Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00363

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 18 дугаар байрны 24 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ57052911 регистрийн дугаартай, Маарамбыхан овогт Сандагийн Батсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Батсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт гарах бөгөөд 1980 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагчаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар С.Батсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот тушаал, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 36 тоот, 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 94 тоот, 1984 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 79 тоот, 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 90 тоот, 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот тушаал, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 70 тоот, 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 56 тоот, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 87 тоот, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48 тоот тушаал, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

С.Батсүрэн нь 1980 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч багшаар ажиллаж байсан болох нь түүнийг шатрын бүсийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр томилсон “Шатрын бүсийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчид томилох тухай” Биеийн тамир, спортын хорооны даргын 1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот тушаал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Найрамдал дөрвөн төрөлтийн аймгийн пионер сурагчдын тэмцээний шүүгчээр ажилласан түүнд 24 төгрөгийн олгосон “Шагнах тухай” Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 36 тоот тушаал, С.Батсүрэнг 2 дугаар 10 жилийн багшаар шилжүүлэн ажиллуулсан “Багш нар томилж шилжүүлэх, чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 94 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар,

1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор хотын 2 дугаар 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан болох нь түүнийг Хотын 2 дугаар 10 жилийн биеийн тамирын багшаар шилжүүлэн ажиллуулсан “Багш нар томилж шилжүүлэх, чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 94 тоот тушаал, түүнийг сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаар томилсон “Дасгалжуулагч багш нарыг томилж ажиллуулах тухай” Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 79 тоот тушаал, Баянхонгор хотын төвд ажиллуулах өдрийн зуслангийн 3 дугаар ээлжийн багшаар түүнийг томилсон “Өдрийн зусланд ажиллах хүмүүсийг томилох тухай” Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 90 тоот тушаал, түүний цалинг шинэчлэн тогтоосон Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот тушаал, түүнд 48 хоногийн ээлжийн амралт олгосон “Ээлжийн амралт олгох тухай” Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 70 тоот тушаал, 6А ангийг С.Батсүрэн багшид хариуцуулсан “Зарим багш нарт анги даалгах тухай” Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 56 тоот тушаал, Шинэ жилийн баярын үеэр түүнийг жижүүр эргүүлээр ажилд томилсон “Жижүүр эргүүл томилох тухай” Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 87 тоот тушаал, сургах арга барилдаа дадлагажиж байгаа түүнийг сургуулийн захиргаанаас баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасан “Зарим багш нарыг шагнах тухай” Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Хөдөлмөр политехник сургалттай 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 48 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар ту стус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүний 1980-1990 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг нотолсон нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Маарамбыхан овогт Сандагийн Батсүрэнгийн 1980 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч багшаар,

1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор хотын 2 дугаар 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Батсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ