Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 38

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Нямсүрэнд холбогдох “305.100  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Иргэн Сэнгэдорж овогтой Нямсүрэн нь 2014 оны 11-р сарын 06-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703056 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.1 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч С.Нямсүрэн нь үндсэн зээл 291.400 төгрөг, хүү 4000 торгуулийн хүү 500, нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 305100 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 109 тоотод оршин суух хаягтай Саарал овогтой  Сэнгэдоржийн Нямсүрэн /МЮ86031608/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Иргэн С.Нямсүрэн миний бие “Вишнфанд” ББСБ-аас авсан  305.100 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлнө гэдгийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч С.Нямсүрэнд холбогдох “305.100 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Нямсүрэн  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9804 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4902 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4902 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Нямсүрэнд холбогдох “305.100 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9804 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4902  төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4902 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН