Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар  2020/ШЦТ/03

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,    

улсын яллагч Б.Ундрах,    

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-т холбогдох 2008 0202 51244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт  

Монгол улсын иргэн, 1956 оны 02 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 64 настай, эрэгтэй бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Бага нарангийн *** тоотод түр оршин суудаг, Чингэлтэй дүүргийн ***р хороо Булгийн **-р гудамж ** тоотод оршин  суух бүртгэлтэй боловч тус хаяг дээрээ амьдардаггүй, 1978 оны 06 сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 6/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорьж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан оногдуулсан нэг жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр нэг жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр, 2007 оны 07 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаа 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 06 сарын 02-ны өдөр Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 96 дугаартай захирамжаар 2 жил 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, У овогт Г-ын Т, РД: /нс*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дөлгөөн нуурын нийтийн байрны **** тоотод хамт амьдарч байсан иргэн Л.О-ийн эзэмшлийн SKYWORTH загварын 42 инчийн зурагтыг хулгайлан, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Г.Т 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дөлгөөн нуурын нийтийн байрны *** тоотод хамт амьдарч байсан иргэн Л.О-ийн эзэмшлийн SKYWORTH загварын 42 инчийн зурагтыг хулгайлан, 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

- хохирогч Л.О-ийн...Би Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Дөлгөөн нуур” нийтийн байрны 2 давхарт байх түрээсийн байранд амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найз Гэрлээгийнд очиж хонохоор явсан ба түрээсийн байраа түгжээд явсан. Тэгээд 7 хоногийн дараа гэртээ иртэл миний түрээслэн сууж байгаа нийтийн байранд байсан SKYWORTH загварын 42 инчийн ЛСД зурагт болон зурагтын антен нь алга болсон байсан. Миний өрөөний түлхүүр 2 сарын өмнөөс хамтран амьдарч байгаа Т гэх хүнд байгаа. Т-тай холбогдоход “би чамайг найзынхаа гэр лүү явсны маргааш өдөр нь буюу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр архины мөнгө байхгүй, зарчихсан” гэж хэлсэн. Бид хоёр танилцаад 2 cap гаран болж байгаа. Миний эзэмшлийн зурагтыг миний зөвшөөрөлгүй хулгай хийгээд бусдад зарсан байна. Т тухайн зурагтыг захиран зарцуулах эрхгүй...” гэх мэдүүлэг /хх-6, 48/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Skyworth 42 инчийн зурагт, анкет  450.000 төгрөг...”/хх-10-11/,

- шүүгдэгч Г.Т-ын “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мөрдөн байцаалт / хх-61/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Г.Т-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 450.000 төгрөг нэхэмжилсэн /хх-10-11/, шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 150,000 төгрөгийг 2021 оны 1 сард төлөхөөр хохирогчтой тохиролцсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, баримт гаргасан болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :    

Шүүгдэгч урьд нь 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн /х-64,67-68, 70-72, 80-82/ байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан гэж үзэхээр байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.      

Шүүгдэгч нь ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, өндөр настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдан /х-27-29, 31, 33, 35, 37/ байна.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн нас, хувийн бусад  байдал, хохирлын үлдэгдэл 150.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Г.Т-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 150.000 төгрөг гаргуулж хохирогч Л.О-т олгосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

  

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР