Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 35

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,    

Нарийн бичгийн дарга Х.Дашням,    

Улсын яллагч Р.Энхтуяа,    

Хохирогч Ө.Саранзаяа,   

Шүүгдэгч Х.Тамираа, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Х.Тамираад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0603 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо суудлын вагон депогийн 4 дүгээр байрны 36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хүрэлчулууны Тамираа РД:УВ88033016,  

Шүүгдэгч Г.Тамираа нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 01 дүгээр гудамжны 3в тоотод иргэн Ө.Саранзаяаг “цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ө.Саранзаяад хүч хэрэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, нэг шүдний гажилт сулрал, баруун чихний дэлбэннд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:      

Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Г.Тамираа нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 01 дүгээр гудамжны 3в тоотод  Ө.Саранзаяаг “цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, нэг шүдний гажилт сулрал, баруун чихний дэлбэннд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...          

- хамтран амьдрагч Х.Тамир 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтуугаар гэрт агсам тавиад ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгч эрүүлжигдээд маргааш өдөр нь гарч ирээд дахиад агсам тавьж намайг зодсон тухай” Ө.Саранзаяагаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн гомдол /хх-ийн  5-р хуудас/,

- хохирогч Ө.Саранзаяагийн:...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ охин Есүгэн, ээж Өнөрсайхан, дүү Түвшинсайхан нарын хамт байж байсан чинь гаднаас Тамираа орж ирээд “өчигдөр чи намайг цагдаад дуудлага өгч, эрүүлжүүлэхэд оруулсан гэж” надтай маргалдаж эхэлсэн, намайг муу янхан гичий, пизда гэж хараагаад намайг цохих гээд байсан чинь манай дүү Түвшинсайхан та манай эгчийг яагаад байгаа юм гэтэл дүүг зодох гэхээр нь би Тамираа чи яагаад байгаа юм бэ ямар ч шалтгаангүйгээр маргаад байх юм гэтэл миний нүүрэн тус газар гараараа алгадаж унагаагаад үснээс зулгаагаад толгой руу гараараа цохиод байсан. Тамираа урд өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ээж Өнөрсайхан, дүү Түвшинсайхан, эмээ Бурмаа, охин Есүгэн нарыг амарч байхад согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод дүү Түвшинсайхантай маргалдаад байхаар нь ээж Өнөрсайхан хэвтэж байгаад босоод цагдаад дуудлага өгөөд саатуулах байр луу явуулсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлүүдийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Тамираа намайг зодохдоо учруулсан, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

 

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2736 дугаартай:...Ө.Саранзаяагийн биед тархи доргилт, нэг шүдний гажилт сулрал, баруун чихний дэлбэнд шарх, зүүн шуунд зулгаралт, баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,

- гэрч Ө.Түвшинсайханы:...2016 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Тамир ах манайд согтуу ирээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь ээж Өнөрсайхан цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэх байранд хонуулсан юм. Маргааш нь буюу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манайд ирээд манай эгч Саранзаяаг “чи эрүүлжүүлэхэд хонуулсан” гэж маргалдаж байгаад эгч Саранзаяагийн үснээс зулгаагаад хацар луу нь алгадаад зодоод эхэлсэн. Би очоод салгах гэсэн чинь намайг ойртуулахгүй түлхээд үснээс нь тавихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,  

- гэрч Д.Уламбаярын мэдүүлэг:...Саранзаяа бол манай найз Түвшинсайханы төрсөн эгч, Тамираа гэх хүнийг танихгүй. Түвшинсайхан надад хэлэхдээ: Саранзаяа эгчийг цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэх байранд хонуулсан гээд л уурандаа гэрт ирж зодсон юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

- гэрч Д.Өнөрсайханы:...2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ хүүхдүүдийн хамт байсан. Ө.Саранзаяагийн найз залуу Тамираа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Охиныг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би өглөө ажилтай болохоор эрт гараад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

-шүүгдэгч Х.Тамираагийн:...Саранзаяа бол миний охин Есүгэний төрсөн ээж байгаа юм. Бид 2 тус тусдаа амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Саранзаяагийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 01-3В тоотод 22 цагийн үед очоод Саранзаяатай маргалдахад Саранзаяагийн ээж Өнөрсайхан цагдаад дуудлага өгөөд би эрүүлжүүлэгдсэн юм. Маргааш нь саатуулах байрнаас ээж Энхжаргал гаргаж авсан, тэндээс гараад ээж Энхжаргалын хамт Саранзаяагийн гэрт дахин очиж эрүүлжүүлэхэд хонууллаа гэж уурлаад үснээс нь зулгаагаад хацар хэсэгт нь алгадаж зодсон, тэр үед ганц 2 пиво уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Х.Тамирааг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Мөрдөн байцаалтад авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг “цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон, ингэхдээ зодоон болоход байсан хохирогчийн гэр бүлийн гишүүд, бусад иргэнийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирлах замаар өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул “танхайн сэдэлт”-гүй гэж үзэх боломжгүй.             

Шүүгдэгч нь хохирогчтой хамтран амьдарч байсан, өмнө нь хоорондоо хувийн маргаантай байсан эсэх асуудал нь шүүгдэгчийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн тухайн танхайн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл, баримт шалтгаан болохгүй байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй, хохирогч нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ зарим талаар зөрүүтэй мэдүүлснээр тус хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй болно.  

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.     

Шүүгдэгч Х.Тамираа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.            

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.      

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Х.Тамирыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Х.Тамирыг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Тамирын эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Тамираад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Тамираад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР