Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0787/з |
Дугаар | 360 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 360
Н.Оюунчимэг нарын 13 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Н.Оюунчимэг, Б.Нарангарав, Г.Мянганбаяр, О.Мэндсайхан, Д.Баттулга, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Оюунчимэг нарын 13 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 34 дүгээр 34.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.3, 158.1.4ё-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 тоот тогтоолыг хүчингүй болгож, Намжилзавын Оюунчимэг, Баярын Нарангаваа, Данжингийн Оюунтуяа, Гэндэнгийн Мянганбаяр, Отгоны Мэндсайхан, Даваанямын Баттулга, Самандын Тэргэл, Энхболдын Одонтунгалаг, Баатаржавын Батбаяр, Лхамаагийн Амаржаргал, Дамжингийн Отгонбаяр, Баянмөнхийн Батболд, Амарсайханы Огоунболд нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, саналын хуудаст нэр бичихийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нэрээ дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 31-ээс хойш явуулсан гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт дээрх огноог үндэслэж "хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй" гэж байгаа нь буруу юм. Уг огноо нь нэр дэвшүүлсэн хугацааг нотлохгүй харин гарын үсэг зурагдсан хугацааг илэрхийлж байгаа юм. Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасны дагуу “нэр дэвшигчийг бүртгэхдээ нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах” үүргээ биелүүлээгүй буруутай байх бөгөөд бичиг баримтаа гүйцэд өгөх үүрэг нэр дэвшигчид байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь мөн буруу юм. Нөгөөтэйгүүр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан өдөр нэг ч хүний материал дутуу байгаагүй байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг буруу хэрэглэсэн байна.
3. Сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргавал алийг нь хууль зөрчсөн хэмээн үзэх вэ гэдгийг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т “бие даан нэр дэвшигч нь дор дурдсан зөрчлийг гаргасан бол” хэмээн тодорхойлж, 7 төрлийн зөрчлийг тоочсон байна. Уг зөрчил дунд хугацаатай холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй байна.
Түүнчлэн 158.1.4-т заасан гарын үсэг зуруулахтай холбоотой зөрчил нь 158.1.1-т заасан “нэр дэвшүүлэх ажиллагаа”-тай ямар ч хамааралгүй тул хуулийн зүйл заалтыг хэрэглэх дараалал, зарчмыг шүүх зөрчиж байна. Өөрөөр хэлбэл 158.1.4 дэх заалт нь 158.1 дэх заалтад хамаарах болохоос 158.1.1 дэх заалтад хамаарахгүй юм. Хэрэв 158.1.4-т заасныг 158.1.1-т заасантай хамаатуулж болно гэж дүгнэвэл яагаад 158.1.2-т болон 158.1.3-т хамаарахгүй эсхүл хэрхэн хамаарч байгааг тайлбарлах шаардлага гарч ирэх ч тийнхүү тайлбарлах болон хэрэглэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг нарын нэр бүхий 13 иргэнээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь тус бүр 201-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу цуглуулах ажиллагааг явуулсан байх бөгөөд дэмжигч-сонгогчийн бүртгэлийн “огноо” гэх баганад 2016 оны 9 дүгээр сарын 1, 9 дүгээр сарын 2-н гэж бичсэн байна.
Эндээс хариуцагчаас “нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 31-нд дуусах байтал түүнээс хойш нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан” гэж нэхэмжлэгч нарыг буруутгаж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгахаар байна.
Нэр дэвшүүлэх ажиллагаа гэдэгт сонгогч-дэмжигчийн гарын үсгийг цуглуулах үйл ажиллагаа багтах тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нарын сонгогч-дэмжигчийн гарын үсгийг цуглуулах ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 31-ний дотор дуусгах учиртай.
Сонгуулийн үйл ажиллагаа нь улс орон нутгийг хамарсан, тодорхой үе шат дараалалтай, тодорхой цаг хугацаатай тул хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байна.
Нэхэмжлэгч нараас “хуульд заасан хугацаанд нэрээ дэвшүүлж, холбогдох баримтыг өөрийг биеэр өгсөн” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зааснаар бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан биечлэн ирүүлэхээр заажээ.
Эндээс нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах өдөр нь 2016 оны 8 дугаар сарын 31, баримт бичгийг сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх өдөр нь 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр дуусах ба нэхэмжлэгч нарын хувьд хуульд заасан хугацаанд бүртгүүлэхээр захиргааны байгууллагад хандсан боловч нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд дуусгаагүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “гарын үсэг цуглуулахдаа мөн хуулийн 158.1.4 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй, хуулийн заалтыг хэрэглэх дараалал, зарчмыг зөрчсөн” гэх гомдлын тухайд:
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсэгт сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргасан бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахыг зохицуулсан ба энэхүү маргаанд захиргааны байгууллагаас гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргасан гэж үзээгүй, зөвхөн “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тул шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 649 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ