Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2018/02252/И |
Дугаар | 001/ХТ2019/00171 |
Огноо | 2019-02-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00171
Б.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02176 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2008 дугаар магадлалтай
Б.Эын нэхэмжлэлтэй,
Л.Ад холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохиролд 53 250 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
Олох байсан орлого 20 346 122 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө байрыг Л.Ад 120 000 000 төгрөгөөр худалдахаар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Л.А нь байрны урьдчилгаа 60 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр төлж, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөр бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны нэрийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 3 жил гаруй хугацаанд байрыг эзэмшиж амьдарч байгаад худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн төлсөн 69 000 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00164 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, надаас 69 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Л.А нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцанд 3 жил 9 сар буюу 45 сарын хугацаанд үнэ төлбөргүй оршин сууж байна. Хэрвээ би энэ байраа бусдад түрээслүүлсэн бол 1 сарын түрээсийн төлбөр 650 000х45 сар=29 250 000 төгрөг олох байсан. Мөн 2014 оны 9 дүгээр сард тухайн 3 өрөө орон сууц 120 000 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түүнээс хойш байрны ханш унаж орон сууц маань өнөөдрийн байдлаар 1 м.кв нь 1 600 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүд 1 м.кв-аас 400 000 төгрөг буюу 24 000 000 төгрөгийн хохирол надад учраад байгаа тул Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд нийт 53 250 000 төгрөг гаргуулна. Мөн хариуцагч нь одоо хүртэл миний орон сууцыг эзэмшиж, ашиглаад суллаж өгөхгүй байгаа тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Л.А миний бие 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Этай тохиролцож гэрээ байгуулж, урьдчилгааны 60 000 000 төгрөгийг бэлнээр өгч, графикийн дагуу 9 000 000 төгрөгийг нэмж төлсөн. Ингээд 2016 оны дунд үеэс эхлэн Б.Эыг бидэнд банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүй, өөрөөр хэлбэл бид байр ч үгүй, мөнгө ч үгүй болох юм байна гэж мэдсэн. Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандах гэж байгааг тэрээр мэдээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрөө хандаж байсан. Шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа Б.Э надтай эвлэрье гэж гуйсныг би зөвшөөрч, шүүхээс бидний зөвшөөрлийг баталгаажуулсан. Одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Түүнд гэрээний дагуу өгсөн 69 000 000 төгрөгийг би арилжааны банкинд хугацаатай байршуулбал жилийн 15.6 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 20 346 122 төгрөгийн орлого олох байсан тул энэ хохирлыг Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд Л.Аын 20 346 122 төгрөгийн хүүний орлого нэхсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Аын “... олох ёстой байсан орлого 20 346 122 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эаас гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 200 төгрөгийг, хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ааас 429 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2008 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м.кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 53 250 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 200 төгрөгийг, хариуцагч Л.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Э миний бие нь хариуцагч Л.Атай 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот 60 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцаа 120,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба 60,000,000 төгрөг бэлнээр тухайн үед авч, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг худалдан авагч Л.А нь 5 жилийн хугацаанд графикийн дагуу төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Аын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон болно.
Гэтэл хариуцагч Л.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 3 жил гаран миний байрыг эзэмшиж амьдарч байгаад худалдах-худалдах авах гэрээнээс татгалзаж, 69,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргасан. Шүүхээс намайг хариуцагчаар татаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2017/00164 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, Б.Э надаас 69,000,000 төгрөг гаргуулж Л.Ад олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч Л.А нь тохиролцоогоо зөрчиж, байрны төлбөрийг бүрэн барагдуулаагүй байж орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг шаардах болсон бөгөөд улмаар гэрээнээс татгалзсан юм.
Бидний 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл бол “... худалдан авагч төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа тухайн орон сууцны нэрийг худалдан авагчид шилжүүлж өгөх явдал байсан, мөн Л.А нь үлдэгдэл 60,000,000 төгрөгийг графикийн дагуу 5 жилийн хугацаанд төлөх ёстой” юм.
Миний бие Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээ байгуулсан даруй орон сууцыг Л.Аын эзэмшилд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Б.Э би хариуцагч Л.Аыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж графикийн дагуу төлбөрөө төлж, гэрээгээ үргэлжлүүлэхийг хүсч, шаардаж ирсэн боловч тэрээр үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж надад хохирол учруулсан болно.
“Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч миний өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцанд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 3 жил 9 сар буюу 45 сарын хугацаанд үнэ төлбөргүй оршин суусан бөгөөд хэрвээ би энэ байраа бусдад түрээслүүлсэн бол /1 сарын түрээсийн төлбөр 650,000x45 сар=29,250,000 төгрөг/ 29,250,000 төгрөг олох байсан. Мөн 2014 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууц 120,000,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түүнээс хойш байрны ханш унаж орон сууц маань өнөөдрийн байдлаар 1 м/кв нь 1,600,000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд ханшийн зөрүүнд 1 м/кв-аас 400,000 төгрөгийн буюу 24,000,000 төгрөгийн хохирол надад учраад байна. Иймд хариуцагч Л.Ааас гэрээнээс татгалзсаны хохиролд 53,250,000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь одоо хүртэл миний орон сууцыг эзэмшиж, ашиглаад суллаж өгөхгүй байгаа тул Баянгол д үүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 60 м/кв, 3 өрөө орон сууцыг хариуцагч Л.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх миний нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 102/Ш32018/02176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хангаж үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2008 дугаар магадлалаар шийдвэрийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр өөрчилж, 53,250,000 төгрөгийн шаардлагыг маань хэрэгсэхгүй болгон хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх “гэрээнээс татгалзсан Л.Аын нэхэмжлэлийн шаардлагыг Б.Э зөвшөөрч эвлэрсэн” гэж намайг буруутгасан. Гэтэл нэгэнт худалдан авагч тал гэрээнээс татгалзсанаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон болно.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2008 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 102/11132018/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э нь Л.Ад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хохиролд 53 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, олох байсан орлого 20 346 122 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Зохигч 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээгээр худалдагч Б.Э худалдан авагч Л.Ад Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 01 тоот хаягт байрлалтай 60 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч урьдчилгаа 60 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 60 000 000 төгрөгийг хуваарийн дагуу 5 жилд багтаан төлөх үүрэг тус тус хүлээж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу худалдагч орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн, худалдагч урьдчилгаа 60 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 60 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байхдаа гэрээнээс татгалзснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/00164 дугаартай шүүгчийн захирамжаар худалдагч буюу Б.Э гэрээний үүрэгт шилжүүлсэн 69 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Л.Ад буцаан олгохоор харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсан үйл баримт тогтоогджээ.
Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн боловч гэрээ хэрэгжих явцад худалдан авагч гэрээнээс татгалзсныг худалдагч хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 69 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн шүүгчийн захирамж гарсан тул тэрээр орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй.
Хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэн орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтад нийцсэн байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.2.-т нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1.-д заасан үндэслэл хамаарахгүй гэж тодорхойлжээ.
Хариуцагч гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч буруугүй тул тэрээр өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Талууд гэрээний 3 дахь заалтад үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасан графикийн дагуу 5 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон боловч төлбөр төлөх график бүхий хавсралт хэрэгт авагдаагүй тул хариуцагч үүргээ хэрхэн зөрчсөнийг тодорхойлох боломжгүй байна.
Хариуцагч Л.Аын гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх 5 жилийн хугацаа дуусгавар болоогүй тул түүнийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хариуцагчаас хохирол шаардах эрх үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Эын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД