичиж өгсөн нь үнэн болно гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.******* миний бие нь Асгат багийн нутагт орших Өгөөмөр нэртэй өвөлжөөг эзэмших давуу эрх байгаа гэдгээ дараах үндэслэлүүдээр нотлож байна. Үүнд: 1.Хуульд заасны дагуу газар эзэмших тухай хүсэлтээ сумын газрын даамалд 2015 оны 7 дугаар сарын 09-нд албан ёсоор өгсөн. 2. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Асгат багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн 100 %-ийн саналаар надад эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. 3. Өгөөмөр нэртэй өвөлжөөн дээр миний өвөг эцэг Ёндон, түүний хүү миний өвөө Ё.Цийрэгзэн, миний аав Ц.******* нар нь эрт дээр үеэс үе дамжин уламжилж мал маллан өвөлжиж ирсэн. Миний бие нь хүүхэд ахуй наснаасаа хойш одоог хүртэл уг өвөлжөөн дээр малаа маллаж өвөлжиж байна. 4. 1993 оны хувьчлалаар миний аав Ц.*******, ээж Д.*******, хамаатан болох Ш.Жа-н, түүний эхнэр Х.*******, Ё.*******, Л.*******, Л.******* нарын долоон хүнд хашаа, саравчных нь модыг үнэлэн ижил хэмжээтэй хувааж өгсөн байдаг юм. Гэтэл миний аав, ээж хоёроос бусад нь өөртөө оногдсон хашаа, пүнз, саравчийг буулган авч галын түлшиндээ ашигласныг миний бие уг өвөлжөөн дээр байнга байдгийн хувьд сайн мэдэж байна. Аав маань 1995 онд насан өөд болсон. Энэ цагаас хойш ээж, дүү нарынхаа хамт амьдарч байгаад 2006 онд өрх тусгаарлан өвөлжөөнийхөө хашаа хороог сэлбэн засаж одоог хүртэл өөд нь татаж эзэмшиж, ашиглаж байна. 5. Өвөлжөөнийхөө татвар хураамжийг жил болгон би өөрөө тогтмол төлж байна. 6. Урьд өмнө ажиллаж байсан Баянхайрхан сумын Засаг дарга, газрын даамал гэх мэт албан тушаалтнуудын алдаатай үйл ажиллагаанаас болж захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчингүй болж байна. Жишээ нь: Засаг дарга захирамж гаргахдаа хууль зүйн үндэслэлийг буруу тусгасан, газрын даамал гэрчилгээ бичихдээ талбайн хэмжээг буруу бичсэн гэх мэт шалтгааны улмаас хүчингүй болгогдож байсан. Энэ нь миний Өгөөмөрийн өвөлжөөг эзэмших эрхгүйг нотолж байгаа зүйл биш юм гэж ойлгож байна. 7. Нэхэмжлэл гаргагч Ш.Жа-н нь Өгөөмөр нэртэй өвөлжөөн дээр нэг их олон жил өвөлжөөгүй юм. Харин миний тухайд гэвэл аав маань 1983 онд цэргээс ирээд айл орон болж Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн малчин болон хурга авч маллаж эхэлсэн байдаг юм. Тэр цагаас хойш тухайн өвөлжөөн дээр өдийг хүртэл тасралтгүй байнга өвөлжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Жа-н нь Баянхайрхан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг, мөн Д.*******т 10000 м2 газар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ш.Жа-н нь маргаан бүхий акт болох Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн талаар урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу аймгийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1172 дугаар албан бичгээр Баянхайрхан сумын Засаг даргад 2016 оны А/34 дүгээр захирамжаа хүчингүй болгож, холбогдох арга хэмжээг авахыг үүрэг болгожээ. Гэвч хариуцагч Баянхайрхан сумын Засаг дарга нь дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж газрын харилцааны талаар сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсноос үзэхэд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна. Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар[1] иргэн Д.*******т тус сумын Асгат багийн Өгөөмөр нэртэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч сумын Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйл болон Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна. Ингэхдээ Д.*******т хичнээн хэмжээний газар эзэмшүүлэхийг захирамждаа заагаагүй байна.

Баянхайрхан сумын газрын даамал Д.*******т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо[2] түүнд Баянхайрхан сумын Асгат багийн нутагт 10000 м2 /1 га/ газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр бичиж олгожээ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, 29.2-т Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж зааснаар гэр бүлийн зориулалтаас өөр, илүү хэмжээтэй нийтийн эзэмшлийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн шийдвэрлэх ёстой. Энэ тохиолдолд маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, шууд захирамж гаргах замаар эзэмшүүлсэн нь буруу байна.

Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус багийн нутаг дэвсгэрт орших Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг иргэн Д.*******т эзэмшүүлэхээр 2 дугаар тогтоол[3] гаргажээ. Баянхайрхан сумын Асгат багийн иргэдийн Нийтийн Хурал нь дээр дурдсан шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сумын Хуралд уламжлахтай холбоотой зохицуулалт байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь бэлчээр ашиглахтай холбоотой маргааныг хурлаараа хэлэлцэж зохицуулах бөгөөд Асгат багийн иргэдийн Нийтийн Хурал нь өвөлжөөний доорхи газрыг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамааруулан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь... үйл ажиллагаандаа... хууль дээдлэх зарчим баримтлана гэж заасныг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул үүнийг үндэслэж гарсан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамж нь эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэсэн 31 дүгээр зүйл, Газар эзэмших тухай хүсэлт гаргах гэсэн 32 дугаар зүйлүүдийг бүхэлд нь үндэслэл болгосон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр[4] Д.*******т өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 72 дугаар захирамжийг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр[5] Баянхайрхан сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/43 дугаар захирамжийн хавсралтаас Д.*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Ш.Жа-н, гуравдагч этгээд Д.******* нар нь газар эзэмших хүсэлтээ удаа дараа багийн иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргад өгч байсан гэх бөгөөд сумын Засаг дарга нь эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмаар шалгаж шийдвэрлээгүй байна гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Ш.Жа-н, гуравдагч этгээд Д.******* нарын хэн нь газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан, хичнээн хэмжээний газар эзэмшихээр хүсэлт гаргасан, газрын байршлыг харуулсан тойм зураг байгаа эсэх, хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмыг хэрэглэх эсэх дээр дүгнэлт хийлгүй Д.*******т шууд эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.4-д хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал журмын дагуу бүртгэж, бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэжээ. Гэвч сумын газрын даамал нь хуулийн дээрх заалтыг зөрчиж иргэн Д.*******, Ш.Жа-н нарын газар эзэмших хүсэлтийг хуульд зааснаар бүртгэж аваагүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байх бөгөөд сумын Засаг даргын А/34 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй байх тул захирамжийг үндэслэн олгосон газар эзэмшүүлэх 000669800 тоот гэрчилгээ нь /нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэгж талбарын дугаараар бичсэн/ ч хууль бус байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Ш.Жа-н, гуравдагч этгээд Д.******* нар нь тухайн өвөлжөөний газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд сумын Засаг дарга нь зөвхөн Д.*******т тухайн өвөлжөөний газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, иргэн Ш.Жа-нд ямар үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа талаараа үндэслэлтэй шийдвэр гаргаагүй, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасны дагуу хамтран эзэмшүүлж болох эсэхийг судлаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг зөрчсөн байна.

Үүнээс дүгнэлт хийж үзэхэд сумын Засаг дарга Д.*******т тус Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг хуулийн дагуу эзэмшүүлээгүй байх тул түүний гаргасан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг, мөн түүний дагуу олгосон газар эзэмших эрхийн 000669800 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг, Д.*******т 10000 м2 газар эзэмшүүлсэн 000669800 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.Жа-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхайрхан сумын Засаг даргаас 35100 төгрөг, газрын даамлаас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Жа-нд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА