Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0361

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.О , түүний өмгөөлөгч Д.Н

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Д.Т-д 491 м.кв газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж, манай барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д өөр боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.О, түүний өмгөөлөгч Д.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М ,

Гуравдагч этгээд Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Хэргийн индекс: 119/2022/0037/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.О  нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Иргэн Д.Т-д 491 м.кв газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж, манай барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д өөр боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг Орхон аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, Ч.О-ын барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.О , түүний өмгөөлөгч Д.Н  нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар сунган олгосноос нэхэмжлэгчийн бариулж буй барилгын аваарын гарцыг чөлөөтэй ашиглах боломжгүй болгож нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байхад шүүх “ ...нэхэмжлэгч талаас “барилга байгууламжийн аваарын гарцыг хязгаарласан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж, “... газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, зарим нотлох баримтыг үндэслэлгүйгээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. 

3.2. Учир нь Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар ““Хюандай” авто машин угаалгын газарт буюу иргэн Тугбадрахад өмнө нь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаар захирамжаар 372 м.кв газрыг 113 м.кв-аар сунгаж нэмж олгохдоо иргэн Отгонжаргалын барьж буй барилгын аваарын хаалганы гарц хэсгийг хаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

3.3. Барилгын аваарын хаалганы гарцыг хаасан гэдэг нь Шинжээчдийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж шүүхэд ирүүлсэн дүгнэлтээр тогтоогддог. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг үнэлсэнгүй. Мөн дүгнэлтэд гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээ захирамжаар олгосон газрын хэмжээнээс 6 м.кв-аар илүү байгааг бодитоор хэмжиж гаргасаар байхад шүүх үүнийг үнэлэлгүйгээр захирамжид бичигдсэнээр /www.egazar.mn/-д бүртгэгдсэнээр хэмжээг тогтоож буруу дүгнэлт гаргаад байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

3.4. Мөн Засаг дарга гуравдагч этгээдийн газрыг сунгахдаа Газрын тухай хуулийн 6.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалтууд, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 30 дугаар зүйлийн 30.3, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.2.4, 6.3.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байхад шүүх “ ... маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 119/ШШ2023/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Ч.О  нь “Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаарыг захирамжаар Хюандай авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Иргэн Д.Т-д 491 м.кв газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж, манай барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д өөр боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

3.2. Орхон аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх тухай” А/743 дугаар захирамжаар “Иргэний хүсэлт, техникийн комиссын хурлын шийдвэрийн дагуу ...иргэн Д.Т ын Уурхайчин баг, 12 дугаар бага сургуулийн урд байрлах авто засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөн 485 м.кв газрыг 4 жилийн хугацаатай” эзэмшүүлжээ.

3.3. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Д.Т-д 485 м.кв газрыг эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай барилгын аваарын хаалганы гарц хэсгийг хааж "Хюандай" авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д газар эзэмшүүлсэн” гэж тайлбарлан маргасан байна.

3.4. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулийн зохицуулалттай.

3.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.О  нь Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 дугаар захирамжаар өөрийн эзэмшиж буй 37 м2 газраа 63 м2 болгон нэмэгдүүлсэн, мөн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот захирамжаар дээрх  63 м2 газраа 107 м2 болгон нэмэгдүүлж, зориулалтыг худалдаа үйлчилгээний болгон өөрчилсөн байх бөгөөд ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлэх зөвшөөрөл авахаасаа өмнө буюу 2015 оны 6 сараас маргаан бүхий газар дээр өөрийн эзэмшил газрын хэмжээнээс илүү гарган 106 м2 газарт барилга барьсан, харин гуравдагч этгээд Д.Т  нь Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 456 дугаар захирамжаар 372 м2 газрыг Авто сервис үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд мөн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 тоот захирамжаар өмнөх эзэмшил газраа 113 м2-аар нэмэгдүүлж, 485 м2 болгосон үйл баримт тогтоогдож байна.

3.6. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж 485 м2 болгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу тус газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд дээрх газрыг эзэмшүүлсний дараа буюу цаг хугацааны хувьд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий газрын хэмжээгээ нэмэгдүүлж авсан, нөгөөтээгүүр тус газарт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга барьсан байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан шиг “... маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн барилгын аваарын хаалганы гарц хэсгийг хааж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн” гэж үзэж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

3.7. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн барилгыг 2016 онд эзэмшиж байсан газар дээрээ барьсан, 2020 онд нэмэгдүүлсэн газрын хэмжээ нь маргаж буй газарт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд баригдсан барилгын хэмжээ нь 107 м2 болох нь ШУТИС-ын Оношлогоо зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээчдийн дүгнэлт, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 815 дугаар албан бичиг, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14-07-025/223 дугаартай албан шаардлага зэргээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

3.8. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн “... гуравдагч этгээдэд газар сунган олгосноос нэхэмжлэгчийн бариулж буй барилгын аваарын гарцыг чөлөөтэй ашиглах боломжгүй болгож нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэх үндэслэл нь хууль ёсоор үүссэн гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхэд халдах үндэслэл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

3.9. Түүнчлэн анхан шатны шүүхээс “...Нэхэмжлэгч нь Орхон аймгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхээс өмнө зөвшөөрөлгүйгээр 107 м2 талбай бүхий барилга, байгууламж барьсан болох нь нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

3.10. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдолдоо: “Барилгын аваарын хаалганы гарцыг хаасан гэдэг нь ... шүүхэд ирүүлсэн дүгнэлтээр тогтоогддог. Гэтэл шүүх энэ нотлох баримтыг үнэлсэнгүй. Мөн дүгнэлтэд гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээ захирамжаар олгосон газрын хэмжээнээс 6 м.кв-аар илүү байгааг бодитоор хэмжиж гаргасаар байхад шүүх үүнийг үнэлэлгүйгээр захирамжид бичигдсэнээр /www.egazar.mn/-д бүртгэгдсэнээр хэмжээг тогтоож буруу дүгнэлт гаргаад байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна” гэж тайлбарлажээ.

3.11. Маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээдээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр газрын хэмжээгээ нэмэгдүүлэн авахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан зөрчилгүй байсан, түүнчлэн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэж байх тул тухайн тохиолдолд захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, харин захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газрын хэмжээгээ нэмэгдүүлж авсан атлаа 2015 оноос зөвшөөрөлгүйгээр барьсан барилгын аваарын гарцыг хаасан гэх гомдол нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хамгаалагдахааргүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн дээрх гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийг   нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА