Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

  2021          02           08                                       2021/ШЦТ/100

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Уранбайгаль,  

 

хохирогч М.Ц-,

шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2003005080451 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....../ 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч В.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны арын замд өөрийн эзэмшлийн “Тоёота" маркийн “Кроун” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 22 настай, эмэгтэй М.Ц-ийг мөргөж, эрүул мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б- мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх гээд явж байхад Солонгос элчингийн урд уулзвар зам дээр гарц хаагаад том жийп машин зогссон байхаар нь хүн байхгүй байна гэж бодоод урагшаа явсан. Гэм буруугаа ойлгож байна. Эмчилгээний бодит зардлыг төлөхөд бэлэн байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2003005080451 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/,

 

2. Хохирогч М.Ц-ийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 50 минутын  орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны арын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явган хүний гарцаар гарах гээд зогсож байхад миний ард 2 хүүхэдтэй эмэгтэй зогсож байсан. Тухайн замын 1-р эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан дунд оврын жийп машин зам тавьж өгөхөөр нь би зүүн гар тийшээ хартал зам тавьж өгсөн машины цаагуур ямар ч машин байхгүй байхаар нь машин байхгүй байна гэж бодоод зам гараад нөгөө 2 хүүхэдтэй эгч миний архан талд алхаад явсан. Тэгээд замаа гараад алхаад явж байтал тухайн замын 2-р эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан нэг машин ирээд биеийн зүүн ташаа хэсэг рүү мөргөсөн. Би зам гарах үед ямар ч машин байхгүй байсан гэдгийг мэдээд байгаа болохоор яг юу болоод байгааг мэдэхгүй байсан. Газар унахдаа ямар ч байсан машинд мөргүүлчихлээ гэж мэдсэн, тэр хавьд байсан хүмүүс орилолдоод байсан. Газар унасаны дараа босох гэж оролдоод босч чадахгүй байхад намайг мөргөсөн машины жолооч болон хамт сууж байсан хүн бууж ирээд зүгээр рүү яаж байна гээд түргэн дуудаж өгсөн. Түргэний машин иртэл би газар хэвтэж байсан. Түргэн ирээд намайг аваад явсан. Зүүн умдагны ясны урд хэсгээр сэтэрсэн хугаралтай, аарцагны С1,2,3 үе хугаралтай, чөмөгний толгой хүзүүнд хугаралтай, ууцнаас зүүн талын шилбэ хүртэл зүүн өвдөгний дотор тал, баруун шагай, зүүн гарын тохой хэсгүүдэд зөөлөн эдийн гэмтэлтэй, толгойны дээд хэсгээр хавдартай байсан өөр гэмтэлгүй. Аарцаг ясны хугарал нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах журамд хүнд гэж заасан байсан. Миний дүгнэлт дээр хүндэвтэр гэж заасан байсныг тодруулах шаардлагатай байна. Намайг мөргөсөн машиныг ирж байхыг хараагүй. Анх зам руу орохоосоо өмнө харахад ямар ч машин байхгүй үед зам руу орсон. Би 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Төлбөрийг жолооч төлсөн, яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсныг нарийн сайн тооцоогүй, баримтаар гаргаж өгнө. Гомдолтой байна. Ослоос хойш нэг cap 3 хоног ажлаа хийж чадаагүй учир өнөөдрийг хүртэл ажилгүй үе болон цаашид ажлаа хийж эхлэх хүртэлх хугацааны цалин, эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал, намайг хэвтэрт байх үед асарч байсан аав ээж нарын цалин зэргийг нэхэмжилж байна. Тухайн үед баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

3. Гэрч А.Т-ы 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажил Б-ын ажилтай ойролцоо байдаг учраас осол болсон өглөө Б-ын машинд дайгдаад явсан юм. Тухайн үед би Б-ын машины баруун хойд талын суудал дээр, урд суудал дээр Б-ын хүү нь суугаад явж байсан. Бид гурав “Хурд” хорооллын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 2-р эгнээгээр явж байхад замын 1-р эгнээний машинууд Хурд хороолол руу эргэж орох гээд түгжрээд зогсож байсан. Явган хүний гарцыг хаагаад нэг том хар өнгийн жийп машин зогсож байсан. Би тэр машиныг хараад явж байхад гэнэт Б- ээ гэхээр нь яасан юм бол гэж бодоод урагшаа харсан чинь нэг эмэгтэй хүнийг мөргөж байгаа харагдсан. Б- эхэлж машинаас буугаад дараа нь би буухад мөргүүлсэн эмэгтэй машины урд дээшээ харчихсан толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай хэвтэж байхаар нь би өөрийн 99293338 гэсэн дугаараас түргэнд дуудлага өгөөд 10 минутын дараа дахиад түргэн рүү залгасан. Дараа нь 102 руу залгаж дуудлага өгсөн. Явган зорчигч хаанаас гарч ирээд машинд мөргүүлснийг тухайн үед хараагүй. Б-ыг ээ гэж хэлэхээр нь харсан, машинаас буухад мөргүүлсэн эмэгтэйг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам гарч байсан юм байна гэж мэдсэн. Гадаа гэгээтэй, цас бороо ороогүй, зам хуурай, хөдөлгөөний ачаалал сийрэг талдаа 1-р эгнээний машинууд “Хурд” хороолол руу эргэж орох гээд жоохон түгжрээд зогсож байсан. Ослын дараа явган зорчигч ухаан алдаагүй, цус гараагүй, ил харагдах шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,  

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12294 дугаартай хүний биед хийсэн дүгнэлтэд:

- М.Ц-ийн биед ууцны 1,2,3-р нугалмын хугарал, зүүн сүүжний тогооны урд баганын урд гадаргууд сэлтэрсэн хугарал, зүүн умдаг ясны их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн тохой, зүүн шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ... “Шинжээч эмч Ц.Нандинцэцэг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...М.Ц-ийн биед ууцны 1,2,3-р нугалмын хугарал, зүүн сүүжний тогооны урд баганын урд гадаргууд сэлтэрсэн хугарал, зүүн умдаг ясны их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн тохой, зүүн шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх  гэмтлүүдийн ууцны 1,2,3 дугаар нугалмын хугарал гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн сүүжний тогооны урд баганын урд гадаргууд сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтэл, зүүн умдаг ясны их биеийн сэлтэрсэн хугарал, гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн тохой, зүүн шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд болно. М.Ц-ийн биед учирсан зүүн сүүжний тогооны урд баганын урд гадаргууд сэлтэрсэн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь сүүжний тогоо хэсэг рүү буюу үелэх хэсэг рүү ороогүй, үелэх хэсгээс гадна байрласан үе үүсгэх хэсэгтэй харьцахгүй гадна байрласан гэмтэл учраас хүндэвтэр зэрэгт хамаарна. Иймд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д заасан гэмтэлд хамаарахгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

6. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4577 дугаартай автотехникийн хурд тодорхойлох шинжилгээнд:

- Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн материалд тэмдэглэгдсэн тоормосны мөрийн 13,8 метр уртаар “Toyota Crown” маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн хурд 49,39 км/цаг гарч байна. ...” гэсэн  дүгнэлт / автотехникийн шинжилгээний лабораторын эрхлэгч Г.Цэндсүрэн /хх-ийн 63-64/,

 

7. Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаартай магадлагаа:

- “...Т.Кроун маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Владимир овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

- Явган зорчигч М.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 77-78/,

 

8. Шүүгдэгч В.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогчийн эмчилгээний зардалд 2.600.000 төгрөг өгсөн. Баримтыг нь хэрэгт хавсаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,

 

9. Хохирогч М.Ц-ийн эмчилгээний болон бусад зардалтай холбоотой гарган өгсөн баримтууд, мөн “Спейшлайзд карьер консалтинг” ХХК-ийн тодорхойлолт, тушаал /хх-ийн 23-42, 97-99, 183-189/,

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 106-111/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч В.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны арын замд өөрийн эзэмшлийн “Тоёота" маркийн “Кроун” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 22 настай, эмэгтэй М.Ц-ийг мөргөж, эрүул мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүй ба, шүүгдэгч нь буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч В.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яамны арын замд өөрийн эзэмшлийн “Тоёота" маркийн “Кроун” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 50 минутын орчимд жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 22 настай, эмэгтэй М.Ц-ийг мөргөж, түүний эрүул мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/,

 

- Хохирогч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 50 минутын  орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны арын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явган хүний гарцаар ...алхаад явж байтал тухайн замын 2-р эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан нэг машин ирээд биеийн зүүн ташаа хэсэг рүү мөргөсөн. ...Зүүн умдагны ясны урд хэсгээр сэтэрсэн хугаралтай, аарцагны С1,2,3 үе хугаралтай, чөмөгний толгой хүзүүнд хугаралтай, ууцнаас зүүн талын шилбэ хүртэл зүүн өвдөгний дотор тал, баруун шагай, зүүн гарын тохой хэсгүүдэд зөөлөн эдийн гэмтэлтэй, толгойны дээд хэсгээр хавдартай байсан өөр гэмтэлгүй. ...Би 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Төлбөрийг жолооч төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

- Гэрч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Б- ээ гэхээр нь яасан юм бол гэж бодоод урагшаа харсан чинь нэг эмэгтэй хүнийг мөргөж байгаа харагдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43/, 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12294 дугаартай хүний биед хийсэн дүгнэлт /хх-ийн 48-49/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүжний тогоо хэсэг рүү буюу үелэх хэсэг рүү ороогүй, үелэх хэсгээс гадна байрласан үе үүсгэх хэсэгтэй харьцахгүй гадна байрласан гэмтэл учраас хүндэвтэр зэрэгт хамаарна. Иймд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д заасан гэмтэлд хамаарахгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4577 дугаартай автотехникийн хурд тодорхойлсон шинжилгээ. /хх-ийн 63-64/,

 

- Мөрдөгчийн “...Т.Кроун маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Владимир овогтой Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа /хх-ийн 77-78/,

 

 - Шүүгдэгч В.Б-ын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул  улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.Б-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч В.Б- нь хохирогчийн эм тариа, үзлэг оношилгоо, бусад зардалд 2,388,850 төгрөгийг зарцуулан нөхөн төлсөн байна.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогч М.Ц- нь эмчилгээний зардалд 3,573,160 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ажилгүй байсан цалин хөлс, бусад зардал буюу хүнсний зардал зэргийг нэхэмжилнэ гэх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг нэг сард 1.500.000 төгрөг авдаг гэж тайлбарлах боловч энэ талаар санхүүгийн анхан шатны холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, улмаар нэхэмжлэлийн задаргааг тайлбарлаж чадахгүй, миний эцэг эх бүрдүүлсэн гэж тайлбарлах бөгөөд нэхэмжлэлийн тооцоо, задаргаа нь тодорхойгүй байна.

 

Шүүх хохирогчийн хэрэгт ирүүлсэн эмчилгээний зардлын баримтыг судлан үзээд 3,573,160 төгрөгийн баримтаас 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1,550,000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт нь тамга, тэмдэг дардас байхгүй, материалын үнэт зүйлийн нэр тодорхойгүй, нотлох баримтын болон санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасаж, хэрэгсэхгүй болгон, үлдсэн бусад шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд 2,023,160 төгрөгийг шүүгдэгч В.Б-аас гаргуулж хохирогч М.Ц-т олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч М.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч В.Б- нар нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч В.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан үзсэн болно.

 

Мөн зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүхээс шүүгдэгч В.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн осол хэрэг нь болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардлыг зохих хэмжээгээр төлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн  цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч В.Б- нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.  

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч В.Б-ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Б- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-аас 2,023,160 /хоёр сая хорин гурван мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Ц-т олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Ц-ийн нэхэмжлэлээс 1,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон бусад хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч В.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН