Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

 

 

 

   2021         02          26                                       2021/ШЦТ/117

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

улсын яллагч Б.Хурц,

хохирогч Б.Э-,

шүүгдэгч Г.Ө-,

шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.Ө-,

Б.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010023011106 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...../

 

2. Монгол ......

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Ө- нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “...” төвд байрлах “...” цэнгээний газрын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.А-тай маргалдан түүний нүүр рүү гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, хоёр бугуйнд зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Б.У- нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “...” төвд байрлах “...” цэнгээний газрын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-той маргалдан түүний нүүр рүү гараараа цохиж хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Г.Ө-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Б.У- мэдүүлэхдээ: Улсын яллагчийн намайг яллаад байгаа шиг би хүнд санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэхгүй байна. Тухайн үед архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь миний буруу. Би хохирогчтой юунаас болж маргалдсан гэдгээ санахгүй байгаа. Цохисон, цохиогүй гэдгээ ч санахгүй байна. Хэрэгт Ө-, Уянга нарын мэдүүлэг байдаг. Анх бид зургуулаа тухайн газар уусан бөгөөд 3 эрэгтэйгээсээ салаад явахад хохирогч талын залуучууд өдөж хоргоогоод машиндаа суулгах гээд суухгүй гэхээр янхан зэргээр биднийг хэл амаар доромжилсон гэсэн. Э- мэдүүлэгтээ намайг юм барьсан гараараа хамар луу нь цохисон гэсэн байсан. Ийм үйлдэл болоогүй. Энэ хоёрын мэдүүлгээс гадна Б- унаж босоод тасарчихсан байхад Ө- гэр лүүгээ аваад явсан байсан. Тэгээд өглөө танихгүй айлд сэрээд гайхаад асуусан чинь харин ч хэдэн залуучууд машиндаа чирээд авч явах гээд байхаар нь би гэртээ авчирсан шүү гэж хэлсэн байсан. Б- тэр талаар шүүх хурал дээр ирж хэлнэ гэсэн ч бидний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсээд чадсангүй. Би хохирогч гээд байгаа хүүхдийг цохисон үгүйгээ ч санахгүй байна. Өөрсдийнх нь өдөөн хоргоолтод автахгүй гэхээр элдэв янзаар хараагаад байсан гэж байсан. Тухайн үед Уянга, Б- хоёрыг би хэр хэмжээний согтолттой, хэр хэмжээний биеэ авч явж чаддагийг мэддэг учир энэ хоёрыг хүргэж өгнө гээд аваад гарсан байгаа юм. Би хэчнээн юмаа санахгүй байгаа ч далд ухамсраараа мэдэж байна. Би зөвхөн биеэ хамгаалах үйлдэл л хийсэн. Би хохироогчийг цохисон байлаа гэхэд санаатай үйлдэл биш юм. Санамсаргүйгээр цохисон байх магадлалтай байна. Тухайн үед би мэдээж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гар хөлөө савчиж байхад энэ хүүхэд өртсөн бол миний буруу. Хэрвээ миний үйлдэлд өртөөд гэмтсэн бол рентген зураг байх ёстой түүнийг харах хүсэлттэй байна гэв.

 

Хохирогч Б.Э- мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 10 цагийн үед Ч-, А- бид 3 уулзаад ...д ажил яриад сууж байсан. Тэгээд байж байтал Ч-ын эхнэр залгахаар нь С-г дуудаад ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд С- ирэх хооронд А- доор сууж байя гэсэн. Би ямар нэгэн архи дарс уугаагүй. Тэгээд 12 цагийн үед гараад машиндаа суусан чинь А- хүнтэй юм яриад зогсож байхад Ч- намайг аваад ир гэсэн. Намайг очих үед А- У- эгчийг та ингэж хэлж болохгүй гэх зэргээр ярьж байсан. Тэгэхээр нь би Ө-ад та эгчийгээ аваад явчих би найзыгаа аваад явъя гэсэн чинь У- эгч согтуу агсан тавиад энэ одоо юу гээд байгаа бацаан бэ гээд шууд миний хамар луу цохисон. Бидний зүгээс тэдгээр эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон асуудал гараагүй, хараал хэлээгүй. Бид ёс зүйтэй залуучууд байгаа. Тэгээд миний гадуурх хувцсыг татаад урахаар нь би та боль гэсэн чинь нэг эмэгтэй найз нь уучлаарай эгч нь найзыгаа аваад явъя гэж хэлсэн. Тэр хооронд У- эгч миний толгой, тархи руу зөндөө цохисон. Намайг өшиглөж цохиж байхад би түүнд нэг ч удаа гар хүрээгүй. Зөвхөн өөрөөсөө хол байлгах гэж гараа урдаа барьж байсан. Цагдаад дуудлага өгсөн асуудлын тухайд гэвэл С-тай хамт түүний машиныг жолоодож ирсэн эмэгтэй дуудлага өгсөн. Тэгсэн чинь цагдаагаас ачаалал их байна, наад хүмүүсээ аваад ир гэхээр нь боломжгүй байна гэхэд цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаагийн машинд намайг бараг арваад удаа цохисон. Түүнийг цагдаа батална. У- эгчийн үйлдэл бол санаагүй үйлдэл байгаагүй. Шууд л миний хамар луу цохисон. Маш олон удаа өшиглөсөн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2010023011106 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,

2. Хохирогч А.А-гийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “...” төвд байрлах “...” нэртэй баарнаас гараад явж байтал үл таних 2 хүүхэн 1 залуу намайг хүнтэй андуурсан бололтой хэл амаар доромжлоод” пязда минь үхсэн баасаа хараад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би та нар ууж идсэнээ шингээ гэж хэлчихээд найз Э-г хүлээгээд зогсож байтал Э- ирээд явъя гэж хэлэхээр нь явах гээд зогсож байтал үл таних согтуу эмэгтэй ирээд Э-г “чи одоо юугаа хараад байгаа бацаан бэ” гээд цохиод хамрыг нь хугалчихсан. Бид нар цагдаа дуудтал нөгөө 3 хүн зугтааж явах гээд байхаар нь би тухайн хүмүүст нэг бол бид нартай суугаад цагдаагийн хэлтэс рүү явъя, аль эсвэл цагдаа ирэхийг хүлээгээд энд байж бай гэсэн шаардлага тавьсан. Тэр хоёр эмэгтэйтэй хамт явж байсан намхан залуу явах гээд дайраад байхаар нь хүлээж бай гэдэг шаардлагыг тавиад зогсож байтал миний нүүр лүү чулуу барьсан гараараа цохиж, нүдний шилийг хагалж нүдийг гэмтээсэн. Мөн хөл рүү өшиглөж миний гутал халцарсан. Би тэр үед газарт унасан. Удалгүй хамгаалагч нар гарч ирээд тэр залуугийн гарт байсан чулууг авч надаас холдуулсан. Би тухайн үед “...” гэх бааранд найз охиноо авах гэж очсон боловч найз охин явсан байсан. Би 21 нас хүрээгүй учраас архи дарс хэрэглэдэггүй, угаас архины харшилтай, тухайн өдөр эрүүл явж байсан, манай найз ч эрүүл байсан. Намайг зодсон залуу нэлээн халамцуу, баарны үүдэнд байсан хүмүүстэй их муухай харьцаж агсам тавьчих гээд байсан. Тэр өдөр цагдаа нар түүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан. Би маш их гомдолтой байна. Эд хөрөнгө, цаг зав, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохироод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

3. Хохирогч Б.Э-гийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “...” төвд байрлах “...” нэртэй баарны үүднээс найз А-г авах гээд очтол үл таних 3 хүн А-г хэл амаар доромжлоод зогсож байхаар нь явъя гээд хэлтэл нэг үл таних эгч намайг “чи одоо юун бацаан бэ” гэж хэлээд миний хамар луу шууд гартаа юм бариад цохисон. Би хамраа бариад үзтэл хамар хонхойгоод дотогш орчихсон байсан. Тэгээд бид нар цагдаа дуудтал нөгөө хүмүүс зугтах гээд байхаар нь А- явж болохгүй шүү нэг бол машинд суугаад цагдаа руу явъя, нэг бол цагдаа иртэл хүлээ гэж хэлсэн. Тухайн үед цагдаагийн хэлтсээс бид нарт дуудлага маш их байгаа учраас наад хүмүүсээ дагуулаад хэлтэс дээр хүрээд гэж хэлж байсан. Намайг цохисон эгч маш их согтуу байсан, над руу зөндөө хүрч ирж цохиж зодоод, би хамрыг чинь хугалчихсан юм бол нэг мөсөн алаад өгье гээд дайраад байсан. А- тэд нарыг явуулахгүй гэж хэлтэл нэг эрэгтэй нь хүрч ирээд А-г цохиж унагаад хөл рүү нь өшиглөсөн. Удалгүй хамгаалагч нар гарч ирээд тэр хүмүүсийг барьж авсан. Мөн цагдаа нар хүрч ирээд тэр эрэгтэйг эрүүлжүүлэхэд хийсэн. Би тухайн үед эрүүл машин бариад явж байсан. Тэр 3 хүн маш их согтуу байсан. Би маш их гомдолтой байна. Эд хөрөнгө, цаг зав, гоо сайхан, эрүүл мэндээрээ хохироод байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-155/,

 

4. Гэрч О.У- 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би болон манай найзууд мөн найз залуугийн найзууд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй бааранд шоудаад явж байтал эгч У- болон найз Болороо нар нэлээн согтчихоор нь би хүргэж өгөх гээд такси барих гэтэл такси биш өөр машин нөгөө хоёрыг суулгачихсан байсан. Тэгэхээр нь би хүүе наадах чинь такси биш гээд буулгах гэсэн чинь нөгөө 2 үл таних залуу бид гурвыг хүчээр суулгах гээд байсан. Тэгэхээр нь би найз залуугаа дуудсан, эгч У- нэлээн согтсон тэр залуучуудтай муудалцаад байсан. Над руу нэг өндөр залуу агсраад дайраад цохих гэж байсан болохоор манай найз залуу Ө- ирээд тэр залууг хэд хэдэн удаа цааш түлхээд намайг өмөөрсөндөө нөгөө залууг цохисон. Би нэлээн согтуу байсан болохоор Э-, У- нарын хооронд юу болсныг гүйцэт санахгүй байна. Дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирээд нэг хамраа барьчихсан залуу У- эгчид цохиулсан гээд яваад байсан. Ө- тэр залууг цохихдоо гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,  

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12638 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- А.А-гийн биед баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, хоёр бугуйнд зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12637 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

-Б.Э-гийн биед хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

7. Шүүгдэгч Г.Ө-ын 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би А- гэх хүнийг цохихдоо гартаа юм бариагүй байсан, эмэгтэй хүнийг өшиглөсөн болохоор нь цохисон. Мөн би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Хэрэв цагдаа яаралтай ирсэн бол би ийм үйлдэл хийхгүй байх байсан. Болсон хэргийн талаар гэвэл 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө найзуудын хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо ...гийн “...” нэртэй клубээр үйлчлүүлж байгаад шөнө 00 цаг 45 минутын үед гарсан. Тэгээд найз охин болон түүний найзууд болох 3 эмэгтэй явлаа гэхээр нь явуулчихаад байж байтал, замд таарсан чинь хэдэн залуучууд машиндаа чихээд маргалдаж байхаар нь соёлтойгоор уг хүмүүсийг явуулахыг гуйсан. Гэтэл тэр хэд явж өгөхгүй намайг өдөөд байсан, тэгээд байж байтал У- Э- гэх залууг цохиод авсан. Би цагдаад дуудлага өгсөн. А- гэх залуу 1 цаг гаран миний бие хаа руу цохиж доромжилсон, эцэст нь манай найз охины биед халдахаар нь би тэсэлгүй А-г цохиод унагаасан. Би А-г хоосон гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

8. Шүүгдэгч Б.У-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой найз Уянга, Б- болон Уянгын найз залуу болон тэдний найзуудтай Хан-Уул дүүргийн “...” төвд байрлах “...” нэртэй клубд бүжиглэж архи ууж цагийг өнгөрөөж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь нэлээн муудчихсан байсан. Нэг харсан чинь нэг өндөр залуу намайг машин луу суучих гээд түлхээд байсан. Би үгүй гэж хэлээд Болороог татаж авсан. Тэгээд Болороо бид хоёр маргалдаад байсан. Нэг ухаан орсон чинь А- нь намайг түлхэж унагачихаад Ө-тай заамдалцаад зогсож байсан. Тэгээд байж байтал Э- нь машины цаанаас миний хамрыг хугалчихлаа шүү дээ гээд гарч ирсэн. Тэгээд нэг харсан чинь цагдаагийн газарт ирчихсэн байсан. ...Би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

9. Шүүгдэгч Г.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58-62/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-67/

 

10. Шүүгдэгч Б.У-ийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71-72/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Г.Ө-аас хохирогч А.А-д 796.400 төгрөгийн, шүүгдэгч Б.У-ээс хохирогч Б.Э-д 684.000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулах...” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Г.Ө- нь гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй,

Харин шүүгдэгч Б.У- нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь миний буруу. Хохирогч Б.Э-г цохисон үйлдлээ санахгүй байна, шүүхээс гэм буруутай гэж үзвэл хохирол төлбөрийг барагдуулна гэж” гэм буруугийн талаар маргасан болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Ө- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “...” төвд байрлах “...” цэнгээний газрын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед А.А-тай маргалдан улмаар түүний нүүрэнд гараараа цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдаж баруун доод зовхинд шарх, баруун дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, хоёр бугуйнд зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,

- Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр эмэгтэйтэй хамт явж байсан нэг намхан залуу явах гээд дайраад байхаар нь  хүлээж бай гэдэг шаардлагыг тавиад зогсож байтал миний нүүр лүү чулуу барьсан гараараа цохиж, нүдний шилийг хагалж нүдийг гэмтээсэн. Мөн хөл рүү өшиглөж миний гутал халцарсан, тэр үед би газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Гэрч У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манай найз залуу Ө- намайг өмөөрсөндөө нөгөө залууг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12638 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

- Шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...эмэгтэй хүнийг өшиглөсөн болохоор нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.У- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” төвд байрлах “...” цэнгээний газрын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Б.Э-той маргалдан улмаар түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних эгч чи одоо юун бацаан бэ гэж хэлээд хамар луу шууд гартаа юм бариад цохисон. ...хамраа бариад үзтэл хамар хонхойгоод дотогш орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-155/,

- Гэрч У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У- нэлээн согтчихсон тэр залуучуудтай муудалцаад байсан. ...цагдаагийн хэлтэс дээр ирэхэд нэг хамраа барьчихсан залуу У- эгчид цохиулсан гээд яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12637 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Ө-, Б.У- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.А-, Б.Э- нартай маргалдан хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Ө-, Б.У- нар нь олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн ухамсарт үйл ажиллагааг хянаагүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг байдлууд нь бусадтай зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч А.А-, Б.Э- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Тус хэргийн улмаас хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогчид 1.454.605 төгрөгийн зардал гарсан талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн, үүнд эмчилгээний зардлын баримт нь 613.000 төгрөгийн, бусад зардалд гутал засварлахад зарцуулсан 488.205 төгрөгийн, сорвины тос авахад зарцуулсан 188.400 төгрөгийн, нүдний шилний рам, шил авахад зарцуулсан 165.000 төгрөгийн баримтуудыг ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ө- нь хохирогч А.А-д 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаараа мэдүүлсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй хэдий ч хохирогч А.А- нь шүүгдэгч Г.Ө-аас 1.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулан авсан гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа мэдэгдсэн байх тул шүүгдэгч Г.Ө-ыг энэ тогтоолоор хохирогч А.А-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч А.А-гийн гутал засварлахад, сорвины тос авахад, нүдний шилний рам, шил авахад зарцуулсан нийт 841.605 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Мөн хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогчид 736.400 төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн ба үүнээс эмчилгээний зардлын баримт 684.000 төгрөгийн, бусад зардалд шатахуун авахад зарцуулсан 52.400 төгрөгийн баримтыг ирүүлжээ. Үүнээс шатахуун авахад зарцуулсан 52.400 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзээгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.У-ээс хохирогч Б.Э-д нь 684.000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэв.  

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “... шүүгдэгч Г.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.У-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

  

Шүүгдэгч Г.Ө- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байсан боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Б.У- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Б.У-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.

 

Мөн шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг орлого олох боломжийг нь  харгалзан  хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Бусад асуудлаар: Шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө- нь хохирогч А.А-д төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял; шүүгдэгч Б.У-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-, Б.У- нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ээс 684.000 (зургаан зуун наян дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.

 

7. Г.Ө-, Б.У- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө- нь хохирогч А.А-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Э-гийн нэхэмжлэлээс 52.400 төгрөгийн, хохирогч А.А-гийн нэхэмжлэлээс 841.605 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ө-, Б.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН