Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 109

 

Ж.Мягмаржав Б.Отгонбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Г.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадар

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар магадлалтай 201626022080 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Баярхүүгийн Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Булганууд овогт Жумдааны Мягмаржав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ж.Мягмаржавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдсан этгээд Б.Отгонбаярыг давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Л.Галбадар нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...шүүх хохирогч Ж.Мягмаржавын биед шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10553 тоот шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзээд дахин шинжээч томилж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1562 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. 10553 дугаартай шинжээчийн дүгнэлт, 1562 дугаар шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа юм. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 10553 дугаар дүгнэлтээр Ж.Мягмаржавын бүсэлхийн 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүсэлхийн 5-р ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний урагдал бүхий гэмтэл тогтоогдсон болохыг энэхүү дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд шинжээчийг байцаасан мэдүүлгүүд /хх-ийн 32-34/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон “Улаанбаатар Сонгдо”, “Гранд-Мед” эмнэлгүүдэд шинжилгээ хийлгүүлсэн, БНСУлсад эмчилгээ хийлгүүлснээр нотлогддог. Гэтэл 1562 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.Мягмаржавын биед бүсэлхийн 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 5-р ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч урагдал гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт нь бусад баримтуудтай зөрчилдсөн эргэлзээ бүхий дүгнэлт болсон. Дээрх дүгнэлтүүдийн хооронд үүссэн зөрүүг арилгах, эргэлзээг гаргуулахаар дахин шинжээч томилох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн авсангүй. Мөн Ж.Мягмаржавын биед үзлэг хийлгүй, ашгийн төлөө үйлчилгээ явуулдаг “Улаанбаатар Сонгдо” болон “Гранд-Мед” эмнэлэгт үзүүлсэн талаарх тодорхойлолт албан бичиг, өвтний түүх зэрэгт үндэслэн 10553 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэсэн нь хэт нэг талыг барьсан, хохирогч Ж.Мягмаржавын хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр болжээ. Түүнчлэн магадлалын үндэслэл болсон 1562 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч Т.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт “их эмч С.Чулуунсүхийн дүгнэлтээр “хугарал тогтоогдоогүй” гэж үзэж байгаа” талаар мэдүүлсэн нь уг шинжээчийн дүгнэлт их эмч С.Чулуунсүхийн дүгнэлтийг үндэслэн гаргасан мэт болжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ж.Мягмаржав нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин шүүгдэгч Б.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож чадаагүй учраас шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Б.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ж.Мягмаржавын өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан гомдлыг үндэслэн 201626022080 тоот эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Б.Отгонбаяр нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн чанар, төлбөртэй холбоотой асуудлаар Ж.Мягмаржавтай маргалдаж, улмаар харилцан зодолдсон гэх үйл явцад түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд тэрээр Ж.Мягмаржавын эсрэг, түүнд гэмтэл учруулах хэмжээнд хүч хэрэглэн зодолдсон эсэх, мөн Ж.Мягмаржавын биед учирсан гэх гэмтэл нь гадны хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл мөн эсэх, хэрэв гэмтлийн гаралтай гэж үзвэл Б.Отгонбаярын үйлдлийн улмаас тухайн маргаан болсон орон зай, байрлалд үүссэн болох нь нотлогдоогүй, мөн түүнийг гэм буруутай, санаатай үйлдэл хийсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөр байгаа тул Б.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин шүүгдэгч Ж.Мягмаржав нь дээрх гэрээний гүйцэтгэл, төлбөрийн асуудлаас үүдэлтэй хувийн таарамжгүй харилцааны явцад Б.Отгонбаяртай  маргалдан, улмаар харилцан зодолдсон гэх үйл явцад Б.Отгонбаярын эсрэг хүч хэрэглэн, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг үндэслэлгүйгээр хассан, хязгаарласан, түүнчлэн өөр бусад хэлбэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байж болох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан Ж.Мягмаржавын үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Ж.Мягмаржавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Галбадарын “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өнгө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Л.Галбадарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                             ШҮҮГЧ                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН