Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Хохирогч Д.О,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Э.Бд холбогдох эрүүгийн 2107000480095 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “............................” ХХК-д армортурчин ажилтөй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................................  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Э.Б /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө ................................................ тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Оийн нүүрэн тус газарт 3 удаа алгадсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ Д.Отэй хэрүүл маргаан хийж улмаар түүний зүүн гуя, баруун шилбэ рүү нэг нэг удаа өшиглөж, нүүрэн тус газар руу нь алгадан зодсон,

гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны хутга барьж эхнэр Д.Оийг ална хэмээн дайрч улмаар ална хэмээн гэрээсээ хөөж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Э.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

Хохирогч Д.О нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Архи уусан үедээ агсам тавиад байхаар нь маргалдаад цагдаад өгсөн. Одоо ажлаа хийгээд гайгүй байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Д.О мөрдөн шалган ажиллагаанд өгсөн "...2020 оны 12 дугаар сарын 15-ны орой манай нөхөр Э.Б ганцаараа архи уусан юм. Шөнө 00 цагийн үед нөхөр согтчихоод унтахгүй байхаар нь унт гэхэд намайг нүүр рүү 3 удаа алгадаад авсан. Түүнээс болоод миний хоёр нүд хөхөрчихсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад нөхөр гэртээ согтуу ирээд агсам тавиад хэрүүл хийж, унтаж байсан хүүхдүүд сэрж айгаад уйлахаар нь би "хүүхдүүд айгаад байна шдээ" гэхэд намайг "чимээгүй бай гичий минь" гээд зүүн гуяны хэсэгт нэг удаа өшиглөж бас баруун шилбэ рүү нэг өшиглөж хамар руу дайруулж алгадсан. Тэр үед зүүн гуя хөхөрчихсөн байсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт агаарт гарч гулгасан. Орой гэртээ ирээд би хоолоо хийх гээд галаа түлэх гэтэл нөхөр агсам тавьж хэрүүл хийж надаас галын дэгээ төмөр булааж аваад цохих гэж хөөсөн. Тэгснээ шүүгээнээс хутга авч ална шүү гээд шүүгээн дээр зоогоод намайг гэрээс хөөгөөд гаргасан. Би хоёр хүүхдээ авч гадаа гараад хэдэн минут зогсож дараа нь цагдаа дуудсан. Энэ асуудал дээр шүүхээр орж Зөрчлийн хуулиар 15 хоногийн баривчилгаанд явсан. 2021 оны 03 дугаар сарын 30 ны өдөр 18 цагийн үед ажлаасаа ирэхдээ халамцуу ирээд хоол хийсэнгүй гэж уурлахаар нь би хоол хийж өгсөн . Өмнөх өдөр нь 24 цагаар ажилтай хоноод ядарсан учраас доор унтахаар хэвттэл унтуулахгүй орон дээр унт гээд татаж чангаагаад түүнээс болоод маргаан үүсч шөнө 02 цаг гаруй хэрүүл хийгээд байхаар нь би цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа ирж эрүүлжүүлэхээр авч явсан." /хх-09-16/ гэх мэдүүлэг, 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би машинт эргүүлийн 112 чиглэлд дэд ахлах Бын хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр орой гадаа харанхуй болоод байсан ба .................................. тоотод хүн агсам тавиад байна, явж шалга гэсэн дуудлага ирсэн ба уг хаяг дээр очиход .................................. тоот хашааныхаа үүдэнд Д.О 2 хүүхэдтэйгээ зогсож байсан. Юу болсон талаар асуухад “нөхөр агсам тавиад байна” гэж хэлээд бид гэрт нь ороход Э.Б согтуу баруун талдаа сууж байсан...” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 30-ны орой харанхуй болсоны дараа байх цагийг нь сайн санахгүй байна, хэлтсийн жижүүрээс .................................. тоотод хүн агсам тавиад байна явж шалга гэж дуудлага өгөхөөр нь уг хаяг дээр яваад очиход Д.О хашааны гадаа гудамжиндаа 2 хүүхэдтэйгээ зогсож байсан юу болсон гэхэд нөхөр агсам тавиад байна гэж хэлсэн. Гэрт ороход Э.Б согтуу сууж байсан тэгээд хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн"  /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажил тараад гудамжид танилтайгаа таарч нэг шил архи хувааж уучихаад гэртээ 18 цаг өнгөрөөж ирсэн. Эхнэр Д.О хоолоо хийгээгүй болохоор нь уурлаж бухимдаж маргаан болсон. Тэгэхэд би эхнэрээ зодож цохисон асуудал байхгүй....2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Тэрэлж рүү агаарт гарч гэртээ ирэхэд гэр хүйтэн байсан. Би галаа асаах гээд байхад эхнэр хурдан галла л даа, 2 хүүхэд даарчихлаа гээд хэрүүл маргаан хийхээр нь би айлгах гээд хутгаараа хоолны шүүгээний дээр хатгасан. Өөрөө л явлаа гээд 2 хүүхдээ дагуулаад гарч явснаас би хөөгөөгүй, тэгээд цагдаад дуудлага өгч намайг эрүүлжүүлсэн....2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ жаахан архи уучихсан байх үед эхнэр гаднаас 23 цагийн үед орж ирэхээр нь айлын эмэгтэй хүн байж архи, дарс ууж явлаа гэж маргалдаад би зүүн гуя руу нь өшиглөж, хацар хамар хавьд нь дайруулаад нэг удаа алгадсан... ” /хх-38-39/ гэх мэдүүлэг,     

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт /хх-02/,

Эрүүлжүүлэх байрны үзлэгийн тэмдэглэл /хх-44-45/,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэвэр /хх-47-49/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-50-52/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-57-65/,

Шүүхийн архиваас хуулбарлаж авсан баримтууд /хх 67-78/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө ................................................ тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Оийн нүүрэн тус газарт 3 удаа алгадсан, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ Д.Отэй хэрүүл маргаан хийж улмаар түүний зүүн гуя, баруун шилбэ рүү нэг нэг удаа өшиглөж, нүүрэн тус газар руу нь алгадан зодсон, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны хутга барьж эхнэр Д.Оийг ална хэмээн дайрч улмаар ална хэмээн гэрээсээ хөөж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч  Э.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, Хохирогч Д.О нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “...Архи уусан үедээ агсам тавиад байхаар нь маргалдаад цагдаад өгсөн. Одоо ажлаа хийгээд гайгүй байгаа.” гэх мэдүүлэг, Хохирогч Д.О мөрдөн шалган ажиллагаанд өгсөн "...2020 оны 12 дугаар сарын 15-ны орой манай нөхөр Э.Б ганцаараа архи уусан юм. Шөнө 00 цагийн үед нөхөр согтчихоод унтахгүй байхаар нь унт гэхэд намайг нүүр рүү 3 удаа алгадаад авсан. Түүнээс болоод миний хоёр нүд хөхөрчихсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад нөхөр гэртээ согтуу ирээд агсам тавиад хэрүүл хийж, ...намайг "чимээгүй бай гичий минь" гээд зүүн гуяны хэсэгт нэг удаа өшиглөж бас баруун шилбэ рүү нэг өшиглөж хамар руу дайруулж алгадсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр галаа түлэх гэтэл нөхөр агсам тавьж хэрүүл хийж надаас галын дэгээ төмөр булааж аваад цохих гэж хөөсөн. Тэгснээ шүүгээнээс хутга авч ална шүү гээд шүүгээн дээр зоогоод намайг гэрээс хөөгөөд гаргасан." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Тэрэлж рүү агаарт гарч гэртээ ирэхэд гэр хүйтэн байсан. Би галаа асаах гээд байхад эхнэр хурдан галла л даа, 2 хүүхэд даарчихлаа гээд хэрүүл маргаан хийхээр нь би айлгах гээд хутгаараа хоолны шүүгээний дээр хатгасан. Өөрөө л явлаа гээд 2 хүүхдээ дагуулаад гарч явснаас би хөөгөөгүй, тэгээд цагдаад дуудлага өгч намайг эрүүлжлүүлсэн....2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ жаахан архи уучихсан байх үед эхнэр гаднаас 23 цагийн үед орж ирэхээр нь айлын эмэгтэй хүн байж архи, дарс ууж явлаа гэж маргалдаад би зүүн гуя руу нь өшиглөж, хацар хамар хавьд нь дайруулаад нэг удаа алгадсан... ” гэх мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай баримт, Эрүүлжүүлэх байрны үзлэгийн тэмдэглэл, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэвэр, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Шүүхийн архиваас хуулбарлаж авсан баримтууд, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Д.Оийн эсрэг тодорхой шалтгаангүйгээр согтуурсан үедээ сүрдүүлж зодох, гэрээсээ хөөх, хутгаар айлгах үйлдлүүдийг удаа дараа гаргасан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнга үйлдэгдсэн үйлдэл байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон гэж үзлээ.

 

Иймд шүүхээс Э.Б нь гэр бүлийн хүчирхийллийг зодож, харгис хэрцгийн харьцах үйлдлээр байнга үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй , гомдол саналгүй гэсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дурдаж шийдвэрлэлээ.                                   

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Э.Быг                                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга зодож , харгис хэрцгий харьцаж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлд 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг нь тэнссэн хугацаанд шүүхээс даалгасан хязгаарлалтыг зөрчвөл ял оногдуулах болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД