Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2021/0122/Э |
Дугаар | 2021/ШЦТ/113 |
Огноо | 2021-02-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
2021 02 25 2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Сын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0065 0021 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч С.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 18 дугаар байрны подволд хохирогч Э.Н-тай маргаан үүсгэж, хүүхдээ уйлуулсан гэх шалтгаанаар маргалдан гуя хэсэгт нь нэг удаа хутгалж биед нь зүүн гуяны гадна дунд хэсэгт шарх, зүүн гуяны дотор дэд, гадна дээд, доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цаас: “Мэдүүлэг гаргахгүй” гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 2110000650021 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,
2. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 18 дугаар байрны 5 дугаар орцны 00 тоот подволд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12/,
3. Хохирогч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой гэртээ согтуу ороод иртэл эхнэр З- болон түүний найз Ц нар сууж байсан. Эхнэр мах чанасан байсан. Бид нар хоолоо идэх гээд байж байхдаа би агсам тавьж хүмүүсийг хөөж туусан, гэтэл эхнэрийн найз Ц миний хөл рүү хутгаар зүсчихсэн. Би тухайн өдөр нэлээн согтуу байсан. Миний буруугаас болж энэ бүхэн болсон. Миний бие одоо зүв зүгээр болчихсон ажлаа хийж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
4. Гэрч З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед найз Ц манай гэрт ирсэн. Тэгээд манай нөхөр Н- болон Ц нар хоёр том пиво, Чингис нэртэй 0,5 литрийн архи уусан тэгээд амарцгаасан. Тухайн өдөр ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бид нар унтаж сэрээд ахиад нийслэл нэртэй 2,5 литрийн том пиво аваад Ц, Н- бид гурав манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 2-р хороо 18-р байрны 5-р орцны подволд ууж эхэлсэн. Тэгээд Н- жоохон согтоод манай охин О- гэрээс маань зайл гэх мэтээр хөөсөн, охин маань уйлаад байхаар нь би Н-тай хэрэлдсэн. Тэгсэн манай найз охин Ц манай охиныг өмөөрөөд Н-г загнаад, чанасан толгой огтолж идэж байсан хутгаараа Н-гийн гуя хэсэгт зүсчихсэн. Би Н-тай зодолдоогүй, харин хүүхдээ өмөөрөөд Н-тай хэрэлдсэн. Ц, Н- нар хоорондоо зодолдоогүй. Харин Ц Н-г загнасан. Бид гурав нэлээн согтуу байсан. Манай нөхөр хамгийн согтуу байсан. Ц Н-г заналхийлсэн зүйл байхгүй. Харин хүүхэд өмөөрч битгий гадуурхаад бай би эсвэл энэ хүүхдийг аваад явна гэж загнаад байсан. Маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаартай дүгнэлтэд:
“... Э.Н-гийн биед зүүн гуяны гадна дунд хэсэгт шарх, зүүн гуяны дотор дээд, гадна дээд, доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/,
6. Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз З-гийн гэрт буюу Хан-Уул дүүргийн 2-р хороо 18-р байрны 5-р орцны подволд түүний хоёр хүүхдийн хамт мах чанаж идээд сууж байтал З-гийн нөхөр Н- гаднаас халамцуу орж ирээд дагавар охин О- загнаж элдэв бусаар харааж доромжлоод байсан. Би Н-г ийшээ суу пиво уу энэ тэр гээд зөндөө аргадсан. Гэтэл бүр зөрүүдлээд охиныг янз янзын үгээр хэлээд уйлуулаад байсан. Би мах мөлжиж байхдаа болиоч дээ гээд Н-г нудрахдаа түүний зүүн гуяыг мах идэж байсан хутгаараа зүсээд гэмтээчихсэн, тэгээд би өөрөө цагдаа, түргэн лүү залгаж дуудсан. Тухайн өдөр Н-г надаас өөр ямар ч эмэгтэй хүн байсан үзэн ядахаар байсан. Яагаад гэвэл тэр жоохон охиныг эхийгээ дуурайсан янхан, гичий, дандаа хулгай хийдэг гэх мэтээр доромжилсон. Тэр охин хэдий дагавар охин нь байсан ч гэсэн арай ч тэгж муухай харьцаж болохгүй. Би Э.Н-гийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43-46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч С.Ц нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16 цагаас 17 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 18 дугаар байрны подволд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Н-тай “хүүхдээ уйлуулсан” гэх шалтгаанаар маргалдан түүний гуя хэсэгт нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд зүүн гуяны гадна дунд хэсэгт шарх, зүүн гуяны дотор дэд, гадна дээд, доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12/
- Хохирогч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэрийн найз Ц миний хөл рүү хутгаар зүсчихсэн. Би тухайн өдөр нэлээн согтуу байсан, миний буруугаас болж энэ бүхэн болсон. Миний бие одоо зүгээр болсон ажлаа хийж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Гэрч З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз охин Ц манай охиныг өмөөрөөд Н-г загнаад, чанасан толгой огтолж идэж байсан хутгаараа Н-гийн гуя хэсэгт зүсчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 457 дугаартай дүгнэлт,
- Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гэм буруугаа ойлгож байна. ...би мах мөлжиж байхдаа болиоч дээ гээд Н-г нудрахдаа түүний зүүн гуяыг мах идэж байсан хутгаараа зүсээд гэмтээчихсэн, тэгээд би өөрөө цагдаа дуудаад дараа нь түргэн лүү залгаж дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Ц нь хохирогч Э.Н-тай маргалдан улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тус гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч С.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.Цтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагад бүртгэлгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Цийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тус хэргийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан боловч “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогч нар хөл хорионы хязгаарлалтад байсан тул хуульд заасан 7 хоногийн хугацаанд тус хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдал”-ын хугацаа дуусгавар болмогц шүүх хуралдааныг товлож хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сын Цийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сын Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Цид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч С.Цид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл энэ хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН