| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0318/И |
| Дугаар | 131/ШШ2017/00362 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00362
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВС57051710 регистрийн дугаартай, Бөхөөн овогт Цэрэнхүүгийн Буянбатын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жонт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Жонт шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Буянбат нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл Шинэжинст сумын 1 дүгээр багт малчнаар ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цэрэгт татагдан 3 жил цэргийн алба хаасан. Иймд 1978-1991 оныг дуустал тус суманд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ц.Буянбатын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1976, 1990 оны болон 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 тоот, 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот тушаал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 тоот, 1982 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9 тоот, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4 тоот, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 протокол, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Ардын хувьсгалын 65, Сум-Нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын ажиллагааг нээх хэлэх үг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Буянбат нь 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, худгийн моторчноор ажиллаж байсан болох нь түүнийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн адуучнаар ажилд томилсон “Малчид томилох тухай” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 тоот тушаал, түүний хүсэлтийг үндэслэн түүнийг худгийн моторчноор ажилд томилсон “Ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09 тоот тушаал, түүний хариуцан маллаж байсан мал хорогдож акт тогтоолгож, акт тодорхойлолттой малыг хасахаар шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 тоот, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 6 тоот, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4 тоот, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 протоколууд, нэгдлийн хорогдсон малын талаар хэлэлцэж Ц.Буянбатын сууриас 4 настай адуу хорогдсон талаар бичигдсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9 тоот протокол, түүнийг хорогдолгүй мал маллаж 100 хувь онд оруулсан малчнаар тодруулсан 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Ардын хувьсгалын 65, Сум-Нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын ажиллагааг нээх хэлсэн үг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Мөн түүний 1978-1991 оныг дуустал эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэн эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1976, 1990 оны болон 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бөхөөн овогт Цэрэнхүүгийн Буянбатын 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Буянбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ