Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч С.Оюунжаргал, 

Хохирогч Б.П, түүний өмгөөлөгч Х.Одхүү

Шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00461 0401  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Аврора” ХХК-нд барилгын туслах ажилтан гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Өовгийн Д-гийн Х, НО*******

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлэнгэ” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед зогсох боломжтой хурдыг сонгож яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч 43 настай Б.П-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 20 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сэлэнгэ” захын хойд талын замд “Тоёота Приус” маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж буюу үзэгдэлт хангалтгүй үед зогсох боломжтой хурдыг сонгож яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Б.П-ыг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:    

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн:“...суурингийн доторх, зам орчны байдал асфалтан, тахир тэгш, өгсүүр, нойтон, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, бүрхэг, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв” гэх тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/,

- жолоодох эрхийн лавлагаа /хх-66/,

- хохирогч Б.П-ын:...Тухайн үед би эсрэг талын дэлгүүр орох гээд зам хөндлөн гарч явтал доороос ирж явсан машин шууд ирээд мөргөсөн...би мөргүүлээд газарт унаад ухаан санаа орж гараад байсан, тэр машин өвдөг рүү ирж мөргөснийг би мэдэж байна. Зүүн өвдөгний холбоос тасарсан, ГССҮТ-д хагалгаанд орох гэж байгаа, мөн толгой эргэж дотор муухайраад байгаа. Эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна. Жолооч Х нь эмчилгээний зардалд 1.008.150 төгрөг төлсөн, одоо эмчилгээний зардалд 2.706.163 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-13-16/,

- шинжээчийн дүгнэлт : Б.П-ын биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн өвдөгний үений жийргэвч мөгөөрс, булчин, шөрмөс, холбооснуудын урагдал,  тасрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт, зүүн чихэнд шарх, зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-23-25/,

- гэрч Б.Б-ийн: “2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тухайн осол дээр мөрдөгч М.Сүхбаатар, шинжээч Хонгорзул нарын хамт очиж үзлэг хийсэн. Тухайн үед бороотой, асфальтан зам нойтон байсан тул ослын газарт “Тоёота Приус-20” маркийн ** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас зорчих хэсэг дээр бэхжүүлж авах тоормосны мөр үүсээгүй байсан. Хэргийн газрын үзлэгийн үед А цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 2.7 м, А цэгээс В цэг хүртэл 3.7 м хэмжээтэй байсан, бүдүүвч зурганд хэмжээсүүд нь тодорхой зөрүүгүй байна” гэх мэдүүлэг /хх-18/

- гэрч И.Х-ийн:...тухайн үед би засварын газрынхаа гадаа машинтайгаа ирж зогсоод машинаасаа буугаад харахад ертөнцийн зүгээр хойд талын гудамжинд Тоуота П-30 маркийн саарал өнгийн машин зогсож байсан. Тэгээд би гражийн үүдэнд юу хийж байгаа юм бол гэж бодож байтал тухайн машинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд шууд зам хөндлөн гарсан. Тэр үед тухайн эмэгтэйг “Тоёота Приус” маркийн цагаан өнгийн машин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд мөргөсөн, явган зорчигч баруун тал руугаа  зам дээр унасан” гэх мэдүүлэг /хх-19/,

- тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 171 дугаартай магадлагаа : 

а/. Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар : Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “... асфальт, тэгш, тахир, өгсүүр, нойтон, явган хүний замтай, эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ бүхий, тусгаарлах зурвасгүй, хашлагатай, хайсгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, суурингийн доторхи ...”

б/. - гэрч Д.Х-ын мэдүүлэг:...би Тоуота приус-20 маркийн **** УНП улсын дугаартай Цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын эцсийн буудлын тэнд буюу урдаасаа хойшоо чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ганцаараа явж байтал замын баруун гар талаас нэг бүдүүн эгч гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд тормосоо гишгээд зогсож амжаагүй тэр эгчийг машиныхаа зүүн урд хэсгээрээ шүргээд газарт унагаасан...тэр үед бороо орж байсан. тэр эгч яг урдуур гүйж орж байх нь надад харагдсан, хараад шууд тоормосоо гишгэсэн... гэх мэдүүлэг,  

            в/ Хохирогч Б.П-ын мэдүүлэг:...тухайн үед би машинаасаа буугаад эсрэг талын дэлгүүр орох гээд зам хөндлөн гарч явтал доороос ирж явсан шууд ирээд мөргөсөн. Би жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж бодож байна. Тэр машин өвдөг рүү ирж мөргөснийг мэдэж байна... гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн дараах магадлагааг гаргаж байна.

1. Тоуота П-20 маркийн **** УНП улсын дугаартай автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.П нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх магадлагаа /хх-39/,

- шүүгдэгч Д.Х-ын:...2020.08.12-ны өдөр ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоуота П-20 маркийн ***** УНП улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй СХД-н нутаг Толгойтын эцсийн буудлын тэнд буюу урдаасаа хойшоогоо чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ганцаараа явж байтал замын баруун гар талаас нэг бүдүүн эгч гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь шууд тоормосоо гишгээд зогсож амжаагүй тэр эгчийг машины зүүн урд хэсгээрээ мөргөөд газарт унагаасан гэх мэдүүлэг /хх 21, 62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотойг нотолж буй зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг үйл баримтыг үгүйсгэх үндэслэл, баримтгүй тогтоогдоогүй байх ба гэрч Б.Б...”тухайн үед бороотой, асфальтан зам нойтон байсан тул ослын газарт “Тоёота Приус-20” маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнаас зорчих хэсэг дээр бэхжүүлж авах тоормосны мөр үүсээгүй байсан” гэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн тус гэмт хэргийг үгүйсгэх, мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгүүлэх үндэслэл болохгүй байна.

Мөн хохирогч нь тухайн үед явган зорчигчийн үүргийг зөрчсөн байх боловч энэ нь  замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөн жолооч буюу шүүгдэгчийн үүргийн ноцтой зөрчлийг зөвтгөх, түүнд холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл болохгүй болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй дээр дурдсан нотлох баримтын эх сурвалжуудтай байх ба энэ нь гэмт хэрэг болсон тухайн зам, орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолоочийн үүргийн зөрчил нь явган зорчигчийн үүргийн зөрчилтэй харьцуулашгүй ноцтой болохыг нэгэн зэрэг илэрхийлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Х-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, харин тус хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзнэ.  

 Тус хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах төлбөрийн баримт, хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байх /хх-13-16, 82-89, 92-103/ ба шүүгдэгч хохиролд 1.008.150 төрөг төлсөн, хохирлын үлдэгдэл 2.706.163 төгрөгийг нэхэмжлэх талаар хохирогч мэдүүлсэн /хх-13-16/, мөн нэмж 277.000 төгрөг нэхэмжилнэ хэмээн хохирогч, түүний  өмгөөлөгч нар холбогдох төлбөрийн баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж шинжлүүлсэн ба цаашид дахин мэс засалд орохоор байгаа тухай мэдүүлсэн болно.

Хохирогч нь хохирлын холбогдох баримтын хүрээнд өөрөө хүсэл зоригоо бодитой илэрхийлэн нэхэмжилсэн дүн 2.706.163 төгрөг+277.000 төгрөг нийт 2.983.163 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох баримтын хүрээнд хэдэн төгрөг, хэрхэн нэхэмжлэх нь хохирогчийн эрх ба энэ хүрээнд түүний өмгөөлөгчөөс хохирлын талаар санал хэлсэн, харин хохирлын нийт баримтыг бүхэлд нь нарийвчлан шинжлэн  судлаагүй, хохиролд хамааралтай эсэхийг ялган зааглаагүй байх тул хохирлын гэх нийт баримтаар зарим хохирлыг нэмж тооцох боломжгүй гэж үзнэ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т зааснаар гэм хорын хэмжээг багасгах талаар санал гаргасан ба тус хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, цаашид дахин давтан мэс засалд орох тухай хохирогчийн мэдүүлэг зэргийг харгалзан, түүнчлэн тухайн зохицуулалт шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш байх тул шүүх тус зохицуулалтыг энэ удаад хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:       

Шүүгдэгч урьд ял шийтгэлгүй, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь 25  настай, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, зээлээр авсан гэх “Тоёота приус” маркийн *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, өөр бусад хөрөнгө, орлогын баримтгүй, ял шийтгэлгүй, дээд сургуульд суралцаж буй гэх зэрэг түүний ар гэрийн амьдрал, хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан /хх-63- 79/ байна.

Шүүгдэгч нь “Аврора” ХХК-нд барилгын туслах ажилтан гэх боловч энэ талаарх ямар нэгэн баримт тус хэрэгт огт цуглараагүй, түүнд энэ талаарх баримтаа өгөхийг шүүхийн өмнөх шатанд хэлсэн талаар прокурор тайлбарласан болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болго                                                                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б.Х-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-ыг 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас нийт 2.983.163 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.П-д олгосугай.

 

5. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР