| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 149/2017/0039/Э |
| Дугаар | 2018/ДШМ/55 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ДШМ/55
Б.Энхбатад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлын 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбажаргалын Энхбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг Баянзүрх дүүргийн хяналтын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлттэй 201718020012, 1806001810481 дугаартай 2 хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 15 нас, 11 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эмээ, ээж, ах, 2 дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 29 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2017 оны 03 сарын 16-ны өдрийн №30 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбажаргалын Энхбат. / Регистрийн дугаар: М301241719/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Энхбат нь давтан бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 03 сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Бямбажаргалын Энхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Б.Энхбатыг 02 жлийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Н.Гэрэлмаа 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Энхбатад ашиггүй нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэхэд ойлгомжгүй байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасны дагуу шийдвэрлэсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх” үндэслэлээр 1166 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг прокурорт буцаажээ. Эрүүгийн 201718020012 дугаартай хэргийг хянавал насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бишрэлт хүнсний дэлгүүрт нэвтэрч 1791300 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн 201718020012 хэрэгт “2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бишрэлт хүнсний дэлгүүрт нэвтэрч 536000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн 201718020030 дугаартай хэргийг нэгтгэн шалгаж, прокуророос 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүнгэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж
шийдвэрлэсэн байна.
Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн” этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулахаар заасан байхад, шүүх хууль буруу хэрэглэж, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: …Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө үйлдсэн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэг дээр сүүлд үйлдсэн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоон мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар ялыг хойшлуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял хойшлуулахаар заасан байна. Харин шүүгдэгч нь хоёр дахь удаагаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийг баримталсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж прокурорын дүгнэлт бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бишрэлт нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмөр болон цонхыг тусгайлан бэлтгэсэн төмөр алхаар эвдэж нэвтрэн орж 536.000 төгрөгний эд зүйл, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн мөн дэлгүүрт нэвтрэн орж 1.255.300 төгрөгний хүнсний эд зүйл хулгайлж, нийт 1.731.300 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Бямбажаргалын Энхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Б.Энхбатыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 02 жлийн хорих ял дээр урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Н.Гэрэлмаа 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийн дагуу Б.Энхбатад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар прокурорын дүгнэлтэнд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэл шүүгдэгч Б.Энхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хэрэгт тогтоогдохгүй байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Прокурорын дүгнэлтэнд дурьдсан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч Б.Энхбатад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг дахин хойшлуулсан асуудал шүүгдэгч Б.Энхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Энхбатын урьд бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 08 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэний дараа илэрч, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 57 дугаар зүйлийн 57.3-д заасан “ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно.” гэсэн үндэслэлээр түүнд ял оногдуулсан ба үүнийг шүүгдэгчид хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулсан гэж үзэх бөгөөд шүүгдэгчийг эрх зүйн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Б.Энхбатад ялыг дээр дурьдсан журмаар оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж заасны дагуу ял оногдуулсан байх ба хэдийгээр хүнд гэмт хэрэгт шийтгэсэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 10 хоногийн ялаас 1 жилийн ялыг хөнгөн гэмт хэрэгт шийтгэсэн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ял дээр нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жилээр тогтоосон нь хууль хэрэглээний хувьд зохимжгүй боловч нэмж нэгтгэн тогтоосон ял нь хүнд ялын дээд хэмжээний дотор байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1, 2, 3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Н.Гэрэлмаагийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ