Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

 

 

   2021         02          05                                       2021/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, 

улсын яллагч Н.Нарангэрэл, 

шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2110000420016 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...../,

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Г- нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр такси үйлчилгээний жолооч Т.Ц-ыг “гар утас авчихлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү өшиглөн хамар ясны хугарал, хамрын зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Хоёр: Эрүүгийн 2110000420016 дугаартай хэргээс хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын хуудсанд “...1945 дугаартай машин дотор согтуу хүн суучихаад нөхөр зодоод байна...” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа /хх-7/,

2. Хохирогч Т.Ц-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед эхнэрээ ажлаас нь аваад явж байтал Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сурын талбайн хажууд төв зам дээр нэг согтуу залуу гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар нь асуухад нисэх орно гэхээр нь суулгаад явсан. 3,4 дүгээр хороолол Баянгол дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр байрны гадаа очно гэж хэлэхээр нь эргээд уг газарт нь очоод 7000 төгрөг гарсан гэж хэлтэл “мөнгө байхгүй орж авна” гэж хэлээд уг байр руу орох гэтэл кодыг нь мэдэхгүй орж чадаагүй. Найзынхаа утас руу залгасан боловч эхнэр нь утсыг нь аваад салгасан. Тэгээд миний утаснаас өөр лүүгээ /88007475/ залгаад байсан. Утас нь дуудаад авахгүй эхнэр бид хоёр руу агсраад дайраад байхаар нь цагдаагийн газар руу “Нарны гүүр” даваад Хан-Уул дүүрэг рүү эргэдэг уулзвар дөхөж явахад нөгөө залуу бууя гэж хэлэхээр нь эгнээ байраа эзлээд зогсох гэж байтал машины хаалга онгойлгоод үсрээд буусан. Би замаас гараад зогсож байтал нөгөө залуу алхаж ирээд машины цонхоор миний нүүр рүү 2 удаа цохихоор нь эхнэр бид хоёр машинаас буугаад болиулах гээд барьж авахад миний хөл рүү өшиглөсөн. Эхнэр 102-т дуудлага өгөөд нөгөө залууг цагдаа нар аваад явсан. Миний биед учирсан гэмтлийг Г- гэх согтуу залуу учруулсан. Тэр явдлаас хэд хоногийн дараа Г- гэх залуу ирж уулзаад 50,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Уучлал гуйсан нь надад хангалттай. Би эмнэлэгт үзүүлээгүй, гаргаж өгөх ямар нэгэн баримт бичиг байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

 

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтэд:

- Т.Ц-ын биед хамар ясны хугарал, хамрын зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20/,

 

4. Шүүгдэгч Г.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Одоо болсон явдлын талаар юу болсон гэдгийг санахгүй байгаа, тухайн өдрийн маргааш эрүүлжүүлэх, саатуулах байрнаас гараад нөгөө таксины ах, эгч хоёртой очиж уулзаж тэр шөнө болсон явдлын талаар сонссон. Би одоо гэм буруугаа хүлээж байгаа, надад холбогдох эрүүгийн хэрэгтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хх-ийн 30-33/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 42/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

            Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

             Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримтыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр такси үйлчилгээний жолооч Т.Ц-ыг “гар утас авчихлаа” гэх шалтгаанаар  түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөн хамар ясны хугарал, хамрын зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагаа /хх-7/,

-Хохирогч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө залуу алхаж ирээд машины цонхоор миний нүүр рүү 2 удаа цохихоор нь эхнэр бид хоёр машинаас буугаад болиулах гээд барьж авахад миний хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/,

-Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г- нь хохирогч Т.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.Г-той эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН