Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/803

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч Н.М,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-ад холбогдох 1708013481429 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ахын хамт Налайх дүүргийн ***** дугаар хороо Өвөр шандын **** тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 3 жил 6 сар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял оногдуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой С-ийн Э /РД:********/,   

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Хар шороотын ам ***** тоотод оршин суух иргэн У.Н-ийн эзэмшлийн байшингийн цонхоор орж Сони маркийн зурагт 1 ширхэг, Сони маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, чүнчигноров хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн баавар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, сваровский ээмэг, зүүлт, бэлэн 200.000 төгрөг, спорт цүнх 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг нийт 18 төрлийн 23.920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэм-хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ** дугаар хороо Нарлаг *** тоотод оршин суудаг иргэн С.Г-ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк 2 ширхэг, таблет 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн хослол 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн үсний даруулга 1 ширхэг, монетон хослол 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 5.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :  

Шүүгдэгч С.Э 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хар шороотын ам 3-15 тоотод оршин суух иргэн У.Н байшингийн цонхоор орж Сони маркийн зурагт 1 ширхэг, Сони маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, чүнчигноров хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн баавар 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, сваровский ээмэг, зүүлт, бэлэн 200.000 төгрөг, спорт цүнх 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг нийт 18 төрлийн 23.920.000 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь  :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...СХД-ийн **-р хороо Хар шороотын ам ***** тоотод У.Н-ээс хулгай орж эд зүйл хулгайлсан байна. ...тэмдэглэл /1хх-32/,   

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /1хх-33/,

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хар шороотын ам *** тоотод....баруун хэсэгт байх цонх онгорхой байв. Мөн шар эрээн авдар байрлуулсан уг авдрын тагыг газар унагаасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-34-37/,  

- хохирогч У.Н-ийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр мягмар гаригт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хар шороотын ам 3 дугаар гудамж 15 тоотод байрлах зуслангийн хашаа байшиндаа эхнэр хүүхдийнхээ хамт байж байгаад өдөр 12 цагийн орчимд цоожлоод тухайн үед амьдарч байсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо 25 дугаар байр 24 тоотод байрлах гэртээ очиж тэндээ 3 хоночхоод 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хар шороотын амны 3 дугаар гудамж 15 тоотод байрлах зуслангийн хашаа байшиндаа иртэл байшингийн баруун хойд талын вакум цонх онгорхой байхаар нь гайхаад гэрийнхээ эд зүйлсийг бүртгээд үзтэл манай гэрээс Сони маркийн 40 инчийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй ЛСД загварын зурагт удирдлага 19 инчийн дэлгэцтэй саарал өнгийн Сони маркийн зөөврийн компьютер, цагаан өнгийн дунд гарын даваа толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай хаш хөөрөг, саарал эрээн өнгийн дунд гарын чүнчигноров толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай чүнчигноров хөөрөг, дунд үеийн хийцтэй мөнгөн хазаар эмээлийн мөнгөн баавар 6 ширхэг, дунд гарын шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга, цагирган алтан ээмэг 2 ширхэг буюу хос унжуу 2 ширхэг буюу 1 хос алтан ээмэг, нарийхан монетан хүзүүний гинж 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан алтан жижиг бөгж 1 ширхэг, мөнгөн хос буюу кулон, хүзүүний гинж ээмэг, сваровский брэндийн 1 хос ээмэг, сваровский хүзүүний зүүлт, шүр мөнгө хосолсон шигтгээтэй 1 хос ээмэг түрүүвчинд байсан бэлэн 200,000 төгрөг, хар өнгийн даавуун спорт цүнх, орны эрээн бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан...гэх мэдүүлэг /1хх-42-43/...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө гэрээсээ гарсан цагаа андуурсан байна. Миний санаж байгаагаар 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан юм байна...” гэх мэдүүлэг /Зхх-247/,  

- “Мастер үнэлгээ“ ХХК-иас гаргасан : эд зүйлст тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан нийт 23.920.000 төгрөг /1хх-58/,    

- гэрч А.Н-гийн...2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Налайх дүүргийн автобусны буудал дээр зогсож байтал 13-14 цагийн орчимд санагдаж байна С.Э ганцаараа тааралдаж ойр зуурын юм ярьж байгаад Улаанбаатар хотоос дөнгөж сая ирлээ цагдаа нараас зугтаагаад явж байна,...хулгай хийчхээд гудамжинд хоёулаа алхаад явж байтал цагдаа тааралдаж дуудахаар нь хоёр тийш салж зугтаагаад цагдаа нарт баригдсан. Тухайн өдөр С.Э-ыг цагдан хорьсон харин намайг хориогүй гэх мэдүүлэг, /Зхх-233-234/,

- гэрч Г.Л-ын “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр,...С.Э, А.Н нарыг 16 цагийн орчимд Их амны 5 дугаар гудамжнаас барьж авсан...хар өнгийн цүнхтэй явж байсан ба комьпютер, бүс харагдаж байсан” гэх мэдүүлэг, /Зхх-239/,   

- гэрч Э.Д-ын “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим,...гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 20 орчим насны 2 залуу айлын хашааны завсраар хараад явж байхаар нь очиж шалгах гэтэл уг 2 этгээд зугтаагаад явчихаар нь араас нь хөөсөн,...Г.М, Г.Л нар нь С.Э-ыг барьж хэлтэс рүү явсан...” гэх мэдүүлэг, /Зхх-ийн 243-244/, 

- гэрч У.З-гийн “...цагдан хорих 461 дүгээр ангид ажлаар явж байтал С.Э...дуудахаар нь уулзахад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салаанд хулгай хийсэн талаараа ярихаар нь мэдүүлэг авч ярьсан зүйлийг нь бичсэн юм...мэдүүлэг авч дуусаад ажилдаа очоод хэргүүдээ үзтэл Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Хар шороотын ам *** тоотод оршин суух Н гэх айлаас алдагдсан эд зүйлийг С.Э авсан байсан нь мэдүүлгээр нь тохирч байхаар нь мөрдөн байцаах тасагт шилжүүлж хэргээ өгсөн...гэх мэдүүлэг, /Зхх-236-237/,

- шүүгдэгч С.Э-ын “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хулгай хийж мөнгөтэй болох зорилгоор ганцаараа автобусанд сууж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох баруун салааны автобусны эцсийн буудал дээр...буугаад хойшоо гэр хороолол дундуур орж алхаад...хашааг нь даваад ортол нүүр хэсэг нь цагаан шаргал өнгийн хоёр давхар байшинтай айл байхаар нь уг айлын баруун хойд талын вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш ороод...тухайн айлаас 2-3 хөөрөг, мөнгөн хазаар, мөнгөн аяга, алтан хос ээмэгнүүд, монетон гинж, цагаан металан бөгж, сваровский гэсэн ээмэг, зүүлт мөн бэлэн 200 орчим мянган төгрөг зэрэг эд зүйлсийг авсан. Мөн эмээл дээрээс нь мөнгөн бааварыг нь хуулж аваад тухайн  айлд байсан жижиг цүнхэнд бүгдийг нь чихэж хийгээд үүрсэн. Тэгээд орон дээр байсан эрээн өнгийн бүтээлгийг аваад хананд өлгөөтэй байсан 40 орчим инчийн нимгэн дэлгэцтэй зурагтыг буулгаж ороогоод цонхоор гаргаж тавьчихаад буцаж ороод нөүтбүүк комьпютерийг нь гялгар уутанд хийж авч явсан.../Зхх-57-58/...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байна. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн тухайн хэргийг үйлдэхдээ 11-12 цагийн орчимд үйлдсэн...Тухайн хэргийг үйлдчихээд Налайх орж найз Намсрайтай уулзаж тэнд бас тухайн өдөр 2 айлаас хулгай хийчихээд явж байгаад цагдаа нарт баригдсан юм гэх мэдүүлэг /Зхх-219/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/3хх-59-62/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 01/401 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Зхх-ийн 202-209/ зэрэг нотлох баримтуудаар,     

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 07 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ** дугаар хороо Нарлаг *** тоотод оршин суудаг иргэн С.Гын орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк 2 ширхэг, таблет 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн хослол 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн үсний даруулга 1 ширхэг, монетон хослол 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.670.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Налайх дүүргийн **-р хороо Нарлаг *** тоотод С.Г-аас манай гэрт хулгай орсон байна...гэх тэмдэглэл /4хх-19/,   

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн **-р хороо Нарлаг *** тоот...урагш харсан 120х130 см хэмжээтэй салхивч хагас онгойсон...ханын стейкний шургуулгууд хагас онгорхой, урд талын эд зүйлсүүд эмх цэгцгүй тарааж хаясан байдалтай, стэйкний баруун доод шургуулгад байсан мөнгөн аяга, хар өнгийн нөүтбүүк алдагдсан ....шаргал өнгийн хаалгатай модон шүүгээ байх ба хаалга нь хагас нээлттэй дотор нь байсан эд зүйлийг шалаар эмч цэгцгүй тараасан байдалтай...Салхивч хагас онгорхой байсан ертөнцийн зүгээр урагч харсан цонхонд үзлэг хийхэд замаг нь тахийсан байдалтай тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-46-50/, 

- хохирогч С.Г-ын...Би 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ амарч байгаад өдөр 16:00 цагийн орчимд манай найз Ш өөрийн 8811*** дугаарын утсаар миний 88209**** дугаарын утас руу залгаад надаас ажил дээрээ очоод нэг зүйл тодруулаад өгөөч гэж хүсэхээр нь би зөвшөөрөөд гэрийнхээ цонхнуудыг бүгдийг нь хаагаад хаалгаа түгжээд гарсан...Тэгээд ажлаа дуусаад гэртээ ортол гэрийн эд зүйлс ундуй сундуй замбараагүй болсон ба нь хулгай орсон байна гэж бодоод өөрийн биеэр цагдаагийн хэлтэст мэдэгдсэн...Зочны өрөөний зурагтын тавиурын шүүгээнд байсан дээрээ УБЦТСХК-ны 85 жил гэсэн бичигтэй ёроолдоо УБЦТСХК-ны логотой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг “Налайх түгээх төв 50” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Н.Мт Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсанд дурсгав бичигтэй дунд гарын мөнгөн 1 ширхэг, ааваас өвлөж ирсэн үндсэн тагштай дээр үеийн зузаан мөнгөн аяга 1 ширхэг, бичиггүй дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, загвар, марк, үзүүлэлт тодорхойгүй хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг, жижиг өрөөний булангийн шүүгээнээс манай эхнэрийн оюу шигтгээтэй, мөнгөн даруулга 1 ширхэг, цагирагтай унждаг мөнгөн ээмэг 2 хос, 4 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг,мөнгөн бөгж 1 ширхэг, дээрх эд зүйл нь бүгд оюу болон шүр шигтгээтэй мөнгөөр сүлжиж хийсэн, хоролдой болон өлзий хээтэй, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, парис гэсэн бичигтэй кулон 1 ширхэг, монётон өрөөсөн ээмэг 1 ширхэг байшингын мансартнаас манай охин О-ийн Самсунг маркийн I5 үзүүлэлттэй 15 инчийн улаан өнгийн нөүтбүүк 1 ширхэг Самсунг маркийн мөнгөлөг саарал өнгийн Таблет1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /4хх-52-53/,

- хохирогч Н.М-ийн...манай нөхөр Г юм...Алдагдсан эд зүйлдээ дахин шинээр үнэлгээ хийлгэмээр байна, манай эд зүйлсийг буруу үнэлсэн байна...Өөр эд зүйлс алдагдаагүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бугуйн цаг болон бэлэн 12.500 төгрөг алдагдсан гээд бичүүлчихсэн байсныг дараа нь гэрээсээ олсон болохоор үнэлүүлэх шаардлага байхгүй...Би өөрт учирсан хохирлоо авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /4хх-54-56, 132-135, 59-60/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №21/023 дугаартай үнэлгээ; нөүтбүүк 2 ширхэг, таблет 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн хослол 1 хос, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн үсний даруулга 1 ширхэг, монетон хослол 1 хос, монетон бугуйвч 1 ширхэг, нийт 5.670.000 төгрөг /4хх-138-140/,

- С.Э-ын гэрчээр, сэжигтэн, яллагдагчаар өгсөн...2017.07.26-ны өдөр Тэрэлжид амарч байгаад өдөр 13:00 цагийн үед Налайхад ирээд Нарлагийн гэр хорооллын яг хэддүгээр гудамж гэдгийг мэдэхгүй байна нэг гудамжаар нь орж ногоон өнгийн Өлзий хээтэй хашаатай айл руу орж байшингийн арын жижиг вакум цонхыг түлхэж ороод байшингаас 5-6 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, ээмэг, улаан өнгийн нотебоок, таблет зэрэг эд зүйлс хулгайлсан...гэх мэдүүлэг /4хх-63, 64, 87, 157-158/

- С.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-221-229/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.  

Шүүгдэгч нь тухайн хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэхдээ тус эрх нь дур зоргын буюу мөрдөгч бусад хэн нэгнийг гүтгэн илтэд худал мэдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахад чиглэгдэх ёсгүйг тэмдэглэхээс гадна тус хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын болон С.Э-ын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, тус яллагдагчийн мэдүүлгийг тус бүр газар дээр нь шалгасан тэмдэглэл, мөн хохирогч ба яллагдагч нарын мэдүүлэг дэх хулгайн хэргийн улмаас алдагдсан зарим эд зүйлсийн шинж, тоо ширхэг, цаг хугацааны тухай зэрэг баримтат мэдээллүүд зөрүүгүй зэргээс үзэхэд шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.      

Иймд шүүгдэгч С.Э-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Н-т эд зүйлийн үнэ 23.920.000 төгрөг, бэлэн 200.000 төгрөг нийт 24.120.000 төгрөг, хохирогч Н.М-т 5.670.000 төгрөг тус тус төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:       

Шүүгдэгч нь ам бүл 2, ахын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /1хх-72, 73, 79, 82, 86, 90, 93-96, 2хх-246, 248, 3хх-30/ судлагдсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Э-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.  

Шүүгдэгч нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 3 жил 6 сар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял оногдуулсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн /1хх-117-123, 2хх-56-240/, Улсын Дээд шүүхийн 2020.11.06-ны өдрийн 641 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан С.Э-ын хэргийн зүйчлэл, ялыг хэвээр үлдээсэн / 3хх-105-157/ байх ба тухайн шүүхийн шийдвэрүүд, ял шийтгэлийнх нь баримтаас үзэхэд С.Э 2014.05.05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 4 жилийн хорих ялаас 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эдлээгүй үлдсэн 2 жил 28 хоногийн хорих ялаас өршөөгдөн суллагдсан байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн үндэслэлээр дахин өршөөлд хамрагдах үндэслэлгүй байна.        

2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зааснаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг харгалзан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2021.01.21-ний өдрөөр тасалбар болгон тооцоход 4 жил 01 сар 26 хоногийн хорих ял үлдсэн баримттай /3хх-81/ байх тул    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 жил 1 сар 26 хоног хорих ялаар тогтоох үндэслэлтэй.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, С.Э-ыг ял эдэлж байсан 433 дугаар хорих ангиас шилжүүлэн цагдан хорих тухай захирамжийг 2020.11.05-ны өдөр гаргуулсан, сунгуулсан байх боловч тус захирамжийг 2021.01.21-ний өдрөөр бодит байдлаар хэрэгжүүлсэн /3хх-81/ байх тул тус өдрөөс хойш 2021.07.20-ний өдрийн байдлаар нийт 180 хоног цагдан хоригдсон байх тул ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Э-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч С.Э-ыг 3 жилийн хорих ял шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тогтоолоор С.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.21-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор С.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 7 жил 1 сар 26 хоног хорих ялаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-ын эдлэх 7 жил 1 сар 26 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.             

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ын цагдан хоригдсон 180 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.       

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар С.Э-аас 29.790.000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Насандэлгэрт 24.120.000 төгрөг, Н.М-т 5.670.000 төгрөгийг тус тус олгосугай.  

7. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Шүүгдэгч С.Э-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.07.20-ны  өдрөөс эхлэн тооцсугай.    

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   С.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР