Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 06

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Н.Өл- нэхэмжлэлтэй тус аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В., хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., гуравдагч этгээд Л., гэрч Л., Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Цагаанхайрхан суманд Завхан аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 243 тоот захирамжаар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б. нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 138 дугаар тушаал гаргаж намайг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас халсан. Уг тушаалыг хүлээн авч танилцаад төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд хүчингүй болгуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гомдол гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гомдлын хариуг авч уг хариуг эс зөвшөөрч танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг болох Давааны өвөрт постонд гарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр постноос буугаад ажилдаа очиход Засаг даргын орлогч Г.******* нь хэсгийн төлөөлөгч Д., цагдаа Г.******* нарын хашаанд нойтон мод орж ирсэн байна, хоёулаа очиж үзье гэсний дагуу очиж шалгасан. Маргааш нь 2 цагдаатай уулзахад бид 2 хийгээгүй. Мод хийхээр явж байгаад ийм модтой таарсан гэж хэлсэн. Тэгээд уг модыг хураасан. Хэсгийн төлөөлөгч Д., цагдаа Г.******* нарт эзэн холбогдогчийг нь олж тогтоогоод надад хариу мэдэгдээрэй гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Цагаанхайрхан сумын орлогч дарга Г.*******оос хэсгийн төлөөлөгч Д., цагдаа Г.******* нарт арга хэмжээ ав гэсэн албан тоот өгсөн. Үүний дагуу 2 цагдаатай уулзсан. Надад эзэн холбогдогчийг нь олж хариу өгье гэсэн. Би 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр амрахаар мэдэгдэхээ авсан байсан болохоор амарсан. Амраад 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа ороод 11 дүгээр сарын 3-ны өдөр ажлаас халсан. Надад шалгах хугацаа байгаагүй. Иймд ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Миний бие Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж тус Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад гэвэл Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч: Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл эргүүл постон дээр гарч байсан. Энэ хугацаанд буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр сумын төв рүү бензин авахаар орж ирэхэд хоёр цагдаа мод хийсэн байна гэдгийг Засаг даргын орлогч Г.******* хэлсэн. Ийм учраас Г.******* бид хоёр тухайн модыг очиж үзэхэд Хуримтын Ар цуврай гэдэг газар хийсэн байсан. Энэ байдлыг газар дээр нь очиж үзчихээд хоёр цагдаатай уулзах гэтэл нэг нь аймгийн төв явчихсан, нэг нь Ховд аймаг руу семинарт явчихсан байсан учраас уулзаж чадаагүй. Дараа нь хоёр цагдаатай уулзахад бид хоёр нойтон мод хийгээгүй, хийгдсэн мод байсан учраас хурааж ирсэн гэж хэлсэн. Ийнхүү хуулийн хүмүүс мод хураах эрхтэй учраас та хоёр эзэн холбогдогчийг нь олж өгөөрэй гэж хэлсэн. Мөн хоёр цагдаа эзэн холбогдогчийг нь олж өгнө гэж хэлж байсан. Ийм л үйл явдал болсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 138 буюу 31 дүгээр тушаалыг хууль үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж гаргасан. Анх Н.*******ид 138 дугаартай тушаалыг гардуулсан байдаг. Хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөхөд тушаалын дугаар өөрчлөгдсөн асуудал яригдсан. Үүний дагуу шүүх үзлэг хийгээд тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд болон дугаарыг өөрчлөх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.*******аар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх явцад өөрчлөх болсон шалтгааны талаар ямар нэгэн нотлох баримт цуглараагүй. Нэхэмжлэгчид 138 дугаар тушаалыг гардуулж өгчихөөд, дараа нь 31 дугаар болгож өөрчлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн акт гаргаагүй. Энэ эрх нь хариуцагчид байсан. Гэтэл хариуцагч нь 138 дугаартай тушаалын дугаарыг өөрчлөөгүй байна. Мөн 31 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид өнөөдрийн хүртэл гардуулаагүй, мэдэгдээгүй байна. Иймд Засаг даргын Тамгын газрын даргын 31 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзлээ. Тиймээс маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Өл- нэхэмжлэлийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Н.*******ид Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 23 тоот тушаалаар нэг сарын үндсэн цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан байхад гарсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй, хугацаатай үүрэг даалгаварыг биелүүлээгүй, худал тайлбар гаргаж удаашруулсан нь тогтоогдсон болно. Тус сумын Онц багийн нутаг дэвсгэр Хуримтын Ар Цуврай нэртэй газраас хууль бусаар нойтон мод бэлтгэсэн тухай ард иргэдийн мэдээлэл, Засаг даргын орлогч Г.*******ын тайлбарыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын дарга Б. миний 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай тушаалаар томилогдсон Засаг даргын орлогч Г.*******оор ахлуулсан, Төрийн сангийн мэргэжилтэн С.*******, МЭҮТ-ийн мэргэжилтэн О.Оюунцэцэг, МЭҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, тухайн үед Засаг даргын Тамгын газрын автомашин засвартай байсан тул ИТХ-ын дарга Л.гийн хамт автомашинаар нь газар дээр очиж шалгасан. Ажлын хэсэгт байсан БОХУБайцаагч Н.******* нь би мэдэж байгаа, 2 цагдаа хийсэн юм. Орлогч бид хоёр бүтэн сайн өдөр очоод үзчихсэн. Хоёр цагдаа дандаа нойтон мод хийчихсэн байна. Балай юм болсон байна лээ. Би үзчихсэн учир яваад яахав. Та нар яваад үзээд ир. Ирэхээр чинь би гарын үсэг зурчихъя гэж хэлэн ажлын хэсгийнхэнтэй хамт яваагүй байсан нь тогтоогдсон. Газар дээр нь очиж шалгахад 27 босоо нойтон модыг хөрөөдөж, цавчиж унагасан байсан. Модны хожуулыг тоолон фото зургаар баталгаажуулан, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг үйлдсэн. Тус сумын хэсгийн төлөөлөгч Д., цагдаа Г.******* нар нь зөвшөөрөлгүй 27 ширхэг нойтон модыг стана маркийн машинтай хүмүүсээр бэлтгүүлж, тус сумын иргэн Ц.*******ын 06-49 ЗАА ЗИЛ-130 маркийн автомашинаар тээвэрлэн цагдаагийн байрны хашаанд буулгасан нь тогтоогдсон. Зөрчил болсон газраас ирээд цагдаагийн хашаанд буулгасан модыг үзэж шалгахад цагдаа Г.******* нь ИТХ-ын дарга Л.г чиний бууны нохойнуудын хийж байгаа ажил, нойтон мод хийсэн хүнийг яадаг юм, чи муу яадаг юм, .... гэж занасан. БОХУБайцаагч Н.*******аар хууль бусаар бэлтгэсэн 27 ширхэг нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргуулсан. Засаг дарга Ч.******* ээлжийн амралттай байсан тул Засаг даргын орлогч Г.******* уг илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, арга хэмжээний тайланг 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг байгаль орчны байцаагч Н.*******, байгаль хамгаалагч И.******* нарт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 тоот албан бичгээр үүрэг болгосон. БОХУБайцаагч Н.******* нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг 10 дугаар сарын 02-ны өдрөөс амрахаар тооцоолон бичилт хийсэн ба ээлжийн амралтаасаа 6 хоногийн чөлөөг 03 дугаар сарын 09-13-наас 15-17ны өдрүүдэд авсан тул 10 дугаар сарын 09-ны өдрөөс ээлжийн амралтыг тооцон олгосон. Ээлжийн амралтаа авах хүртлээ Засаг даргын орлогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хугацаа хангалттай байсан ч зөрчилд ямар нэгэн арга хэмжээ авч, зохих дээд шатны байгууллагад хандаагүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийнхээ тайланг засаг даргын зөвлөл, орлогч дарга болон надад танилцуулаагүй амарсан. Ээлжийн амралтаа авсан хугацаанд нь Засаг даргын орлогч утсаар холбогдон өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг асуухад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг өгсөн гэж тайлбарласан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын удирдлагын зөвлөлийн хурлаар ямар шалтгаанаар арга хэмжээ авахгүй байгаа, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа явуулаагүй талаар авч хэлэлцсэн. Хуралд ИТХ-ын дарга Л., Засаг дарга Ч.*******, Засаг даргын орлогч Г.*******, ЗДТГ-ын дарга Б., БОХУБайцаагч Н.******* нар оролцсон. Тус хурлаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 тоот албан бичгээр Засаг даргын орлогчийн өгсөн үүрэг даалгаварыг хангуулаагүй талаар тодруулахад тайлбартаа аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч *******д албан бичиг өгсөн байгаа, материал дутуу байна бүрдүүлээд өг гэсэн. Цагдаа нар бэлтгэсэн нь тодорхой, цагдаа нарыг шалгуулахад хэцүү байна шүү дээ гэж хариулж байсан. Хурал дээр албан бичгийн 1 хувийг шаардсан боловч нэг л хувь хийгээд явуулсан гэсэн. Н.******* нь шалгуулахад материал дутуу байна бүрдүүлээд өг гэсэн хуралд хэлсэн тайлбараа мөн бичгээр гаргаж өгсөн болно./ тайлбарыг хавсаргав./ Уг хурал дээр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* байцаагчтай утсаа спикер дээр нь тавиад холбогдоход албан бичиг өгөөгүй зөвхөн аймгийн Прокурорын утсыг л асуусан гэж хэлсэн. Ингэж БОУХБайцаагч Н.******* худал тайлбар өгч зөрчлийн болон эрүүгийн мэдээллийг зохих газарт нь өгөлгүй удаашруулж байсныг мэдсэн. Худлаа ярихаа болих талаар сануулж, энэ ард иргэд нутаг орныг бодооч цагдаа байх нь ямар хамаатай юм бэ? Асар ноцтой зөрчил гаргачихаад байхад та үүнийг хаацайлаад хангалттай хугацаа байхад өнөөг хүргэж байдаг наадах чинь цаг, хоног орох юм биш шүү дээ. 1 албан бичиг бичээд прокурорт хүргэж өгөөд болоо шүү дээ гэхэд БОУБайцаагч Н.******* энэ 2 цагдааг шалгуулна гэхээр хэцүү байна шүү дээ гэж хариулсан. Уг хурлаар суманд хагас портер галын түлээ бэлтгэсэн малчин иргэн 1 жилийн тэнсэн ял, торгуулийн арга хэмжээ аваад байж байхад чиргүүлтэй зил 130 машинаар буюу 2 толгой том ачааны машинаар нь нойтон мод бэлтгэсэн үйл явдалд цагдаа нь байна уу өөр хүн ч байна уу хамаагүй улсын байцаагчийн зүгээс хууль бус мод бэлтгээд аваад ирснийг газар дээр нь очиж үзэж, мэдсээр байж юу ч хийлгүй цагдаа нартай холбоотой гэдэг шалтаг хэлээд ажлаа хийхгүй байна гэсэн асуудал яригдсан. Уг хурлын дараа нойтон модны зөрчлийн талаар Тамгын газрын дарга Б. надад Цагаанхайрхан сумын Засаг даргаас түүний 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/322 тоот албан бичгээр зөрчлийг зохих хууль тогтоомжийн дагуу шалган шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах талаар бичгээр үүрэг, даалгавар өгсөн. Үүнийг тэр доор нь Н.*******ид оруулж өгсөн боловч цагдаа нарыг шалгуулахад хэцүү байна. Энэ цагдаа нар та байж бай бид сумын удирдлагуудтай уулзаж, учрыг нь олно, тэр болтол байж бай гээд байхаар нь прокурорт өгөөгүй хугацаа алдчихлаа гэж зөрчилд холбогдож магадгүй хүмүүсийн үгэнд орж, хууль бус үйлдлийг прокуророос нуун далдалж зөрчлийг шалгалгүй удаашруулсан. Маргааш нь Н.*******ид хариуцлага тооцох эсэх талаар миний санаачлагаар удирдлагуудын хурлаар авч хэлэлцэж ажлаас халах арга хэмжээ авахаар болсон. Уг хурлын дараа Н.*******ид хууль тогтоомжийн дагуу ажлаас халж хариуцлага тооцохоор болсон тул өөрт нь Засаг даргын Тамгын газрын дарга Б. миний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/323 дугаар албан тоотоор хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох тухай албан мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэл өгсний дараа ******* нь надтай миний өрөөнд орж ирж уулзсан бөгөөд цагдаа нар та байж бай, бид сумын удирдлагуудтай уулзаж, учрыг олно. Тэр болтол байж бай гээд хугацаа алдчихлаа гэдэг зүйлээ яриад байсан. Би та ядаж тэр бичгүүдийг явуулчихгүй яасан юм бэ гэж хариулсан. *******ийг халах доорхи үндэслэл тогтоогдсон учраас тушаалаа гаргасан болно. 1. БОУБайцаагч нь сахилгын шийтгэл ногдуулсан байхад, өөрийн харьяалсан нутаг дэвсгэрт зөрчил үйлдэгдсэн байхад зөрчлийг зохих журмаар шалган тогтоолгүй, холбогдох арга хэмжээ авч ажиллаагүй, Зөрчлийн болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2. ЗДТГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалаар байгаль орчны байцаагчийн өөрийнх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэгт оруулсан боловч уг ажлын хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орж ажиллаагүй. 3. Энэ талаар ажиллахгүй байсан тул хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүрэгтэй нь холбогдуулан удирдах албан тушаалтан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч уг хугацаанд биелүүлээгүй, ямар ч ажил хийгээгүй, тайланг гаргаж өгөөгүй. 4. Хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, холбогдох албан тушаалтны хуульд нийцсэн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй шалтгаанаа цагдаа сумын удирдлагуудтай уулзаад учрыг нь олчихноо гээд байсан хугацаа алдчихлаа гэж тайлбарласан. 5. Зөрчилд ямар шалтгаанаар арга хэмжээ авахгүй байгааг тодруулж хуралдсан боловч Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг өгсөн байгаа гэж худал тайлбар тавьж үүрэг гүйцэтгэхээс зайлсхийж байсан нь тогтоогдсон. Иймд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтуудыг үндэслэсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дүгээр тушаал үндэслэлтэй тул Н.Өл- нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн сумын Ар цуврай гэдэг газар нойтон мод хийгдсэн гэдэг мэдээлэл сумын ард иргэдээс ирсэний дагуу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг томилж, нойтон мод хийгдсэн газар үзлэг хийх үүрэг өгсөн. Энэхүү ажлын хэсэгт байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.*******ийг томилсон байхад уг газарт очоогүй байсан. Яагаад нойтон мод хийсэн газарт очоогүй талаар асуухад Би энэ талаар мэдсэн, хоёр цагдаа тэр модыг хийчихсэн байсан, бүтэн сайн өдөр очоод үзээд ирсэн учраас очих шаардлагагүй, та хэд очиж үзээд ир, харин ирэхээр нь гарын үсэг зуръя гэж хэлсэн байдаг. Нойтон мод хийсэн газрыг ажлын хэсэг шалгаад, үзээд, тэмдэглэл үйлдээд, фото зургаар баталгаажуулаад хүрээд ирсэн. Тэр нойтон моднуудыг хэсгийн төлөөлөгч , цагдаа ******* нар хийгээд, машинаар тээвэрлээд, цагдаагийн хашаанд буулгасан байдаг. Цагдаа ******* нь манай Хурлын дарга руу чи юу шалгуулаад байгаа юм бэ? чиний бууны нохойнуудын хийж байгаа ажил уу? яадгийн бид нар нойтон мод хийсэн юм гэдэг асуудлыг гаргаж байсан байна лээ. Тэгээд 9 дүгээр сарын 26-ны өдөр Н.*******аар уг нойтон модны экологи, эдийн засгийн үнэлгээг хийлгүүлсэн. Тухайн үед сумын Засаг дарга амралттай байсан учраас орлогч Г.******* нь улсын байцаагч Н.*******, байгаль хамгаалагч н.******* нарт албан бичгээр үүрэг өгсөн байгаа. Энэхүү албан бичгийн дагуу Н.******* нь ямар нэгэн арга хэмжээг авч ажиллаагүй. Нэхэмжлэгч нь 10 дугаар сарын 6-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Ийнхүү амралтаа авах хүртэл албан бичгийн дагуу шалгуулаад, эргээд мэдэгдэх хугацаа байсан боловч нэхэмжлэгч нь хариу мэдэгдээгүй. Ингээд амралтаа авч яваад, 11 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгчийг ажилдаа ирэхэд нь сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Хурлын дарга, бид нар уулзсан. Яагаад нойтон модны талаар шалгуулаагүй талаар асуухад мэргэжлийн хяналтын газар албан бичиг өгсөн гэж хэлсэн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас асуухад байцаагч Н.*******аас албан бичиг ирүүлээгүй, прокурорын утас асуусан гэсэн. Мөн нэхэмжлэгчийг амарч байхад Засаг даргын орлогч утсаар асуухад мэргэжлийн хяналтын газар шалгуулах гэж байгаа гэж хэлсэн байна лээ. Мөн нэхэмжлэгч нь цагдаа нарыг шалгуулахад хэцүү байна шүү дээ гэсэн асуудал тавьсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь үүрэг даалгавар биелүүлээгүй учраас арга хэмжээ тооцож ажилла гэж сумын Засаг дарга чиглэл өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгчийг дуудаад нойтон мод хийсэн талаар яагаад өдий болтол шалгуулаагүй юм бэ? гэж асуухад цагдаа нар хэлэхдээ бид нар сумын Засаг дарга, Хурлын дарга нартай чинь уулзаад тохирно гэж хэлсэн. Ийм учраас шалгуулахгүй хугацаа алдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Мөн цагдаа нарыг шалгуулахад хэцүү байсан гэдэг асуудлыг ярьсан. Миний тухайд сумын Засаг даргатай зөвшилцөөд маргаан бүхий тушаалыг гаргасан байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулинд заасан дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Мөн ажил олгогчийн томилсон ажлын хэсэгт орж ажиллаагүй байна. Үүрэг даалгавар өгсөн албан бичигт зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд буюу ажлын байрны тодорхойлолтонд заасан арга хэмжээг авч 10 дугаар сарын 5-ны дотор тайлан өг гэсэн. Нэхэмжлэгч нь үүрэг даалгавар биелүүлэх боломжгүй талаараа бичгээр өгсөн тайлбар алга. Дээрх асуудлын үр дүн юу байсан бэ? гэхээр байгаль орчинд хохирол учирсан. Ийнхүү хохирол учирсан учраас ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч нь гэмт хэрэг нуун дарагдуулсан. Гэмт хэргийг холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Мөн шалгуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь шалгуулаагүй байна. Харин Тамгын газрын дарга буюу гэдэг хүнээс шалгуулах хүсэлтийг цагдаа болон прокурорын байгууллагад гаргажээ. Зөрчлийг шалгуулахгүй байх нь ямар үр дагавартай юм бэ? гэхээр байгаль орчинд учирсан хохирол байна, мөн нойтон модыг хураагаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 300000 төгрөгний тэтгэмж олгох асуудал яригдлаа. Энэхүү тэтгэмжийн авахын тулд сахилгын шийтгэлгүй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сард сахилгын шийтгэл авсан. Энэхүү сахилгын шийтгэлтэй холбогдуулан ямар нэгэн маргаан гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэгчид 300000 төгрөг өгөх боломжгүй.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.******* нь 72 цагийн дотор шийдвэр гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хуулиа хэрэгжүүлж ажиллаагүй байсан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас халах тухай 31 дүгээр тушаал өөрийнх нь хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь маргаан бүхий тушаалыг анх 138 гэж дугаарлан гаргасан ба энэ нь тус Тамгын газрын бичиг хэргийн ажилтны хайхрамжгүй байдлаас үүссэн дугаарлалтын алдаа байсан тул зөвтгөж 31 гэж дугаарлаж гаргасан гэж тус шүүхээс явуулсан үзлэгийн ажиллагаанд тайлбарласан байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилтийн ... алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ... засах эрхтэй... гэж заасны дагуу маргаан бүхий тушаалын дугаарыг 31 дүгээр гэж зөвтгөснийг буруутгах боломжгүй ба энэ засварын хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, .. гэж гаргасныг дурдах нь зүйтээ байна.

Нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 243 дугаар захирамж, түүний хавсралтаар тус аймгийн Цагаанхайрхан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдсон байх ба уг хавсралтын 16-д Цагаанхайрхан Ж.Өлзий-Оч гэж нэхэмжлэгчийн эцгийн нэр, өөрийн нэрийг зөрүүтэй байдлаар бичсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгч хариуцагчийн аль аль нь маргахгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3/ заалтаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг аймгийн Засаг дарга томилж байсан боловч энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан байх ба тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр тушаалаар тус Тамгын газрын төрийн захиргааны орон тоо, цалингийн санг 1 дүгээр хавсралтаар баталсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дүгээр тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 заалтуудыг үндэслэж Нэхэмжлэгч Н.******* нь тус сумын Засаг даргын орлогчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 дугаар албан бичгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй,.... нойтон модыг зөвшөөрөлгүй бэлтгэн сумын төв, цагдаагийн байрны хашаанд авч ирсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч энэхүү тушаал нь эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

Маргаан бүхий 31 дүгээр тушаалын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь тус сумын Засаг даргын орлогчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/259 дугаар албан бичгээр өгсөн хууль бусаар бэлтгэгдсэн 16 м3 шинэс модыг хураан авч, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хариуцлага тооцох, ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг сумын төсвийн татварын бус орлогын дансанд төвлөрүүлэх, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор Засаг даргын зөвлөлд танилцуулах ёстой байсан боловч энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй, холбогдох үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар бэлтгэгдсэн модыг хураан аваагүй, үйл ажиллагааныхаа үр дүнг тайлагнаагүй, түүнчлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаалаар хууль бусаар нойтон мод бэлтгэсэн гэх гомдлыг шалгах ажлын хэсэгт нэхэмжлэгч Н.******* томилогдсон боловч тэрээр уг ажлын хэсэгт орж ажиллаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл болон ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтын хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль орчны хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авах, хууль бусаар бэлтгэгдсэн байгалийн баялаг, ашигласан техник .. зэргийг хураах эрх, үүрэгтэй байна.

Маргаан бүхий 31 дүгээр тушаалын хууль бусаар нойтон мод зөвшөөрөлгүй бэлтгэн сумын төв, цагдаагийн байрны хашаанд авч ирсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлээгүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс амарч 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа ороод 11 дүгээр сарын 3-ны өдөр халагдсан тул надад шалгах хугацаа байгаагүй, мөн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Цагаанхайрхан сумын удирдлагын зөвлөлд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь Д., Г.******* нарын хийсэн модны талаар акт үйлдэж шалгуулахад материал дутуу байна, бүрдүүлээд өг гэсэн. Энэ хугацаанд амарсан байсан учир ирээд шийдэхээр орхисон байсан гэж тайлбарлаж байх боловч хууль бусаар мод бэлтгэгдсэн асуудлыг тэрээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн ба 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажиллаад амарсан болох нь тус Тамгын газрын ажилчдын цагийн бүртгэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацаанд хууль болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байхад албан үүргээ гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гээд 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заажээ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан байх тул энэхүү үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь харьяа дээд шатны албан тушаалтан буюу тус сумын Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын даргын хуульд нийцсэн шийдвэрүүдийг биелүүлээгүй, хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл тухайн зөрчлүүдийн шинж байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Өл- Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 31 дүгээр Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн 300.000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР