Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй А.Нямдоржид холбогдох “381.042  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... А.Нямдорж нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 05-р сарын 07-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90080220 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл А.Нямдорж нь гэрээний үүргээ үл биелүүлж 90080220 дугаарын 2015 оны 06 сарын байдлаарх төлбөр 427042 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. А.Нямдоржид төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд А.Нямдоржоос төлбөрийн үлдэгдэл болох 427.042 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 377042 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 381042 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 111 тоотод оршин суух Тайж овогтой Алтан-Очирын Нямдорж /ИЦ84022019/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Нямдорж миний бие “Скайтел”ХХК-ний нэхэмжилсэн 381.042 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлнө гэдгийг ойлголоо   гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч А.Нямдоржид холбогдох “381.042 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч А.Нямдорж  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12081 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6040 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6040 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ны нэхэмжлэлтэй А.Нямдоржид холбогдох “381.042 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12081 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6040 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6040  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН