| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Д.Б,
Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Сын Аад холбогдох 2135000000080 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 01-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн татварын хэлтэст татварын улсын байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 16-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй А овогт Сын А /РД:ОЭ73080177/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хатуу хучилттай зам дээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 34-92УВА улсын дугаартай тоёота креста загварын автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Аыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт хатуу хучилттай зам дээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 34-92УВА улсын дугаартай тоёота креста загварын автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч иргэн Д.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], зам тээврийн осол дээр тогтоосон акт гэрэл зургийн үзүүлэлт[2], шүүгдэгч авто осол гаргах үедээ 3.74 хувийн согтолттой болохыг нотолсон драгер багажаар үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл[3], эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл[4],
Хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 30 минутад өөрийн ачааны машины цахилгааныг үзүүлэхээр өөрийн 4943УВХ улсын дугаартай машинтай Улаангом сумын 6 дугаар багт модтой гудамжинд байх цахилгаанчин Бгийн гэрт очсон. ..Б хашаанаасаа гараад цагаан өнгийн креста авто машинд суусан. ...А машинаа асаагаад ямар нэгэн зүйл хэлэлгүй засмал зам руу хөдөлсөн. Тэгэхэд Б Ааас хаачих гэж байгаа юм гэхэд А нь танай авгайгаас холдож уумаар байна гэсэн. Тэр үед би машинаас буумаар байна гэхэд юу ч дуугараагүй. Тэгээд би хоёр удаа машинаас буумаар байна. Машинаа цоожилмоор байна гэж хэлэхэд зогсохгүй шууд засмал зам дээр гарч хойшоо эргээд явсан. Тэр үед Б Аад чи согтуу машин бариад хаачих гээж байгаа юм зогсолдоо гэхэд А ямар нэгэн зүйл хэлэлгүй хаазлаад машин хурд авсан. Тэгэхэд Б нь Аын далан дээр чичээд болилдоо залуу, тогтуун явалдаа гэхэд А бүр улам хаазалж машин хурдаа авсан ба нэг харахад машины хурд хэмжигч 100 хүрчихсэн байсан. Тэгээд машин хурдтай явж байтал машин баруун талдаа нэг дайвж мурилзаад машин замын зүүн тал руу өнхрөөд унасан ба нүд эрэмхийн зуурт осол болсон юм. Тэгээд машинд би дотор байсан ба машины дөрвөн дугуй дээш харсан байсан. ...Ослын улмаас миний 2 сээрний яс хугарсан, их биеийн баруун хажуу хэсгээр сэтэрсэн хугарал гэх мэт нуруунд гэмтэл авсан юм. Одоо би осолын дараагаар гэртээ хэвтэрт байгаа бөгөөд биеийн байдал шөнөдөө нурууны яс зовоож өвдөөд байгаа юм...2021 оны 05 дугаар сарын ослын улмаас миний биед сээрний 8 дугаар нугалмын их бие дунд хэсгийн цуурал хугарал, 7 дугаар нугалмын их биеийн баруун хажуу хэсгээр сэлтэрсэн хугарал, толгойд зулгаралт, хамар, дух, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт зэрэг гэмтлүүд үүссэн. Би тухайн үед үзүүлэхэд намайг эдгээр өвчнүүд эдгэрэлт ямар нэг хөдөлгөөн хийхгүйгээр гэртээ хэвтэж эмчлүүл гэсэн хэлсний дагуу гэртээ хэвтэж эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Явахаар биеийн нуруу хэсгээр өвдөөд байна. А нь 2 удаагийн шилжүүлгээр 500.000 төгрөг өгсөн. Одоо би Улаанбаатар хот руу эхнэрийн хамтаар нарийн шинжилгээнд орох шаардлагатай байна. Улаанбаатар хот явах зардал болон олох ёстой байсан орлого 20.995.876 төгрөгийг гаргаад өгчихвөл миний зүгээс гомдол, тэмцэл гээд байх зүйл байхгүй. Намайг машинаас буулгачих гэж байхад буулгачихсан бол ийм асуудал болохгүй байсан. Аваар осол гарснаас хойш А нь миний биеийг асууж нэг ч удаа ирж уулзсангүй. Манай гэрт ганц ажил хийдэг хүн нь би байсан. Одоо ажлаа алдаад хэцүү байна. А бид хоёр анх ярилцахад миний хохирлыг барагдуулж өгнө гэж байсан боловч өмгөөлөгч авснаасаа хойш утсаар ч ярихаа больсон. Өмгөөлөгч нь баримтаа авч ирээд хохирлоо ав гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[5],
Иргэний нэхэмжлэгч Ж.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаанбаатар хотод амьдардаг. Миний хүү С.А нь эхнэр хүүхдүүдийн хамтаар Увс аймгийн Улаангом суманд амьдарч байна. Хүү А нь Аймгийн Татварын газарт улсын татварын байцаагчаар олон жил ажиллаж байна. Миний нэр дээр Чандмань Авто ХХК-ний байдаг боловч энэ компанийг миний хүү А нь ерөнхийд нь удирдаж үйл ажиллагааг явуулж байдаг. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүү А маань зам тээврийн осол гаргасан талаар сонссон. Манай компанийн нэр дээр тоёота креста маркийн 34-92 УВА улсын дугаартай автомашин бүртгэлтэй байдаг боловч уг автомашин бол миний хүү Аын өөрийнхөн эзэмшлийн автомашин учраас миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[6],
Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт 8-5 тоот хашаанд хувиараа автомашины цахилгааны засвар ажил хийдэг юм. Өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг40 минутын үед манай гэрт миний танил, надаар урьд өмнө нь машинаа байнга засуулдаг А нь өөрийнхөө 34-92 УВА улсын дугаартай цагаан өнгийн креста загварын автомашинтай ганцаараа хүрч ирсэн. А нь манайд ирээд надад " машины хөгжим солиулмаар байна, бас манай нэг хуурай дүүгээр худгийн дээвэр янзлуулмаар байна, чи нэг яриад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр манай гэрээс түүний машинтай Чандманы нэгдүгээр буудалд байдаг манай хуурай дүү Гийн гэрт очсон. Тэгээд бид хоёр Гтой уулзаж худгийн дээвэр хийж өг гэж уулзаад тэднийхээс Гийг дагуулаад Чандманьд байх Аын хашаанд очсон. Тэгээд А нь Гт худгийн дээврийг харуулаад уг худгийн дээврийн Г нь 5 дахь өдрөөс янзлахаар болсон. Тэгээд А нь машин дотроо бэлэн байсан 0,75 литрийн Ерөөл гэх нэртэй 1 шил архи гаргаж ирж задалж уг архийг Г, А бид гурав Аын хашаанд түүний машин дотор хувааж уусан. ... А машинтайгаа ирчихсэн, хажуу талд нь надаас мотоцикл авах ёстой Бтой хамт суучихсан байсан юм. Тэр үед Б мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ба А өөрөө машинаа жолоодож явсан. Тэгээд тэр хоёр машинаасаа Ауруг гэх 0,5 литрийн саарал шилтэй архи гаргаж ирж задлах гэхээр нь би тэр хоёрт" гудамжинд хэрэггүй ээ та хоёр манай гэрийн гадна очиж бай, би араас чинь ус аваад очъё" гэж хэлсэн. ... Б гэх миний зүс таних залуу бууж ирээд машин засуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би Бд " түр хүлээж бай тэр хоёр хүнтэй уулзчихаад ирье" гэж хэлсэн. Тэгээд би Аын машинд очиж арын хаалгаар нь суухад Б миний араас алхаж Аын машин дээр ирэхэд Б нь Бг таньдаг байсан учир Бг " ороод суучих" гэж хэлэхэд Б машины жолоочийн эсрэг талын арын суудалд суусан, харин би тэр үед жолоочийн ар талын суудалд сууж байсан, ... Бд архи хийж өгөхөд Б нь " би машинтай явна, уухгүй" гэж хэлээд уг архинаас уугаагүй бөгөөд Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Яг тэгж байтал А нь гэнэт машинаа асааж жолоодож манай гэрийн гудмаар дээшээ хар зам руу гараад хойшоо Чандмань тал руу эргэсэн. Тэр үед нь би Аад" чи хаачих гэж байгаа юм бэ" гэж хэлэхэд А ямар нэгэн зүйл хэлэлгүй хар замаар хойшоо хүчтэй хаазалж хурд авсан ба машины хурд хэмжигч 100 милл хүрсэн тэгээд би Аад "зогс, хурдаа хас, болохгүй бол энэ эрүүл хүнд машинаа бариул" гэж хэлээд түүний араас дал руу гараараа нудрахад А нь миний үг авахгүй, дуугарахгүй хар замаар хойшоо машинаа жолоодож давхисан тэгж байтал манай гэрээс гараас хойшоо явж тоосгоны завуудын ойролцоо явж байтал машин гэнэт хоёр тийш дайвалзаад сонин болсон тэгэнгүүт би доошоо суудлаасаа бууж машины шалан дээр суумагц л машин замын хажуугаар өнхөрч онхолдсон, тухайн үед машин 3 эргэж машины 4 дугуй нь дээшээ харж тогтсон. Тэгээд арын салхины шил хагарчихсан онгорхой зайтай байхаар нь би тэр зайгаар түрүүлээд мөлхөж гарсан, тэгтэл араас Б "намайг татаарай" гэж хэлээд гараа арын шилний зайгаар гаргахаар нь би Бг мөн арын шилний зайгаар татаж гаргасан, тэгж байтал Б машин дотроос " миний гар дарагдчихсан байх шиг байна, намайг аваач Б" гэж хэлсэн. ... А нь жолоочийн суудлын араас өөрөө бууж ирээд "юу болчихвоо, юу болсон юм бэ" гэж хэлж байсан. Тэгээд байж байтал цагдаа нар хүрч ирсэн юм.” гэх мэдүүлэг[7],
Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 06:00 цагт манай ажлын газрын жолооч Ууганхүү намайг дуудаж хамтдаа Улаан уул руу алхаж рашаан дээр очсон. Рашаан дээр очиход Улаанхүү нь үүрч явсан цэргийн ногоон дашмагт дүүргээд архи хийчихсэн байсныг гаргаж ирээд бид хоёр рашаан дээр уг архийг хувааж уусан. Тэр хооронд над руу миний танил Б над руу 08:00 цагийн орчимд залгаад " шинэ шахуу мотоцикл байна, чи ирж үзээд авах хүн байвал сураглаад өгөөч" гэж залгасан. ...Намайг Бгийн гэрийн гадна очиход тэдний гадна миний зүс харж байсан А гэх залуу цагаан өнгийн 34-92УВА улсын дугаартай автомашинд ганцаараа сууж байсан. Тухайн үед би Атай мэнд мэдэлцэхэд А надад "Б чамайг ирнэ гээд хүлээгээд байж бай гэж хэллээ" гэсэн. Тэгээд би Аын машины жолоочийн хажуугийн урд талын суудал дээр суугаад юм ярилцаж байсан бөгөөд удалгүй Б машины арын хаалгаар орж ирж суусан бөгөөд араас нь Б мөн машин дээр хүрч ирэхээр би Бд сонин юу байна, наашаа суугаач гэж хэлээд машины ар талаар машинд суулгасан. Тэгээд сууж байтал А нь гэнэт машинаа асаагаад Чандмань явна гээд машинтайгаа хөдөлж хар зам дээр гарсан, хар зам дээр гараад хойшоо эргээд явсан бөгөөд явж байгаад нэг харахад машин хоёр тийшээ дайваад байсан тэгэхээр нь Аад би яаж яваад байгаа юм бэ машинаа зогсоо гэхэд А нь ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд удалгүй машин замын хажуугаар онхолдсон. Тухайн үед би архи уучихсан согтсон байсан учир зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа юм. Тэгээд машин онхолдсоны дараа юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан юм.” гэх мэдүүлэг[8],
Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өглөө өөрийн автомашины хөгжим засуулахаар Улаангом сумын 6 дугаар багийн нутагт гэр нь байдаг танил найз Бгийн гэрт өөрийн эзэмшлийн 34-92УВА улсын дугаартай тоёота креста загварын автомашинтай ганцаараа очиход Б гэртээ байсан. Би машиныхаа хөгжмийг Бгаар үзүүлэхэд засвар авахгүй байсан. Тэгээд би Улаангом сумын 1 багийн нутагт байх хашааны худгийн дээврийг Бгийн танил дүүгээр янзлуулах гээд бид хоёр Бгийн гэрээс гарч Улаангом сумын 1 баг руу миний машинтай явж Гийн гэрт очиж Гийг аваад манай гэрийн хашаанд очиж засуулах худгийн дээврийг Гт үзүүлэхэд тэр: 5 дахь өдөр ирээд хурдан засаад өгнө гэж хэлсэн. Тэгээд Б, Г бид гурав манай хашаанд миний машин дотор байсан 0.75 гр Ерөөл гэх архийг хувааж уусан. Тухайн архийг ууж дуусаад Гийг гэрт нь буулгачхаад Б бид хоёр хамтдаа явж Бгийн гэрийн гадна зогссон. Тухайн үед Б худаг руу ус авахаар явсан бөгөөд би тэдний гэрийн гадна хүлээгээд зогсож байтал Бтай уулзах гээд Б гэх залуу ирсэн. Б бид хоёр миний машинд сууж Бг хүлээж байгаад ирэхгүй болохоор түүнийг хайхаар Б бид хоёр миний машинтай явахад гэр хорооллын дунд байдаг мотоциклийн сэлбэгийн дэлгүүрийн гадна Бгийн машин зогсож байсан. Тэгээд Б бид хоёр Бг хүлээгээд миний машин дотор сууж байхад Б 0.75 гр Ерөөл гэх архи авч ирээд Б бид хоёр уугаад сууж байхад Б машинаа хашаандаа оруулчхаад миний машин дотор орж ирээд сууж байхад удалгүй Б гэх залуу машин засуулахаар хүрч ирэхэд Б нь Б гэх залуу таньдаг учраас миний машинд суулгасан. Тэгээд бид хэд архиа хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Тэгээд би тухайн үед машинаа асаагаад хар зам руу гараад Улаангом сумын 1 багийн нутаг Чандмань руу явж байхад гэнэт машин дайваад шууд замын эсрэг талын урсгал руу орж замаас гарч онхолдсон. Тухайн өдөр би архи уугаад нэлээд согтсон байсан бөгөөд тухайн үедээ хаашаа явсан талаараа ямар шалтгааны улмаас машинаа жолоодож явсан талаараа мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би зам дээр нэлээд хурдтай дээрээс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Тухайн өдөр осол болох үед зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байгаагүй, ямар нэгэн машин унаа явж байгаагүй байсан. Мөн замын эргэн тойронд болон зам дээр хүн мал, амьтан гэх зүйл огт байгаагүй, зам чөлөөтэй байсан юм. ...тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад 2020 оны эхээр Чандмань авто ХХК-ний нэр дээр шилжүүлсэн. Чандмань авто ХХК бол миний ээжийн компани юм. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, Цаашид хохирогчид эмчилгээний хохирлыг бүрэн барагдуулж өгнө.” гэх мэдүүлэг,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай “Д.Б -н биед гэмтэл тогтоогдлоо. Сээрний 8-р нугалмын их бие дунд хэсгийн цуурсан хугарал, 7-р нугалмын их биеийн баруун хажуу хэсгээр сэлтэрсэн хугарал, толгойд зулгаралт, хамрын нуруу, дух, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд шинээр учирсан эдгэж буй гэмтлүүд байна. Сээрний 8-р нугалмын их бие дунд хэсгийн цуурсан хугарал, 7-р нугалмын их биеийн баруун хажуу хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Толгойн зулгаралт, хамрын нуруу, дух, зуун өвдөг, зүүн шилбэний зулгаралт, зүүн мөрний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт[9],
Увс аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт[10], Увс аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цын гаргасан 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт[11]-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийснээр эхэлж, авто тээврийн хэрэгслийг хөдлөх боломжгүй болгож бүрэн зогсоох хүртэл мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд жолоочийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бий болгосон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота креста” загварын 34-92 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигчид хүндэвтэр гэмтэл учирсан хор уршигт хүргэсэн байх тул Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б 20.995.876 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.
Үүнээс 20.000.000 төгрөгийг олох ёстой орлого гэж нэхэмжилсэн боловч хохирогч Д.Б нь сард хэдэн төгрөгийн орлого олдог байсан талаарх нотлох баримт /нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, хувь хүний орлогын албан татвар төлдөг эсэх гэх мэт/ хэрэгт авагдаагүй тул үүнийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Эм, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаар 995.876 төгрөгийн баримт шүүхэд гаргаж өгсөнөөс 28.960 төгрөгийн баримт нь эм, эмчилгээтэй холбоогүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, 966.916 төгрөгийг шүүгдэгч С.Ааас гаргуулж, хохирогч Д.Бд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь 500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, 466.916 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдааны дараа тус тус төлсөн гэдгийг хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлсэн тул шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан сээрний 8-р нугалмын их бие дунд хэсгийн цуурсан хугарал, 7-р нугалмын их биеийн баруун хажуу хэсгээр сэлтэрсэн хугарал гэмтэлдээ цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь хохирогчийн Амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүх, өвчтөн илгээх хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.
2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч С.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байгаа, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй тул хэргийг өршөөн õýðãèéã өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Аын “Тоёота креста” загварын 34-92 УВА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Сын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Аад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан 2135000000080 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн 20.995.876 төгрөгийн нэхэмжлэлээс 28.960 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч 966.916 төгрөгийг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан 20 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Хохирогч Д.Б нь цаашид эмчилгээтэй холбоотойгоор гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Аын авто машин битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С. Аад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ