Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 49

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,      

Нарийн бичгийн дарга Х.Дашням,     

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Н.Номинбаяр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 125 дугаар зүйлийн 125.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Номинбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0658 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дархад, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн, тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр баг, Соёо гэх газарт  оршин суух хаягтай, улмаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл үгүй, Эрхүд овогт Нарангийн Номинбаяр РД:РН90021191,

            Шүүгдэгч Н.Номинбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужрын ар гэдэг газарт хамтран амьдрагч Д.Ууганбаярыг хардалтын улмаас зодож бие махбодид “Зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал, зүүн бугалга, шуу, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн гуя, өгзөг, өвдөгт цус хуралт, баруун зүүн дал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн шилбэ, зүүн тавхай зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр далны хооронд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулах явцдаа “Нүцгэлж тэлээгээр ороолгох, гадаа гаргаж зогсоох, удтал зодох” зэргээр зовоон тарчлаах шинжтэйгээр үйлдсэн, түүнчлэн

            хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж “Бэлэг эрхтнээ хөхүүлэх, үснээс нь татаад 2 далны хооронд нь хазах, бөгс рүү нь бэлэг эрхтнээ хийхээр хохирогчид тулгах” зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлахад:         

            Шүүгдэгч Н.Номинбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагаас 21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужрын ар гэдэг газарт хамтран амьдрагч Д.Ууганбаярыг хардалтын улмаас “нүцгэлж тэлээгээр ороолгох, гадаа гаргаж зогсоох зэрэг аргаар” зовоон тарчлаах шинжтэй зодож, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, мөн 

хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, бөгс рүү нь бэлэг эрхтнээ хийхээр хохирогчид тулгах зэргээр тохуурхан доромжилж бэлэг эрхтнээ хөхүүлэн  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:     

 - хохирогч Д.Ууганбаярын биед нь үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зураг 2 ширхэг /хх-ийн 84-86-р хуудас/,  

- хохирогч Д.Ууганбаярын:“...2016 оны 03 дугаар сарын 02-ны өглөө би Хархорин зах орж ажил хайхаар явж байгаад, замаараа хүний утас гуйгаад Н.Номинбаяртай ярьтал би хотод ороод ирсэн байна уулзъя гэсэн. Тэгээд бид 2 Саппоро дээр уулзсан. Тэгээд бид 2 буцаад цуг ферм рүүгээ явахаар болоод замаасаа Хархорин зах орж аар саар зүйлийн юм авахаар орсон...Тэгээд бид 2 юмаа авч дуусаад Баянчандмань орох унаанд суугаад замдаа буухаар тохирсон. Тэгээд замдаа “Энхжин” төвөөс 2.5 литрийн пиво авсан. Тэгээд бид 2 гэрийнхээ үүдэнд хүргүүлээд гэртээ орсон. Тэгээд би гараад 00-д бие засч байх хооронд Н.Номинбаяр хажуу айлын хүн байгаа эсэхийг үзэж ирчихээд буцаад ирэхдээ “Өө ашгүй Болдоо ах хот явчихсан байна” гэж байсан. Тэгээд 00-с гараад гэр лүүгээ дөнгөж ортол миний үснээс зулгаагаад татаж оруулаад хаалга түгжсэн. Тэгээд намайг газарт унагаагаад дээрээс минь гутлаараа дэвсэж эхэлсэн. Тэгээд би болиоч гэтэл цүнхэнд байсан пиво гаргаж ирээд том аяганд хийгээд ууж байснаа “2-3 хоног хотод тэнэсэн янхан чамтай тооцоо бодно гээд” миний дээр гараад бүх хувцсыг минь урж тасдаж бүх хувцас тайлсан. Тэгэнгүүтээ хаалга онгойлгоод одоо зайл гээд гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд би гадаа нүцгэн 30-аад минут зогссоны дараа хаалга нээгээд намайг ороод ир гэсэн. Тэгээд ороод, намайг битгий зодоорой гээд гуйтал “Одоо чамтай жинхэнэ тооцоо бодно” гээд хувцасны шүүгээ уудалж байгаад цэргийн суран тэлээ гартаа ороогоод ирсэн. Тэгээд төмөр эртэй хэсгийг нь жоохон илүү гаргаад барьчихсан тэр хэсгээр нь миний бие рүү ороолгоод байсан. Тэгээд ороолгуулсаар байгаад бие маань мэдээгүй болсон. Энэ хооронд намайг үсдэж чирсэн тэгснээ “Чи хот орж янханддаг гэсэн үү” гээд “Одоо би бөгс рүү чинь хийнэ” гээд намайг дөрвөн хөллүүлэх гэсэн би чадахгүй унаад байсан...Н.Номинбаяр намайг зодож байснаа чи хот руу явж олон эрчүүдтэй янхандаж банзалдсан одоо чиний хийдэг газар луу чинь хийхгүй бөгс рүү чинь хийнэ цаашаа харж бай гэснээ өмдөө шувтлаад эрхтнээ гаргасан би тэгээд буруу хараад 4 хөллөх гэсэн чинь чадахгүй унаад байсан тэр үед миний зүүн гар гэмтсэн гараараа тулж чадахгүй байсан. Н.Номинбаяр миний бөгс рүү эрхтнээ хийхгээд байсан би хоёр тийшээ бөгсөө хөдөлгөөд хийлгээгүй. Тэгсэн чинь Н.Номинбаяр янхан минь бос гээд баруун, зүүн далны хооронд хазаад би орилсон чинь Н.Номинбаяр янхан минь чи бөгс рүүгээ хийлгэж чадахгүй юм бол амаараа хөхөж намайг тавиул гээд намайг өөрлүүгээ харуулж байгаад миний ам руу эрхтнээ хийсэн. Тэгээд би энэ чинь ерөөсөө эвлэж өгөхгүй байна чи орон дээрээ дээшээгээ хараад хэвтэж бай гэж хэлээд орон нь дээр хэвтүүлээд 1 минут орчим бэлэг эрхтнийг нь хөхсөн чинь чи чадахгүй байна янхан минь гээд миний цээж рүү хөлөөрөө өшиглөөд газар унагаагаад зодсон.../хх-ийн 13-22, 23-26-р хуудас/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3185 дугаартай: Д.Ууганбаярын биед зүүн богтос ясны зөрүүтэй далд хугарал, зүүн бугалга, шуу цээж, хэвлий, бүсэлхий, зүүн гуя, өгзөг, өвдөгт цус хуралт, баруун зүүн дал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн шилбэ, зүүн тавхай зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр далны хооронд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,

-шинжээч эмч Ц.Бадралын:...Д.Ууганбаярт учирсан уг гэмтлийг олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...хатуу мохоо зүйл гэдэгт хурц, ир, үзүүртэй бусад мохоо хатуу зүйлийг хамааруулан ойлгоно. Үүнд тэлээний арал, гутал, хүний гар, шүд орно...Уг гэмтлүүдийг хэр хугацаанд учруулахыг нарийвчлан тогтоох боломжгүй...Хоёр далны хоорондох хэсэг газрын үзлэгээр хагас дугуй хэлбэрйин 4,5х4,5 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралтай байсан ба энэ гэмтлийг хүн шүдээрээ хазаж учруулах боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

- гэрч Ц.Болдбаатарын...”2016 оны 02 дугаар сарын сүүлээр манай хажуу фермийн Д.Ууганбаяр гэдэг эмэгтэй над дээр ирээд Н.Номинбаяр бид хоёр маргалдаад намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би фермийнх нь эзэнтэй яриад Н.Номинбаяр Д.Ууганбаярыг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед Д.Ууганбаярын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Д.Ууганбаярыг манай гэрт байхад Н.Номинбаяр чулуу шидсэн тухайн үед чулуу нь оноогүй. Би тэгээд Н.Номинбаярт эхнэрээ зодож болохгүй гэж хэлээд Д.Ууганбаярыг гэртээ цоожлоод, Н.Номинбаярт чи явж ажлаа хий гэж хэлсэн чинь Н.Номинбаяр ферм рүүгээ ажлаа хийхээр явсан...2016 оны 03 дугаар сарын 02-ны орой би Улаанбаатар орчихоод гэртээ ирээд үхэртээ тэжээл өгч байсан чинь Н.Номинбаярын гэрт чанга, чанга дуу гараад байсан, тэгсэн оройхон нь Д.Ууганбаяр уруул нь хавдсан байдалтай ирээд Н.Номинбаяр намайг зодоод байна туслаач гэж ирэхээр нь би фермийнхээ эзэн Б.Баярмаа руу утсаар хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- гэрч Б.Баярмаагийн...”2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай хүргэн ах Ц.Болдбаатар залгаад Н.Номинбаяр эхнэрээ зодоод байна гэж хэлэхээр нь би цагдаа дууд гэж хэлсэн...удаагүй Ц.Болдбаатар ах дахиж залгаад Н.Номинбаяр эхнэрээ зодоод байна гэхээр шөнө 00 цагийн орчимд очсон чинь Н.Номинбаярыг цагдаа аваад явсан...Д.Ууганбаярын зүүн гар нь хавдсан, бие нь хөхрөөд аймаар зодуулсан байсан...Д.Ууганбаярын зүүн гар нь хавдсан хөдөлгөж болохгүй нурууны гол хэсгийг хазсан байдалтай хөхөрсөн мөн гуя, дал, гар нь хөхөрч хавдсан маш их гэмтэлтэй байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, 

- гэрч Б.Сэргэлэнбаатарын:...”2016 оны 03 дугаар сарын 02-ны орой цагийг нь санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361 гармын Хужиртын ар гэдэг газар манай хажуу айлын туслах малчин эхнэрээ зодоод байна гэсэн дуудлагын дагуу ахлах ахлагч Ж.Баатарсүхийн хамт дуудлаганд очиход Түмэн үхэрт хоршооны малчин Н.Номинбаяр согтуу гэртээ байсан ба эхнэр Д.Ууганбаяр уйлсан гэрийнхээ гадаа байсан...тэгээд юу болсон талаар асуусан чинь Д.Ууганбаяр гэдэг эмэгтэй доороосоо нэг тэлээ гаргаж ирээд намайг энэ тэлээгээр ороолгож зодсон гэж хэлж байсан. Д.Ууганбаярын бие нь хөхөрсөн байсан...Д.Ууганбаяр тухайн үед уйлсан нуруу, гар нь хөх эрээн болсон байдалтай гар өвдөөд гээд хувцсаа өмсөж чадахгүй байсан...Н.Номинбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

-гэрч Ж.Баатарсүхийн...2016 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын үед эхнэрээ зодоод байна гэх дуудлагын дагуу 361 дүгээр гармын ойролцоо байх нэг айлд очтол нөхөр нь гэртээ унтаж байсан...харин эхнэр нь намайг зодлоо бүсээр ороолгосон, бус гутлаар зодсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

-шүүгдэгч Н.Номинбаярын:...Д.Ууганбаярыг 3 хоног Улаанбаатар хот руу яваад архи уугаад над руу би бааранд байна, буудалд байна гээд яриад байхаар нь би хардаад зодсон...би Д.Ууганбаярыг тэлээгээр ороолгож, гараараа цохиж, гутлаараа цохиж, шүдээрээ нуруу хэсгээс нь хазаж зодсон би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 95-97-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар: шүүгдэгчээс “хохирогчийг зодож, гэмтэл учруулсан арга, үйлчлэл” нь хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны онцгой зовиур, шаналгаа, шарх, өвдөлтүүдийг учруулсан буюу зовоон тарчлаасан гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, мөн  

- шүүгдэгч нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах сэдэлт зорилгоо хэрэгжүүлэхдээ хохирогчийг илтэд басамжлах, тохуу хийхэд чиглэгдсэн гэмт санаа, хүч хэрэглэсэн элдэв бүдүүлэг аргаар хэрэгжүүлсэн байх тул хохирогчийг тохуурхан доромжилсон, мөн

- хохирогч нь хүч чадлын хувьд түүний хүчийг эсэргүүцэх чадвар сул байхаас гадна мөн хохирогчийг бусдаас дэмжлэг, тусламж авах ямар ч боломжгүй нөхцөлд, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн зодож, бие махбодид нь гэмтэл учруулах зэргээр санаа сэтгэлийн зовиур шаналал, айдаст автуулж, өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх чадваргүй байдалд оруулсан байх тул хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулсан гэж тус тус үзнэ.    

Иймд шүүгдэгч Н.Номинбаярыг бусдыг зовоон тарчлаах аргаар зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,   

хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь эмчилгээнд 500.000 төгрөг /хх-ийн 90/ нэхэмжилсэн боловч хохиролд “мустанг-5” маркийн мотоциклыг авсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.   

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулан, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 120 см урттай 5 см өргөнтэй, нэг үзүүртэй 5*7 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй, төмөр аралтай, 2 ширхэг төмөр хэлтэй тэлээг зохих журмын дагуу устгуулж, томографикийн зургийг уг хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.                   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Н.Номинбаярыг бусдыг зовоон тарчлаах шинжтэй зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,  

хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар шүүгдэгч Н.Номинбаярыг 6 сар баривчлах ялаар,  

мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялд багтааж, шүүгдэгч Н.Номинбаярын биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоосугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Номинбаярын биечлэн эдлэх 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     

5. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.            

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120 см урттай 5 см өргөнтэй, нэг үзүүртэй 5*7 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй, төмөр аралтай, 2 ширхэг төмөр хэлтэй тэлээг зохих журмын дагуу устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох томографикийн зураг 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.       

7. Шүүгдэгч Н.Номинбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.            

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Номинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР