Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/509

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810017550046 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, А.Ж /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.Ж нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Уран ган” ХХК-ний байранд байрлах “***” барьцаалан зээлдүүлэх компанийн авто зогсоолоос  2013 оны 10 дугаар сард “***” ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Мерседес бенз Жи-500” маркийн автомашиныг,

Мөн 2015 оны 02 дугаар сард *** улсын дугаартай Приүс-20 маркийн автомашиныг тус тус “зарж борлуулаад мөнгийг нь өгье” хэмээн авч явж хуурч, урьдын харилцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 58.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: “Би “Уран ган” ХХК-тай 2011 оноос хойш холбоотой байсан. Учир нь би Америкаас машин зөөж авчирч зардаг байсан бөгөөд авчирсан машинуудаа зарагдахгүй байхаар нь барьцаанд тавьж дараа нь зарж мөнгийг нь өгдөг байсан. Энэ хоёр машиныг тавихаас өмнө өөр машин барьцаанд тавьж байсан. 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Бенз Ж-Класс гэх машин гадаадаас оруулж ирээд тэр машиныг “Уран ган” дээр 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөн 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Лексус 470 маркийн машиныг 30.000.000 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд барьцаанд тавихдаа өндөр үнэтэй, гаалийн бичигтэй болохоор зарж борлуулж мөнгийг нь өгнө гэдгийг хэлээд Цэнгэлдэхийн машины худалдаа дээр заруулах гээд тавьсан. Гэтэл машинууд зарагдахгүй байсаар хүү төлж яваад 1 жилийн дараа шинэчилсэн гэрээ байгуулсан. 2013 оны  03 дугаар сарын 15-ны өдөр тэр Жи-Класс машиндаа дугаар авсан бөгөөд зээлийн гэрээгээ шинэчилж хийсэн. Шинэчилсэн гэрээндээ Бенз Жи-класс машинаа 50.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Лексус 470 маркийн машин дээр 30.000.000 төгрөг 10.000 долларын зээлийн гэрээ хийгдсэн. 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би хүнээс авлагатай байсан бөгөөд авлагаа аваад Гд 30.000 доллар өгсөн бөгөөд 20.000.000 төгрөгийг Бенз Жи-Класс машины зээлд төлөөд үлдсэнийг Лексус-470 машины зээлд төлнө гээд Гы ажил дээр мөнгийг өгсөн. Энэ хоёр машины хүүд 40.000.000 төгрөг төлсөн. Тэр хооронд мөнгөө гүйцээгээд авна гээд хэлээд явж байсан. 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надад мөнгө хэрэг болоод хүүгийнхээ Приүс-20 машиныг “Уран ган” дээр барьцаанд тавьсан бөгөөд би хамт очсон. Манай хүүхэд 8.000.000 төгрөгөөр тавьсан гээд гарч ирээд би мөнгийг нь авсан. Харин машиныг тухайн үед ажил төрөл их, унах унаагүй байсан болохоор Гаас гуйгаад аваад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С мэдүүлэхдээ: “Ж нь манай байгууллагад урд нь машин барьцаанд тавьж байсан. Сүүлийн 2 машин дээр төлбөрөө хийхгүй алга болсон. Гэрт нь уулзах гэж олон удаа очсон, ээж аавтай нь уулзаж байсан. Энэ машинуудаа авч явсны дараа байнга холбоотой байсан. Тэгээд дуучин Ариунаагийн нөхөрт газар зарсан удахгүй мөнгө өгнө тэгэхээр зээлээ төлнө гэж ярьдаг байсан. Барьцаанд тавьсан байсан Приүс маркийн машин алга болсныг мэдээд авч ир гэхэд эхнэр О нь аваад ирнэ гээд явсаар байгаад сүүлдээ алга болсон. Бенз Жи-500 дээр 50.000.000 төгрөг, Приүс дээр 8.000.000 төгрөг нийт 58.000.000 төгрөгийн бодит хохирол учруулсан” гэв.

 

Шүүгдэгч А.Ж нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран Ган” ХХК-ийн авто зогсоолоос 2013 оны 5 дугаар сард “***” ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Мерседес бенз Жи-500” маркийн автомашиныг,

            Мөн 2015 оны 02 дугаар сард *** улсын дугаартай Приүс-20 маркийн автомашиныг тус тус “барьцаанд тавьсан автомашинаа зарж борлуулаад мөнгийг нь өгье” хэмээн авч явж хуурч, урьдын харилцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “***” ХХК-д нийт 58.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн “...2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай компанид Ж гэх хүн өөрийн ***улсын дугаартай мөнгөлөг өнгийн Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг барьцаанд тавьж 50.000.000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн. Тэгээд машинаа манайд барьцаанд байлгаж байгаад 2013 оны 10 дугаар сард ирж уулзаад “машинаа зарчхаад мөнгийг нь өгье” гэж хэлээд авч яваад сураггүй алга болсон. Уг зээлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ХХК-ийн оффисын байрны 1 давхарт зээлийн гэрээг хийж, автомашиныг “Уран ган” ХХК-ийн авто зогсоол дээр байрлуулан тавьсан. Үүнээс жил орчмын дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Жы хүү Б нь өөрийн *** улсын дугаартай усан цэнхэр өнгийн Тоёота Приүс-20 маркийн автомашиныг барьцаанд тавьж 8.000.000 төгрөг авсан. Тухайн машинаа 2015 оны 02 дугаар сарын орчимд “ажил явдал гарчихлаа, 3-4 хоног хэрэглээд өгье” гэж хэлээд чигээрээ алга болсон. Бид мөн  л автомашиныг “Уран ган” ХХК-ийн авто зогсоол дээр тавьсан. Удалгүй барьцаанд тавьсан автомашины тооллого явуулахад дээрх 2 машин дутсан. Тэгтэл “Уран ган” ХХК-ийн дэд захирал Гаас багын найз Ж тухайн 2 машиныг “зарчхаад мөнгийг нь аваад ирье” гэж хэлж авч яваад өнөөдрийг хүртэл сураггүй алга болсон. Г нь барьцаанд тавьсан машиныг гаргах эрх байхгүй. ...Жы Бтай зээлийн гэрээ хийж 8.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Ж мөнгө аваагүй боловч 60-05 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “унах унаагүй болчхоод хэд хоног унаад өгнө гээд аваад явсан. Тэгээд машин авчирч өг гэхээр манай эхнэрийн өмгөөллийн хөлс удахгүй орж ирнэ тэгээд мөнгийг нь өгнө гээд ирээгүй. Ж нь 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг аваагүй, миний гэрээн дээр бичилт хийгдээгүй гэж худлаа ярьж байна. Манай зээлдүүлэгч талд үлдсэн зээлийн гэрээн дээр 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг авсан тэмдэглэл түүний ард Жы гарын үсэг зурсан байна. 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 30.000.000 төгрөгийн 22 хоногийн 4 хувийн хүү мөнгө нь 880.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг нэмж зээлсэн ба тэр мөнгөн дүн нийлээд 40.000.000 төгрөг болж байгаа ба 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 40.000.000 төгрөгийн үлдсэн 8 хоногийн хүү 426.666 төгрөг болж байгаа ба өмнөх 22 хоногийн хүү 880.000 төгрөгтэй нийлээд 1.306.670 төгрөгийн хүүг 2012 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төлсөн гарын үсэг байгаа ба хэрэв тэр үед манай компаниас 10.000.000 төгрөг нэмж зээлээгүй байсан бол хүү буруу байна гээд тухайн үедээ хүүгээ ингэж төлөхгүй байсан. Хүлээн зөвшөөрч 40.000.000 төгрөгийн хүү төлсөн байна. Жтай 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинээр 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба тухайн мөнгөний хүү гэж нэг ч төгрөг төлөөгүй тул 50.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Бтай хийсэн 8.000.000 төгрөгийн зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй учир 8.000.000 төгрөг, нийт 58.000.000 төгрөгийг бүтэн нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар хуудас, 2 дугаар хавтас 160 дугаар хуудас/,

 

 Гэрч Д.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2002 оноос “Уран ган” ХХК-д дэд захирлаар ажиллаж байгаа ба намайг ажиллаж байх хугацаанд манай багын найз Ж манай компани дээр хэд хэдэн удаа автомашин барьцаанд тавьж, буцааж авч байсан. Тэгээд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найз Ж манай компани дээр өөрийн ***улсын дугаартай саарал өнгийн Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг барьцаанд тавьж 50.000.000 төгрөг авч явсан. Үүнээс жил гаран хугацааны дараа өөрийн хүүгийн гэх *** улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приүс-20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, үүнээс жил орчмын дараа Ж ирж уулзаад “би өөрийн автомашинаа зараад танайд мөнгийг нь өгөх гэсэн юм, чи гаргаад өгөөч” гэхээр нь би түүнд ***улсын дугаартай Жи-500 маркийн автомашиныг гаргаж өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа дахин ирээд “миний автомашин удахгүй зарагдах гэж байгаа, чи надад манай хүүгийн автомашиныг гаргаад өгөөч” гэхээр нь өмнө нь хэд хэдэн удаа манай компани дээр автомашин барьцаанд тавиад авч байсан, мөн багын найз учраас итгээд *** улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашиныг өгч явуулсан. Машинуудаа авсны дараа хэд хэдэн удаа холбогдож байгаад хэсэг хугацааны дараа утсаа авахгүй алга болсон. ...Жы барьцаанд тавьсан машин анх гаалийн бичигтэй байсан бөгөөд удалгүй автомашиндаа улсын дугаар авсан байсан. Ингээд надаас 50.000.000 төгрөгт барьцаалж зээл авсан бөгөөд надаас “машинаа унаж байя” гэхээр нь би зөвшөөрсөн. Ж тухайн үедээ энд машин байгаад байвал зарагдахгүй байна, автомашинаа арай илүү үнээр зарж борлуулчхаад зээлийн мөнгийг нь өгье” гэхээр нь би зөвшөөрч байсан. Удалгүй надад хүүгийнхээ нэр дээр байсан Приүс-20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад автомашинаа аваад явсан. Үүнээс хойш ирж очоод, уулзаад яваад байсан. 2016 оноос хойш хүнээс газар зарсан мөнгөө авч чадахгүй байна гэсээр одоог хүрсэн. 50.000.000 төгрөгийн автомашин, 8.000.000 төгрөгийн автомашины барьцааны төлбөрөөс ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 14, 96 дугаар хуудас/,

 

Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2013 оны намар байх аав бид 2 вокзалын 1000 машины зогсоол дээрээс Приүс-20 маркийн автомашин худалдан авсан. Машины бичиг баримтыг миний нэр дээр гаргуулсан. Тухайн машиныг аав өөрөө унаж хэрэглэдэг байсан ба би заримдаа унадаг байсан. 2014 оны 02 дугаар сард барьцаанд тавихаас 1 сарын өмнөөс би машингүй болоод тухайн Приүс-20 машиныг байнга унаж байсан. Тэгээд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр аав над руу залгаад “Наад Приүс-20 машинаа “Уран ган” дээр барьцаанд тавьчих, мөнгөний хэрэг гарлаа” гэхээр нь би хэлснээр нь “Уран ган” дээр 8.000.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь аавд гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед аав өөрөө мөнгөө төлөөд машинаа авах байсан ба надад хамааралгүй учир би энэ асуудлыг мартсан байсан. Би “Уран ган” дээр аавын найз Г ах байдгийг мэднэ. Өмнө нь аав Бенз Жи-500 болон Лексус 470 машинуудыг барьцаанд тавьж байсныг мэднэ. Намайг “Уран ган” дээр очиход нэг ажилтан нь машин чинь хаана байна гэхээр нь гадаа байгаа гэхэд хальт харчихаад гэрээ хийгээд надад мөнгийг нь өгсөн. Автомашины бичиг баримт, нэрийг “Уран ган” өөр дээрээ шилжүүлж аваагүй. Машиныг хэзээ барьцаанаас гаргасныг би мэдэхгүй байна, нэг мэдэхэд аав унаад явж байсан. 2014 оны намар тухайн машиныг зармаар байна гэхээр нь би зар тавиад машиныг нь зараад бичиг баримтыг нь шилжүүлж өгсөн. ...8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон бичиг баримт дээр гарын үсэг зураад мөнгийг бэлнээр аваад аавд өгсөн. Би тэр мөнгөнөөс ямар нэгэн мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 99-100, 2 дугаар хавтас 161 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Аюурзанын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жтай анх 2011 онд ирсэн гаалийн бичигтэй Мерседес Бенз Жи-500 автомашин барьцаалж зээлийн гэрээ хийсэн. 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 35.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэмж 5.000.000 төгрөг зээлсэн түүний дараа 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг дахин нэмж зээлсэн. Нийт 50.000.000 төгрөг зээлсэн ба зээлийн хүү гэж нийт 19.718.420 төгрөгийг бэлэн мөнгөөр авч гэрээг 2013 оны  03 дугаар сарын 15-ны өдөр дуусгасан. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинээр ***улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг барьцаалж 50.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан ба түүний хүү гэж нэг ч удаа ирж мөнгө төлөөгүй. 2014 оны 02 дугаар сард 04-ний өдөр Б ирж 60-05 УНБ улсын дугаартай Приүс-20 автомашин барьцаалж 8.000.000 төгрөг зээлсэн ба тухайн мөнгийг Бд бэлнээр өгсөн. 8.000.000 төгрөгийн зээлийн хүү гэж нэг ч мөнгө өгөөгүй. ...Зээлдэгч нар зээл нэмж авах, хүү төлөх үедээ өөрсдийн гэрээгээ мартаж авчраагүй байдаг учир бичилт хийгдээгүй орхигддог. 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ж өөрийн зээлийн гэрээг авчраагүй тул тэмдэглэл хийгдээгүй. Хүү мөнгө тооцож авахаас бусад тохиолдолд зээлийн мэргэжилтэн болон эд хөрөнгийн үнэлгээ хийгчид мэдэгдэж зөвшөөрөл ирсэн тохиолдолд би зээл олгодог. Тэрнээс би бие дааж шийдэх эрх байхгүй. Тээврийн хэрэгслүүдийг байгууллагын дулаан гражид хүлээлгэн өгч, түлхүүрийг нь граж хариуцдаг тээврийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалт хариуцдаг хүнд өгдөг. Зээлийн гэрээ дуусгавар болсны дараа буюу надад зээлийн мөнгөө төлөөд тооцоогүй болсны дараа тээврийн хэрэгслийг зээлдэгчид хүлээлгэн өгдөг. Би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, тээврийн хэрэгслүүдийг хэсэг байж байгаад нэг тоолоход тухайн 2 машин дутуу байсан. Тэгээд хэн авч явсныг нь тодруулахад дэд захирал Г “удахгүй авчирч өгнө, явуулчих” гээд граж хариуцдаг хүнд хэлээд Ж авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 158 дүгээр хуудас/,

 

2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.Ж ***улсын дугаартай мөнгөлөг өнгийн Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг барьцаалж 35.000.000 төгрөг зээлсэн гэх “Зээлийн гэрээ”, мөн 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тухайн автомашиныг барьцаалж 50.000.000 төгрөг зээлсэн “Зээлийн гэрээ” /хэргийн 1 дүгээр хавтас 80-81 дүгээр хуудас/,

 

2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ж.Б *** улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приүс-20 маркийн автомашиныг барьцаалж 8.000.000 төгрөг зээлсэн гэх “Зээлийн гэрээ” /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /хэргийн 2 дугаар хавтас 7-8 дугаар хуудас/,

 

   Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 168-183 дугаар хуудас/,

 

2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 625 дугаартай Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн: 

“1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

 2. Шинжилгээнд ирүүлсэн 2012 оны 02 дугаар сарын 15 өдөр гэсэн огноотой “ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ” гэсэн баримтын арын нүүүрний 8 дахь мөрөнд “4/VII 10.000.000 нэмж ү/зээл 40.000.000 болов”, 12 дахь мөрөнд “23/VIII 18.000.000 нэмж ү/зээл 68.000.000 болов” гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүд болон уг гэрээний урд талын нүүрэнд “ЗЭЭЛДЭГЧ, Барьцаалуулагч” гэсний ард, арын нүүрэнд байх гар бичвэрүүдийн төгсгөл хэсгүүдэд зурагдсан гарын үсгүүд, 2012 гэсэн огноотой “004” гэж дугаарласан хүснэгтийн “4/VII, Ж бенз гааль, 10.000.000” гэсэн бичвэр бүхий мөрний “гарын үсэг” гэсэн баганад зурагдсан байх гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна.

3. Дээрх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Жы гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. /Тохирч байгаа шинж тэмдгийг Хүснэгт №1,2-оос харна уу/” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 192-204 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 57 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 63-66 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 82 дугаар хуудас/, эрэн сурвалжилсан тухай цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 135-136 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 29 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

Шүүгдэгч А.Ж нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ХХК-ийн авто зогсоолоос 2013 оны 5 дугаар сард “***” ХХК-ийн эзэмшлийн ***улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Мерседес бенз Жи-500” маркийн автомашиныг,

      Мөн 2015 оны 02 дугаар сард *** улсын дугаартай Приүс-20 маркийн автомашиныг тус тус “барьцаанд тавьсан автомашинаа зарж борлуулаад мөнгийг нь өгье” хэмээн авч явж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 58.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлт, “***” ХХК-тай шүүгдэгч А.Ж, түүний хүү Ж.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэж авдаг бөгөөд  гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан ба залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

  Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “***” барьцаалан зээлдүүлэх газар болон шүүгдэгч А.Ж, түүний хүү Ж.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлд “Зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг өөрийн хамгаалалтад авч бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна...”, мөн 12 дугаар зүйлд “Барьцааны эд хөрөнгийг хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа зээлийн төлбөрийг барагдуулах хэмжээнд үнэлэгдэн зарагдахаар байвал барьцаалагч зарж хохирлоо гарган авахыг зээлдэгч бүрэн зөвшөөрнө.” гэж тус тус заасан нь тухайн барьцааны эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх нь “***” ХХК-д шилжиж байгаа ойлголт мөн бөгөөд шүүгдэгч А.Ж нь өөрийн багын найз “Уран Ган” ХХК-ийн дэд захирал Д.Гаар дамжуулан “***” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан автомашинуудаа “зарчихаад мөнгийг нь өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч байгууллагад нийт 58 сая төгрөгийн хохирол учруулж буй үйлдэл нь залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

“Хуурч авах” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.

 

         “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулах зэрэг байдлыг ойлгоно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь “...гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Учир нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр прокуророос гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сийн “...2013 оны 10 дугаар сард тооллого хийхэд байхгүй байсан, хэзээ авч явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр 2013 оны 10 дугаар сар, 2015 оны 02 дугаар сар гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч тухайн машиныг хэзээ авч явсан болох нь бусад нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул дээрх мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааг тодорхойлох нь учир дутагдалтай.

 

 Харин залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог гэмт хэрэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хэргийн 2 дугаар хавтас 7-8 дугаар хуудас/ ***улсын дугаартай, мөнгөлөг өнгийн “Мерседес бенз Жи-500” маркийн автомашин 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, *** улсын дугаартай Приүс-20 маркийн автомашин 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр тус тус бусдад шилжсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг тухайн баримтыг үндэслэн тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

 

  Нөгөөтэйгүүр хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй бөгөөд гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Ж нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

      Тиймээс шүүгдэгч А.Жыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д 58.000.000 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Жаас 58.000.000 сая төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч А.Ж нь 2013 оны 5 дугаар сар, 2015 оны 02 дугаар сард буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа”-г тодорхойлон заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

 

          Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамтай холбогдуулан Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан байх ба шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээ юм.

 

          Өөрөөр хэлбэл аливаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулбал буцаан хэрэглэхгүй, харин эсрэгээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зөвхөн эрүүгийн эрх зүйн төдийгүй иргэн, захиргаа бусад төрлийн маргаанд ч нийтлэг үйлчилдэг эрх зүйн суурь зарчим юм.

 

          2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөж байгаа Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хөөн хэлэлцэх хугацааг “...гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зохицуулсан байх ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд орсон нэмэлт өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэхээр байна.   

  

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “...гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 5 жилээр тооцоход 2020 оны 02 дугаар сард дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

         Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай харилцан уялдаагүй байсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.Жы үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Жыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, урьдын харилцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Жаас 58.000.000 сая төгрөгийг гаргуулж, хохирогч “***” ХХК-д олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО