Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: 1953 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 2-р баг, Шалганы 1-10 тоотод  оршин суух, Тайж овогт Пүрэвийн Цагаан /РД: ЕО53050163/-гийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч П.Цагаан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Цагаан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 1971-1994 оны хооронд Ховд аймгийн Дарви суманд малчнаар ажиллаж байсан. Иймд хөдөлмөрийн дэвтэрт байгаа 1971-1994 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд Мөрөн багт малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч П.Цагааны 1971-1994 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч П.Цагаан нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдэлийн 1970 оны 01 сарын 23, 1979 оны 07 сарын 01, 1981 оны 01 сарын 11, 1990 оны 01 сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрүүдийн хуулбар, Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсан П.Цагааны цалин хөлсний түүвэр, Хоролсүрэнгийн Гэзгээ, Шагдарын Мөнхбаатар нарын гэрчийн мэдүүлэг, 2017 оны 00197 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч П.Цагааныг 1971 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн  Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тайж овогт Пүрэвийн Цагааныг 1971 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ныг хүртэл хугацаанд Ховд аймгийн Дарви сумын Сутайн Хөгжил нэгдлийн  Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА