Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 61

 

2016.06.06 Дугаар-61                                                      

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  156/2016/0068/Э                    
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга: З.Долгормаа
Улсын яллагч: Д.Нямдэлэг 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гангантөгс
       Шүүгдэгч: О.Болдбаатар нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Очирхуягийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 201623000133 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булганы 04-05 тоотод оршин суух хаягтай, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/22б дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Номч овогт Очирхуягийн Болдбаатар /РД: СР70041710/ 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булгийн 4-5 тоотод оршин суух иргэн Э.Хашчулуун нь согтуугаар иргэн О.Болдбаатарыг цамцаар нь боож шанаа, толгойн тус газар нь цохиж хэрүүл маргаан үүсгэж хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж ноцолдох явцад О.Болдбаатар нь заазуураар Э.Хашчулууны толгойн зүүн хэсэг, зүүн мөр, зүүн гарын бугалга орчим зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Булгийн 4-5 тоотод оршин суух иргэн Э.Хашчулуун нь согтуугаар иргэн О.Болдбаатарыг цамцаар нь боож шанаа, толгойн тус газар нь цохиж хэрүүл маргаан үүсгэж, маргалдаж ноцолдох явцад О.Болдбаатар нь заазуураар Э.Хашчулууны толгойн зүүн хэсэг, зүүн мөр, зүүн гарын бугалга орчим зүсэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Хашчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Өмнөдэлгэр сумын төвд амьдардаг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад миний хуурай ах Болдбаатар утсаар дуудаад мотоцикль янзлаад өгчих гэж гуйсан. Би зөвшөөрөөд гэрт нь очиж мотоциклийг нь янзалж өгч байхад Болдбаатар ах нэг шил архи гаргаад түүнийг нь хувааж ууж байхад Соёлхүү, Магнай нар орж ирээд хамт хувааж уусан. Тэгэхэд Болдбаатар ахын эхнэр Тунгаа эгч загнаад нөгөө хоёр яваад өгсөн. ... Бид хоёр мотоциклоо янзлаад гагнууд дээр очиж яндан, өвдөгний хамгаалалт гагнаад тэндээ дахин нэг шил архи хоёулаа уусан. Тэндээс манайд очих дахин нэг шил архи уусан. ... Тэндээс Болдбаатар ах надаар хүргүүлэхээр гэрлүүгээ явсан. Гэрт нь ороод бид хоёр юм ярилцаж байхдаа би архины халуунд согтуурхаж би Болдбаатар ахад агсам тавьж таны атаман үе өнгөрсөн гээд түүний гуян дээр хэд хэдн удаа зөөлхөн цохисон. ... Тэгэхэд Тунгаа эгч намайг явж амар гээд гэрээс гаргахаар нь би эргэж орж ирээд Болдбаатар ахыг 2 удаа цохиж аваад түлхэж унагаад цамцаа тайлаад үзэх үү гээд агсам тавихад Болдбаатар ах уурлаад надтай зууралдсан. Тэгээд бид хоёр хоёулаа коридорт гарч ойчиж бөмбөрсөн, босоод ирэхэд зүүн гар дагуу зүсэгдээд мөн толгой, чих зүсэгдээд цус гарсан. Би тэндээс шууд гараад дээгүүрээ шалдан цусаа гоожуулаад цагдаа дээр ирж Балдангомбо төлөөлөгчид хэлсэн. ... толгойны оройгоос зүүн талын чих руу нэг юмаар зүсэх шиг болсон. Сүүлд нь Тунгаа эгч манай үүдэнд байдаг мах эвддэг, тос хагалдаг хуучин заазуур хэвтэж байдаг юм тэрийг л Болдоо авсан байна даа гэж ярьж байсан. ... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа надад ямар нэгэн хүсэлт байхгүй, Болдбаатар ахтай сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13хуу/
Гэрч Т.Тунгалагсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нөхөр Болдбаатар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мотоцикль янзалж өгөөч гэж тус сумын иргэн Хашчулуун гэх залууг гэртээ дуудсан. ... Болдбаатар, Хашчулуун хоёр оройн 23 цагийн үед гэрт орж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтсон байдалтай орж ирсэн. ... Болдбаатар Хашчулуунтай муудалцаж эхэлсэн. Удалгүй хэрэлдэж маргаж байгаад зодолдоод эхэлсэн. Тэгэхлээр нь би Хашчулуун чи одоо яв гэж хэлтэл гэрээс гарч манай нөхрийн хамт үүдний өрөөнд орсон. ... Харанхуйд хэн нь хэнийгээ цохьсон талаар мэдэхгүй. ... манай гэрээс хутга авч гараагүй... үүдний өрөөнд айхтар хэрэглээд байдаггүй цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн төмөр цагаан өнгийн бариултай заазуур байсан. ... Тэрийг манай нөхөр Болдбаатар авч Хашчулууны биед гэмтэл учруулсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16хуу/
Гэрч Д.Чимгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр гэртээ байж байхад Болдбаатар ах утсаар нөхрийг дуудаж мотоцикль янзлаад өг гэж гуйсан. ... орой гэрт ирэхдээ архи уучихсан Болдбаатар ахтай хамт ирээд гэрт 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад тэгээд Болдбаатар ах намайг гэр лүү хүргэж өгөөч гээд нөхрөөр хүргүүлж явсан. Тэгсэн удаагүй утсаар эмнэлэг дээрээс дуудахаар нь очиход Болдбаатар ахтайгаа маргалдаж түүнд хутгалуулсан гээд байж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18хуу/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай: 
“Э.Хашчулууны биед духны зүүн дээд хэсэг, зүүн гарын бугалга, зүүн чихний дэлбээ хэсэг болон мөр хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26хуу/
Шүүгдэгч О.Болдбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би тус сумын төвд байх Хашчулуун гэдэг хүнийг дуудаж ахдаа мотоцикль янзалж байхад 16 цагийн үед Баярмагнай, Соёлхүү нар 0.75 гр архи авчирсныг бид нар хувааж ууж байхад манай эхнэр Тунгалагсайхан орж ирээд Соёлхүү, Магнай нарыг гэрээс хөөж явуулсан. ... мотоциклийн ачаа, хамгаалалт гагнуулах гээд дугуй засвар дээр очсон. Тэнд 0.75 гар цагаан архи Хашчулууныг явуулж дэлгүүрээс авчруулаад Хашчулуун, Мөнхбаатар бид гурав хувааж уусан. ...би гэртээ Хашчулуун гэх хүнээр хүргүүлсэн. ... сумын төв тог байхгүй байсан галын гэрэлд юм яриад сууж байтал Хашчулуун Баярмагнай, Соёлхүү нар болон Нямдаваа гэх хүнийг яриад энэ муусайн нар юу юм бэ намайг өдөөд байна гэж байсан. Тэгээд миний зүүүн талын өвдөг болон гарын бугалганд цохиод байснаа чиний атаман үе өнгөрсөн миний үе эхэлж байна. ... намайг босож ирээд шууд цамцаар боож газар унагаасан. Манай эхнэр Тунгалагсайхан Хашчулууныг хөөж гаргаж явуулсан. Тэгээд эхнэр орж ирээд удаагүй байхад Хашчулуун орж ирээд миний эрүү болон хөмсөгөнд хоёр удаа цохисон. ... би айлгах санаатай тэр заазуурыг хаалганы хажууд газраас авсан, тэгээд үүдний амбаарт харанхуйд ноцолдож байгаад яг хаана нь зүссэнээ мэдээгүй. ... орондоо орох гэж байхад төлөөлөгч Балдангомбо ирээд өрөөндөө авчирхад Хашчулууныг заазуураар зүссэнээ мэдсэн. ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч О.Болдбаатарын хохирогч Э.Хашчулууныг түүний зүй бус үйлдлийн улмаас болж заазуураар толгойн зүүн хэсэг, зүүн мөр, зүүн гарын бугалга орчим зүсэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас Э.Хашчулууны биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байдлыг нь харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Номч овогт Очирхуягын Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Болдбаатарыг 01 сар 05 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Болдбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ