| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02385/И |
| Дугаар | 2011 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2011
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/02011 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Энхтайван өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн /2635534/ нэхэмэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 22-27 тоотод оршин суух, Сугарын Саруултөгсөд /ХЕ86081214/ холбогдох,
Зээлийн төлбөрт 1,485,979.94 төгрөг гаргуулах, хариуцагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр тусгуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Саруултөгс нь тус банктай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2015/000383/0076 тоот “Цалингийн зээл” ба “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2015/000383/0312-1 тоот “Цалингийн зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан билээ.
Зээлдэгч нь “Цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу баталгаа болгож Худалдаа хөгжлийн банкны 499227028 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан юм.
Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 3,500,000 төгрөгөөс 2,110,987.31 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 852,328.18 төгрөгөөс 761,361.43 төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч С.Саруултөгс нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 1,389,012.69 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 76,101.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 14,866.14 төгрөг, нийт 1,485,979.94 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч С.Саруултөгс шүүхэд гаргасан тайлбартаа: С.Саруултөгс би 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,485,979.94 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч С.Саруултөгсөд холбогдуулан зээлийн төлбөрт 1,485,979.94 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр тусгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрцогт нь хариуцагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Саруултөгс нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,485,979.94 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Саруултөгсөд холбогдох зээлийн төлбөрт 1,485,979.94 төгрөг гаргуулах, хариуцагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр тусгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,485,979.94 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,926 төгрөгийн тал хувь болох 54,463 төгрөгийг улсын орлогоос, 54,463 төгрөгийг хариуцагч С.Саруултөгсөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ