| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00154/И |
| Дугаар | 00185 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00185
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 30-30 тоотод оршин суух, 1962 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Шарнууд овогт Гарамжавын Загдсүрэнгийн хүсэлттэй /РД:МЗ62041605/
Зүүнхараа хотын барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Г.Загдсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын хөдөө аж ахуйн барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажилд орсон юм. Тэгээд 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл уг байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдал тэнцэхгүй гэсэн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүйгээс би энэ ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Барилга угсралтын конторт ажилласан 12 жил 09 сарыг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Шарнууд овогт Гарамжавын Загдсүрэнг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл засал чимэглэлчин, будагчнаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Зүүнхараа хотын Барилга угсралтын контороос Г.Загдсүрэнд олгосон ¹ 382280 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фото зураг болон хамт ажиллаж байсан Л.Бямбасүрэн, Р.Намжиг, С.Ариунаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Загдсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Гарамжавын Загдсүрэнг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл засал чимэглэлчин, будагчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Загдсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.