Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/826

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

Улсын яллагч Х.Нарангуа,         

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар : 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-т холбогдох 1808026780343 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Баатархайрханы задгай тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай тогтоолоор 315 цаг нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан Я овогт А-ийн Б /РД:*********/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хашааны ойролцоо иргэн Т.Л-ыг урьд хамтран амьдарч байсан Н.О гэгчтэй хардаж хавсарч унаган, хөлөн дээр нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь баруун шаант,  тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь : 

     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

     Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хашааны ойролцоо иргэн Т.Л*ыг урьд хамтран амьдарч байсан Н.О гэгчтэй хардаж хавсарч унаган, хөлөн дээр нь 2 удаа дэвсэж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан... Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо нутаг дэвсгэрт иргэн Т.Л нь зодуулж гэмтсэн... гэх тэмдэглэл /хх-35/, өргөдөл /хх-36/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-37/,   

- гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-39-44/,

- хохирогч Т.Л-ын...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр явж байсан чинь зүс таних Б хочтой залуу хөөе, нааш хүрээд ир гэхээр нь зугтаасан. Нарханд дэлгүүрийн хажуугаар гараад 67 дугаар сургуулийн хашаанд ортол ардаас баруун хөл рүү Б өшиглөсөн би газар унатал дахиж чулуу шидэж мөн баруун хөлийг оночихсон. Аймар өвдөөд ухаан алдчихсан, сэрсэн чинь ойр орчим хүн харагдаагүй гэр лүүгээ хөлөө чирээд мөлхөж харьсан. Гэртээ очоод түргэн дуудаж гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. Энэ Б гэдэг нь миний урд өмнө найзалж байсан О-ийг таньдаг залуу нь байгаа. Тэр өдөр яагаад намайг дуудаж чулуугаар цохиж өшиглөсөн болохыг мэдэхгүй. О хэд хоногийн өмнө надад хэлэхдээ чамайг Б заначихсан явж байна лээ болгоомжтой яваарай гэхээр нь яагаад намайг зандаг юм гэсэн чинь надтай чамайг хардаад байгаа юм гэж хэлж байсан...Урд өмнө 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад 19 цаг 30 минутын орчим Баянхошууны хуучин эцэс дээр явж байтал гэнэт ардаас Б гэрч ирээд миний цамцнаас зуурч заамдаж аваад чи эргэж харахгүй явж байнаа надтай эр хүн шиг уулзчих гэхээр нь үгүй би ядарч байна ажлаа тараад буугаад явж байна гээд явсан. Тухайн үед Б согтуу уучихсан хүн хоргоогоод явуулахгүй болохоор нь би бүр 102 т дуудлага өгч байгаад явсан...Би Б-ээс эмчилгээний зардал болох хагалгаанд орсон 1.200.000 төгрөгөө гаргуулаад авчихвал гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-51, 54, 58, 59-60/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан... Хохирогч Т.Л-оос та хөлөө хугалуулсан газраа зааж өгч чадна гэснээр түүний мэдүүлгийг газар дээр нь шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанаас албаны Киа Рио маркийн хар өнгийн ***** УНҮ улсын дугаартай автомашинтай 16 цаг 10 минутад цагдаа жолооч цагдаагийн ахлагч Г.М-гийн хамт хөдөлж хохирогч Т.Л-ын зааж өгч хэлснээр Баянхошууны хуучин эцэс Жанцангийн гэрлэн дохиотой уулзвараар баруун тийш эргэж Баянхошууны тойргоор доош уруудаж гэрлэн дохиотой уулзвараар зүүн тийш эргээд явж байтал ингээд зогсчих гэж хэлсний дагуу төв замын хажууд зогсоход машинаас бууж Баяхошууны хуучин эцсийн Зүүнсалаа явах чиглэлийн автобусны буудал дээр зам гарч очиж Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун тийш харсан ногоон өнгийн төмөр сараалжин хашааг зааж миний хөлийг хугалсан гэж зааж хэлснийг гэрэл зургийг аргаар бэхжүүлж авав. Уг газрын хаягийг асуухад Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хуучин эцэс гэснийг тэмдэглэл болгон бичиж ажиллав...гэх тэмдэглэл /хх-45-46/,

- гэрч Т.Н-ийн...Би 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би Баянхошууны тойрог дээр явж байгаад О гэдэг эмэгтэй танилцаж тэрнээс хойш манай гэрт О амьдрах болсон. Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед О-ийн утас руу нэг дугаараас залгаад байсан. О утсаа чанга яригч дээр нь тавьж надад сонсгосон чинь тэр залуу нь гудамжны чинь үзүүр дээр ирчихсэн байна гэсэн. О болохоор би айгаад байна гэхээр нь би утсыг нь аваад чи одоо боль наад утсаа тасал гэсэн чинь битгий хуцаад бай гэж хэлэхээр нь тэгвэл би цагдаад дуудлага өгөөд дугаараар чинь шалгуулаад бариулна шүү гэж хэлсэн чинь хуцаад бай гэсэн. Би тэгээд 02 цагийн үед дуудлага өгсөн 20 минутын дараа цагдаа ирсэн. Намайг цагдаа нар ирж аваад асуудлыг шийдэж өгнө гээд өдий хүрч байна...гэх мэдүүлэг /хх-61/,

- гэрч Н.О-ийн... Миний санаж байгаагаар 2018 оны 05 дугаар сард өдрийн сайн санахгүй байна. А.Б надтай согтуу Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал орчим тааралдаж чи муу гичий Л-той сүжрээд яваад байна гэл үү, янхан минь тэр Л буюу гайхан хоншоортой новшийг чинь тааралдвал ална шүү гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа, тэр чинь зүгээр миний найз ш дээ гэж хэлтэл, тэрийг чинь тааралдвал ална гэж хэлчихээд яваад өгсөн.  Тэрнээс хойш хэд хоногийн дараа Т.Л-той тааралдаж чамайг А.Б ална гэж байна лээ, чи бид хоёрыг хардаад байх шиг байсан, болгоомжтой яваарай гэсэн. Тэгээд уулзахгүй байж байгаад 2018 оны 07 дугаар сарын эхээр Т.Л-той тааралдахад шорт өмчихсөн хөлөндөө гипстэй хоёр сугандаа таягтай явж байхаар нь асуухад Б миний хөлөн дээр дэвсээд хугалчихсан гэж хэлж байсан. Өөр зүйл ярьж хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-66-67/,

- гэрч Б.Б-ын...Би 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр өдрийн сайн санахгүй байна Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 6 дугаар гудамж 23 a тоот гэртээ байж байтал манай хадам ах болох Т.Л гаднаас халамцуу мөлхөж гэрт орж ирэхээр нь яасан гэж асуухад миний хөлөн дээр хүн дэвсээд хугалчихлаа гэж хэлэхээр нь хэн гэж хүн хаана хугалчихсан юм бэ гэхэд Баянхошууны хуучин эцсийн 67 дугаар сургуулийн хажууд Б гэх залуу намайг О гэх хүүхэнтэй хардаж газар унгааж байгаад баруун хөлөн дээр минь 2-3 удаа дэвсээд хугалчихсан гэж хэлэхээр нь 103 дугаар руу залгаж эмч дуудаж үзүүлтэл эмч үзээд яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлээд аваад явсан, Л ахыг хэвтүүлж хагалгаанд оруулсан юм...гэх мэдүүлэг /хх-69/,

- шинжээчийн дүгнэлт...Т.Л-ын биед баруун шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-72/,

- хохирогч Т.Л-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн баримт, өвчний түүх /хх-127-136/, 

- шинжээч Г.Амартүвшингийн...Т.Л-ын баруун шилбэний урд талд хэсэг ясанд хадагдсан 1 см шархтай гэсэн ба уг шарх нь баруун шилбэний шаант яс хугарснаас дотроосоо гадагш нэвт гарсан шархыг хэлж байгаа юм. Уг шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн аль ч үед үүсэх боломжтой. Баруун шаант тахилзуур яс рентген зургаар доод хэсгээрээ бяцарч шүдэлж зөрсөн хугарал, шаант яс доод хэсгээрээ хугарсан байсан. Дээрх гэмтэл нь унах, хөлд огцом ачаалал ирэх үед үүсэх боломжгүй. Харин тухайн гэмтэл нь гадны хүчин зүйл буюу цохих өшиглөх дэвсэх үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-77/,   

- шүүгдэгч А.Б-ийн... Би 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны хуучин эцэс орчмоор орой 19 цагийн орчимд танил М, Н нарын хамт гурвуулаа архи уугаад явж байтал, миний урьд өмнө хамт амьдарч байсан О гэх эмэгтэйтэй нэг гэрт хамт амьдарч байсан Л гэх залуу халамцуу тааралдахаар нь дуудсан чинь ирэхгүй зугтаахаар нь хөөж байгаад газраас чулуу авч шидтэл баруун хөлийг нь онож Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн баруун талын хашааны хажууд барьж аваад зүүн хөлөөрөө баруун хөлрүүн хавсарч газар унгаагаад баруун хөлрүүн баруун хөлөөрөө 2 удаа өшиглөж дэвсчхээд явсан. Тэгтэл газар хөлөө бариад орилоод үлдсэн...гэх мэдүүлэг /хх-64, 84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Тодруулбал, шүүгдэгчийн гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд объектив зайлшгүй шууд хамаарал буюу шалтгаант холбоо тогтоогдсон, тус гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсонгүй.   

Иймд шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 144.633 төгрөгийг баримт,  /хх-126/, мөн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэн төлбөр 733.937 төгрөг /хх-127/ийн баримттай байх ба шүүгдэгч нь хохирлын 880.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын дансанд байршуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :              

Шүүгдэгч урьд нь 3 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-87, 107, 110-114, 116-120, 122-123/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-79, 80, 81, 86, 88, 91-96, 153,155-159 / судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 3 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

1. Шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, А.Бийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн эдлэх 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-ээс 880.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Л-т олгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх 880.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тусгай дансанд байршуулсан, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч А.Б-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021.07.29-ны  өдрөөс эхлэн тооцсугай.

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР